Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулаx тухай хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэлт өгчээ.
Засгийн газраас наймдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан юм.
Зөвлөл дүгнэлт гаргахдаа өргөн мэдүүлсэн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд тусгагдсан “Төсвийн тусгай шаардлага”-д нийцсэн эсэх, 12.1, 12.3 дугаар зүйлд тусгагдсан “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд дараах үзүүлэлтийг тусгана” болон “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн агуулга”-тай нийцсэн эсэх, Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгагдсан төсөв боловсруулах үзэл баримтлалд нийцтэй эсэхэд анхаарсан болно.
1. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн тухай хуульд нийцсэн эсэх талаар 1.1. Өөрчлөлт оруулах үндэслэл. Улсын Их Хурал 2024 оны 6 сарын 05-ны өдөр “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай” хуулийг хэлэлцэн баталсан. Харин 2024 оны 8 сарын 30-ны өдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж төсвийн зарим тусгай шаардлагыг өөрчилсөн нь тус хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болжээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.1.2-т “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлахад төсвийн тусгай шаардлагуудыг баримтална” гэсний дагуу өргөн мэдүүлсэн төсөл нь тусгай шаардлагуудыг хангасан талаар дурдагджээ.
1.2. Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг тооцохдоо Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11.1.3.а-д заасны дагуу “… Олон улсын валютын сангаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан харгалзах 20, 19, 18 жилийн дундаж үнэ, эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас тухайн жилийн гуравдугаар сард анх зарласан өдрийн тухайн төсвийн жилийн болон түүний дараах гурван жилийн дундаж үнийн төсөөллийг дундажлан тус тус тооцох” мөн хуулийн 11.1.3.б-д заасны дагуу “… гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийн тооцоонд алтны тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан харгалзах жилүүдийн дундаж үнийг тусгахдаа эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас гаргасан статистикт тусгасан үнийн дунджаар тооцох” бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой.
Өргөн мэдүүлсэн төсөлд 2025 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 7,491.7 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 129 ам.доллар байхаар төсөөлжээ. Харин алт, төмрийн хүдэр зэрэг бусад гол нэрийн бүтээгдэхүүний үнийн төсөөллийн талаар болон 2026, 2027 онуудын тэнцвэржүүлсэн үнийн төсөөллийн талаар дурдаагүй байна.
1.3. Нэгдсэн төсвийн суурь тэнцэл ашигтай байх. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т “Нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухай жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх” гэж заасан. Өргөн мэдүүлсэн төсөлд нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь 2025-2027 онуудад ДНБ-ний 2.0 хувьтай тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангасан гэж үзжээ. Хэрэв ДНБ-ний өсөлт 2025 онд 8 хувьд хүрэхгүйн улмаас тэнцвэржүүлсэн орлого буурах болон гадаад зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэх тохиолдолд нэгдсэн төсвийн суурь тэнцэл эерэг гарах нөхцөл бүрдэхгүй байж болзошгүй юм.
Тухайлбал Төсвийн Тогтвортой байдлын Зөвлөлөөс 2024 оны 3 сарын 15-ны өдөр гаргасан макро эдийн засгийн төсөөлөлд эдийн засгийн өсөлтийг 2024 онд 5.4-7.1 хувь, 2025 онд 5.9-6.7 хувь байхаар таамагласан нь 2024 оны гүйцэтгэлээр баталгаажихаар байна.
1.4. Засгийн газрын өрийн нийт хэмжээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т “Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх” гэж заасан.
Өргөн мэдүүлсэн төсөлд Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдэл 2025-2027 онуудaд хуульд заасан хязгаарт буюу 55 хувь, 50 хувь, 45 хувь байхаар тооцоолжээ. Засгийн газрын нийт өрийн хэмжээ 2023 оны гүйцэтгэлээр 30,773.5 тэрбум төгрөг, 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 35,206.2 тэрбум төгрөг, 2025 оны төсөөллөөр 5,286.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 40,493 тэрбум төгрөг болохоор төсөвлөсөн нь Төсвийн тухай хуулийн төсөлд тусгаснаар (төслийн танилцуулгын 63 дугаар хуудас) ДНБ-ний 42.6 хувь болж эдгээр хуулийн төслүүдийн хооронд зөрүү үүсгэж байна. Улмаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1.8-т төсвийн хүрээний мэдэгдэлд “Засгийн газрын өрийн нийт хэмжээг тусгана” гэсэн атал өргөн мэдүүлсэн төсөлд “Засгийн газрын өрийн нийт хэмжээ, дээд түвшнээр” гэсэн нь тус заалтыг зөрчсөн байна.
1.5. Олон нийтийн хэлэлцүүлэг. Төсвийн тухай хуулийн 281.4-т “Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь олон нийтийн хэлэлцүүлгийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэхээс 14-өөс доошгүй хоногийн хугацаанд энэ зүйлд заасан журмаар зохион байгуулна” гэсэн заалт хэрхэн хангагдсан талаар тусгаагүй учир энэ заалт мөн зөрчигдсөн байх үндэстэй байна.
1.6. Төсвийн хүрээний мэдэгдлийн агуулга. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.3-т “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дараах агуулгатай” байна гэсэн заалтаас:
- 12.3.3 макро эдийн засгийн тогтвортой байдалд төсвийн бодлогын нөлөөллийн талаар хийсэн дүн шинжилгээ; - 12.3.5.макро эдийн засгийн төлөв байдал, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтийг тооцоход хэрэглэсэн аргачлал, тооцооны үндэслэл;
- 12.3.6.төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нэгдсэн төсвийн тэнцэл, улсын хөрөнгө оруулалт, төсвийн нийт орлого, зарлагыг багтаасан төсвийн гол үзүүлэлтүүд, тэдгээрийн төлөвлөгөөг гүйцэтгэл, үр дүнтэй нь харьцуулсан байдал;
- 12.3.7.төсвийн болзошгүй өр төлбөр, түүний талаарх шинжилгээ; - 12.3.8.өмнөх 2 жилийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөвлөлт, дараагийн жилийн болон түүний дараах дараалсан хоёр жилийн төлөв байдлыг хамруулан тооцсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө болон түүний гүйцэтгэл, төсвийн нийт зарлагын хэмжээ, түүний өсөлт, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, 4 төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн зорилтот үзүүлэлт, түүний гүйцэтгэл, улсын өрийн нийт үлдэгдэл, авч ашиглах зээл, өрийн бичиг гаргалтын талаарх нэгдсэн төсвийн үндсэн үзүүлэлтүүд тус тус тусгагдаагүй байна.
1.7. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн таамаглал. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.6-д “Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг энэ хуулийн 161 .5.1-д заасан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн боловсруулаагүй бол түүний үндэслэл, шалтгааныг үзүүлэлт тус бүрээр бодлогын өөрчлөлтөөр тодорхойлж тайлбарлан, уг тайлбарыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн хамт өргөн мэдүүлнэ” гэсэн заалт хэрэгжээгүй.
2. Төсөв, макро эдийн засгийн тогтвортой байдал хангадсан эсэх болон төсөв боловсруулах үзэл баримтлалд нийцтэй эсэх талаар
2.1. Төсвийг тэлэх орон зай. Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгагдсан макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэгтгэн харахад ДНБ-ний өсөлтийг ирэх онд 8, инфляцыг 7.5 хувиар тооцсон хэдий ч нэрлэсэн дүнгээр ДНБ-ний хэмжээ 95,010.0 тэрбум орчим буюу өсөлт нь 20 хувь орчим байхаар тооцсон нь эдийн засгийн гадаад, дотоодын орчны өнөөгийн байдалтай уялдуулан үзэхэд хэт өөдрөг байна. Тухайлбал ковидын агшилтаас эдийн засаг огцом сэргэсэн жилүүдийн өсөлтийг даваx, дахин давтах нь туйлын амаргүй бөгөөд 2023 онтой харьцуулахад 2024 онд эдийн засаг халалттай байж, импортын өсөлт эрчимжиж байна.
2024 онд эдийн засгийн гадаад нөхцөл байдал таатай байсан нь эдийн засгийн халалтыг шингээх боломж олгосон бол ирэх онд энэ боломж хумигдахаар байна.
2.2. Хос алдагдлын мөчлөг. Ирэх оны нэгдсэн төсвийн зарлагын нийт хэмжээ болон түүний бүтцээс харахад эдийн засгийн төрөлжүүлэлт муу байгаагаас шалтгаалан дотоод эдийн засгийн идэвхжил буураx мөчлөгт дахин орж, төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийн алдагдлыг бий болгох буюу төсөв, урсгал тэнцлийн хос алдагдлын мөчлөгт эдийн засгийг оруулж болзошгүй байна. Энэ нь төлбөрийн тэнцэл, валютын нөөцөд сөргөөр нөлөөлж эдийн засгийн дархлааг сулруулах үр дагавартай.
2.3. Хөгжлийн санхүүжилт. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх томоохон төслүүдийн санхүүжилтийг гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээс илүүтэй Үндэсний баялгийн санд үүсгэсэн хуримтлалаас санхүүжүүлэх нь ирээдүйд урт хугацаанд нэмүү өртөг бий болгох, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой гэдгийг тооцож үзэх шаардлагатай.
2.4. Төсвийн төслийг дагасан төсвийн хүрээ. Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд эхлээд төсвийн хүрээний мэдэгдлийг чамбай боловсруулан батлаад, дараа нь төсвийн төсөөллийг тус хүрээнд багтаан боловсруулж байхаар буюу жил бүрийн төсвийн төсөл нь төсвийн хүрээгээ дагаж боловсруулагдаж байхаар заажээ. Гэтэл өнөөгийн байдлаар эсрэгээрээ буюу төсвийн төслийг дагуулан төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөхөөр өргөн барьж, төсөвтэй хамт хэлэлцэн батлах буруу жишиг тогтож байгаа нь тус хуулиудын үзэл баримтлалтай зөрчилдөж байна.