УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрөгч онд зохион байгуулж байсан "ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ТУГ" аянг дахин эхлүүлж, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж буй билээ. Өчигдөр тэрбээр нийслэлийн иргэдтэй уулзжээ. Уулзалттай холбогдуулан тэрбээр "Хөх Монголын Хөх Туг" аян “Байгалийн баялгийн 34-50 хувийг иргэн бүрд” уриатайгаар 15 аймгаар тойрсон бол өнөөдөр нийслэлийн иргэдтэй уулзаж Монголын баялаг Монголын ард түмний мэдэлд байх ёстой талаар ярилцлаа. Уулзалтад хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан бүх хүмүүстээ баярлалаа.
Монгол орон бол асар их баялагтай. Өнөөдөр улсын хэмжээнд Хайгуулын 1036 лиценз буюу 5,1 сая га талбайд, Ашиглалтын 1731 лиценз 1,8 сая га талбайд байна. Үүнээс 212 хайгуулын, 419 ашиглалтын лиценз буюу 483 мянган га талбайд гадаадын иргэн, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дийлэнх нь Хятад улсын иргэн аж ахуйн нэгж. Харин дотоодын томоохон ордуудад мэдээлэлд ойр, эрх мэдэл албан тушаалаа ашиглан нийт монголчуудын баялагт эзэн суусан цөөн гэр бүл байгаа нь нэгэнт ил болсон. Үүний тод жишээ нь, 2008 онд С.Баярын Засгийн газрын үед Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Тавантолгойн бүлэг ордоос “Ухаа худаг”-ийг “Энержи Ресурс” ХХК (MCS)-д өгсөн нь өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байна. Энэ бол илтэд хууль бус үйлдэл. Цаашдаа энэ байдлыг таслан зогсоох цаг нь болсон.
2007 онд МоАХ тэмцэл өрнүүлж Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авч үлдэж чадсан. Удалгүй 2014 – 2016 онд Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар Тавантолгойн ордыг Хятадын Шинхуа компанид 100 жилээр өгөх гэрээг байгуулахыг санаархсан. Энэ бүгдийг таслан зогсооход нийт монголчуудын дэмжлэг их байсан. Энэ удаад ч бид нийт иргэдээсээ санал асуулга авч орон даяар явж байгаа билээ.
Өнөөдрийн уулзалтаараа,
Ашигт малтмалын тухай хуулийн 5.3, 5.4 дэх заалтуудыг эргэн харах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхой болгох,
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ хуулийн 5 дугаар зүйл. Баялгийн сангийн үйл ажиллагаанд баримтлах зарчимын 5.1.1. Баялгийн сангийн хөрөнгө нь нийт ард түмний мэдэлд байх; 5.1.2.газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх; гэсэн заалтын мөн чанарын тухай,
“ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН-гийн ИРЭЭДҮЙН ӨВ САН буюу Ирээдүй хойч үед өвлүүлэх талаар, ХУРИМТЛАЛЫН САН буюу иргэдийн Орон сууц, Боловсрол, Эрүүл мэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор өнөөгийн иргэдэд хүртээн хуваарилах талаар, ХӨГЖЛИЙН САН буюу Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт батлагдсан нийгэм, эдийн засгийн нэн чухал төслийг хэрэгжүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтад зарцуулах тухай иргэдэд мэдээлэл өгч харилцан ярилцлаа. “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН нь өнгөрөгч 2024 ОНД 505.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол энэ жил 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэсэн зорилттой байгаа юм. Цаашдаа стратегийн ордуудаа зөв эргэлтэд оруулан баялгийн сангаа зөв удирдвал 2028 онд нэг иргэнд 10.000.000 төгрөг ногдох боломжтой юм. Стратегийн ордод ч багтаагүй Салхитын мөнгөний ордыг ашиглаж 2020.01.10-ны өдөр Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталж ахмадуудынхаа тэтгэврийг тэглэж чадсан жишээ бий. Та бүхний идэвхтэй оролцоо, үнэтэй санал бодол бидэнд урам өгч байна!
Стратегийн ордоос орж ирэх ашгийн 34-50 хувийг "Баялгийн санд" төвлөрүүлж, ард түмэнд хүртээх санаачилгыг тууштай дэмжиж байгаагаа нийт иргэддээ дахин талархаж байгаагаа хэлье" гэжээ.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!