УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай эрүүл мэндийн салбарт хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар ярилцлаа.
ЦААШИД ЭМДС-ИЙН ХӨРӨНГИЙГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛЖ БАЙГАА БАЙДЛЫГ ХААХ ЁСТОЙ
-Та Эрүүл мэндийн сайдаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч буй. Өмнө нь мөн томилогдон ажиллаж байсан туршлага бий. Мэргэжлийн эмч хүний хувьд ч салбар нь илүү ойр байгаа байх. Яриагаа ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, хэлтсийн дарга А.Төвшин нарын хахууль авч, даатгалын сангийн хөрөнгийг шамшигдуулсан гэх асуудлаас эхэлье. Та энэ талаар өмнө нь мэдээлэлтэй байсан уу. Хэзээ мэдсэн бэ?
-ЭМДЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас шалгагдаж байгаа нь үнэн гэсэн мэдээлэл тавьсан байна лээ. Миний хувьд эрүүл мэндийн сайдаар томилогдсоноос хойш ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг хуулийн байгууллагаас шалгаж байгаа тухай ямар нэгэн мэдээлэл авч байгаагүй.
-Та сайдын хувьд ЭМДЕГ-ын дарга, хэлтсийн дарга нартаа хариуцлага тооцох уу?
-Хуулийн байгууллага энэ асуудлыг эцэслэн тогтоогоогүй шалгаж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Миний хувьд ийм асуудал арай ч гараагүй байх гэж л найдаж байгаа. Хэрэв ийм зөрчил гарсан тохиолдолд хууль, хяналтын байгууллага арга хэмжээгээ аваад явна байх.
Л.Бямбасүрэн дарга өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан. ЭМДЕГ-ын даргаар томилогдож ажилласнаас хойш ийм асуудал үүсэж байна. Хувь хүнийх нь талаас ийм асуудалд орооцолдоогүй байх гэж их л найдаж байна.
Ер нь цаашид ЭМДС-ийн хөрөнгийг ямар нэгэн байдлаар үр ашиггүй зарцуулдаг байдлыг бид хааж ажиллах ёстой. Өмнө нь энэ сан дээр ямар асуудал үүссэнийг та бүхэн мэдэж байгаа байх. ЭМДС-ийн мөнгө арилжааны банкуудад байршигдаж, 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал үүссэн. Тодруулж хэлбэл, 2012 онд НДЕГ, ЭМДЕГ хоёр хамт байсан үе. Эргээд ЭМДЕГ салахад өр нь хамт салж ирсэн асуудал одоог хүртэл авлагаа бүрэн барагдуулж чадаагүй л байгаа.
-Одоогийн байдлаар санг эрсдэлд оруулаад байгаа хэчнээн төгрөгийн авлага барагдаагүй үлдсэн байгаа вэ?
-Капитал банк болон, Чингис хаан банкнаас нийт 108 тэрбум төгрөгийн авлага бий. Миний бие 2020 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа Даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулж, эрсдэлд оруулдаг байдлыг зогсоосон. Өөрөөр хэлбэл зөвхөн төрийн санд байлгана гэдэг хуулийн зохицуулалтыг хийсэн. Цаашид сангийн хөрөнгө баталгаагүй банкуудад байрших боломжгүй болсон гэж ойлгож болно. Одоо харин сангийн хөрөнгийг хэрхэн зөв зарцуулах талаас анхаарч ажиллах ёстой.
Түүнчлэн 2022 онд омикроны халдварын давалгаа бий болох үед тусламж үйлчилгээнд маш их санхүүжилт гарсан байдаг. Он дамнаж гарсан зардлуудаа нөхөж даатгалынхаа санд байршуулаагүйгээс болж гурван жил дамнасан 218 тэрбум төгрөгийн төвлөрүүлэлт ЭМДС-нд дутуу байгаад байгаа юм.
Эндээс үүдэлтэйгээр сан нэлээд эрсдэлд орчихоод байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд авч үзэхэд оны сүүл саруудад улсын болон хувийн эмнэлгүүдийн санхүүжилтийг хэвийн явуулж чадахгүй байх хэмжээнд хүрчхээд байна шүү дээ. Ирэх онд сангийн дээрх алдагдлыг бууруулахаар төсвийн төлөвлөгөөнд тусгаад явж байна.
-Зарцуулалтын үр өгөөжийг ярихтай хамт хяналтыг сайжруулах шаардлагатай гэж харагдаад байна шүү дээ. Сангийн хөрөнгийг дотроосоо шамшигдуулж байгаа тохиолдлыг хуулийнхан олж тогтоогоод саатуулаад шалгаад байна л даа?
-Тэгэлгүй яах вэ. Цахимд тулгуурласан хяналтын системийг сайжруулах шаардлагатай байгаа. Үгүй бол өнөөдрийн санхүүжилтийн байдлуудыг харж байхад төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн авч байгаа санхүүжилтийн харьцуулалт бүхий тоонуудад асуудалтай зүйлс байна.
-Бодлогын яам хариуцаж ажиллаж байгаа хүний хувьд ЭМДС эрсдэлд орж, жил бүр алдагдал хүлээж байгаа байдлыг яаж анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа юм бэ?
-Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний гол санхүүжилт ЭМДЕГ-т төвлөрч, зарцуулагддаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гүйцэтгэлээр санхүүждэг тогтолцоонд шилжээд гурван жил гаруй болсон байна. Энэ хугацаанд манай эрүүл мэндийн салбарт маш их ололт амжилттай давуу талууд гарсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн бараг 100 жил явж ирсэн тогтолцоо өөрчлөгдсөн учраас үндсэн биелэлээ олтол багагүй хугацаа орно. Зарим улс орнуудыг судалж үзэхэд тогтолцооны өөрчлөлтийг хийсний дараа үндсэн голдиролдоо орох хүртэл 10-20 жил зарцуулсан байдаг юм билээ.
Манай улсын хувьд харьцангуй богино хугацаанд зөв голдирлоо олоод явж байгаа. Олон улсын байгууллагууд хүртэл манай гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд судалгаа хийж, өндөр үр өгөөжтэй байна гэсэн дүгнэлтээ гаргаад байна. Тиймээс одоо бид даатгалын сангийнхаа гол зарцуулалтад нэлээд өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэж харж байна. Гол нь өнөөдөр нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд санхүүжилтийг нь өгдөг болох, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх л асуудал.
Үр ашиггүй буюу эмнэлгүүд ямар нэгэн байдлаар даатгуулагчдад үзүүлээгүй тусламж үйлчилгээний төлбөрөө нэхэмжилдэг асуудлууд цөөнгүй гардаг учраас үүнд анхаарлаа хандуулж зөрчил тогтоогдсон байгууллагуудтай цаг тухай бүрт нь хариуцлага тооцоод явж чадвал даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт үр ашигтай болж хувирна.
Мөн нийслэл, орон нутгийн хэмжээнд нэн тэргүүнд ямар төрлийн тусламж үйлчилгээ хамгийн чухал байгаа вэ гэдгээ эрэмбэлж, судалсны дараа түүнд тохирсон үйлчилгээг даатгуулагчдад үзүүлдэг болох шаардлагатай. Жишээ нь зөвхөн хавдрын эмнэлэг дээр л гэхэд үүсэж байгаа өвчтөнүүдийн төвлөрөл, ачааллыг саармагжуулж, аль болох бүсчилсэн хэлбэрээр дүүрэг, орон нутагт нь хуваарилах, бусад төв эмнэлгүүд рүү шилжүүлэх боломж нь байгаа юм. Энэ зохицуулалтуудыг хийгээд эхэлсэн. Эхнээсээ үр дүнгээ өгч байна. Тиймээс даатгалын сангийн зарцуулалтыг оновчтой тодорхойлох, үр өгөөжтэй зарцуулах асуудлыг бодлогоор зохицуулах нь зүйтэй.
Нөгөө талаас ЭМДС-ийн өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг нэг том асуудал тулгардаг. Сан даатгуулагчийн төлж байгаа төлбөр, шимтгэлээс бүрддэг. Гэтэл өндөр хөгжилтэй улс орнуудыг бодоход манай улсын даатгуулагчид хамгийн бага хэмжээгээр шимтгэл төлж байгаа. Үүнийгээ дагаад хөгжилтэй улс орны эрүүл мэндийн салбарын үзүүлж байгаа тусламж үйлчилгээ шиг чанартай, өгөөжтэй байж чадахгүй байгаа юм.Санхүүжилт маань хаана ч хүрдэггүй.
ЭМНЭЛГҮҮД ӨНДӨР ДҮНТЭЙ ГЭРЭЭ ХИЙДДЭГЧ ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА
-Өнгөрсөн наймдугаар сард төрийн болон хувийн 58 эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг он дуустал зогсоосон байсан. Таны хэвлэлд өгсөн тайлбарыг үзэхэд эмнэлгүүд гэрээнд заасан санхүүжилтийн дүнгээ хэтрүүлсэн гэж тайлбарласан . Тодруулж хэлбэл?
-Төрийн болон хувийн эмнэлгүүд ЭМДЕГ-тай гэрээ байгуулж хамтарч ажиллаж байгаа. Гэрээ байгуулсан мөнгөн дүнгийн хэмжээ хэтэрчихсэн учраас цаашдын үйл ажиллагааг чинь санхүүжүүлэх боломжгүй болж байна шүү гэдэг мэдээллийг хүргэсэн.
Бид хувийн эмнэлгүүдийн төлөөлөлтэй, даатгалын байгууллагын мэргэжилтнүүдийн хамтаар уулзсан. Он дуустал тухайн байгууллагуудад хэдэн төгрөгийн санхүүжилт олгох боломжтой талаарх тооцооллоо гаргаад гэрээгээ хийгээд хэвийн явж эхэлсэн байна.
Санхүүжилт олгох гол үндэслэл нь тухайн эмнэлэг даатгуулагчдад ямар төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, хэвтэн эмчлүүлэх хэчнээн ортой, амбулаторын тусламж үйлчилгээг хэр хүргэдэг зэргийг харгалзан үзэж мөнгөн дүнг нь тооцоолж гэрээний санхүүжилтийг олгодог байгаа.
Одоогийн байдлаар 1.7 орчим их наяд төгрөгийн санхүүжилт гарчихаад байж байгаа юм билээ.
-Төрийн болон хувийн эмнэлгүүдэд олгож байгаа санхүүжилтийн гүйцэтгэлийг хянаж чадаж байгаа юу. ЭМДЕГ-ын даргын гаргасан үйлдэл өөрөө сангийн хөрөнгийг хүсвэл хуурамч бичилт хийгээд ч хамаагүй байгууллагын гаргасан нэхэмжлэлийн дүнг өөрчлөөд дундаас нь идэж болж байгааг харууллаа шүү дээ?
-Бодлогын яамны хувьд бүх зүйлийг тодорхой болгох шаардлагатай юм байна гэж харж байгаа. Хаана ямар тусламж үйлчилгээ хэрэгтэй байна. Тэнд ямар санхүүжилтийг олгох уу. Санхүүжилтийг нь олгосноор үнэхээр ард иргэдэд хэрэгтэй тусламж үйлчилгээг үзүүлж чадаж байна уу гэдгийг тодорхой болгох ёстой.
ЭМИЙН ХУДАЛДААГ ЦАХИМЖУУЛЖ, ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ АСУУДЛААР ДЭМБ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
-Өнгөрсөн парламент “эмийн сонсгол” зохион байгуулсан. Үр дүн нь юу болж хувирсан юм бэ. Хуурамч эмийн асуудлаас авахуулаад яригдаж байсан асуудлууд яагаад сураг алдрав?
-Сонсголоор хөндөгдсөн нэг чухал асуудал нь яалт ч үгүй эмийн үнэ, чанарын асуудал байсан. Энд гурван төрлийн эмийн асуудал яригддаг. Нэгдүгээрт, улсын эмнэлгүүдэд хэрэглэгдэж байгаа эм, тариаг яаж чанартай болгох вэ. Гадна талд эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа эм болон тарианы чанар, үнийн асуудлыг яаж шийдвэрлэх үү. Гуравдугаарт, ЭМДС-гаас олгодог хөнгөлөлттэй эмийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх үү гэх зэрэг асуудлууд бий. Үүнийг цогцоор нь л харах ёстой. Ингэхийн тулд улсын хэмжээний эм хангалтын асуудалд зөв бодлого явуулах ёстой юм билээ.
Үүнтэй холбоотойгоор тооцоо судалгаа хийгдээд эхний журмууд маань батлагдах шатандаа орж байна. Өнгөрсөн парламентаар батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль маань ирэх аравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих ёстой. Хууль хэрэгжсэнээр гаднаас импортолж авах эмийн бүртгэлийн асуудал, Хүний эмийн зөвлөлийн сонгон шалгаруулалтаар байгуулах зэрэг ажлууд бэлтгэгдсэн байна.
Цаашид богино хугацаанд Монгол Улс чанартай эмийг ард иргэдэд боломжийн үнээр нийлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байгаа гэж хэлмээр байна.
Үүнтэй уялдуулж эмийн лабораториа байгуулах ажлыг ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлэхээр тууштай явж байна. Лаборатори бүрэн хүчин чадлаараа ажилладаг болсноор гаднаас орж ирж байгаа эмийн чанарыг шинэчлэх, тогтмол худалдан авалт хийгдэж байгаа эмийн импортод хяналт тавих боломжууд давхар бүрдэх юм.
2026 он гэхэд өнөөдөр хэрэглэгдэж байгаа эмүүдийнхээ тоог 50 орчим хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж харж байгаа.
Эмийн хэрэглэх заавар, худалдааны нэршил зэргийг тулгаж үзэхээр манай улсад хэрэглэгддэггүй болон нэвтрүүлж чадахгүй байгаа олон төрлийн эм, тарианууд бас байна. Энэ нь өөрөө цөөн тоогоор борлуулагддаг учраас Эм ханган нийлүүлэх байгууллагууд оруулж ирдэггүй асуудал бий. Үүнийг их хэмжээгээр борлуулагддаг эмтэйгээ уялдуулаад яаж тогтмол импортолдог болгох вэ гэдэг талаас асуудлыг шийдэж байна.
Нөгөө талаасаа манай улсад эм ойрхон тасалддаг асуудал байдаг. Түүнээс болоод иргэд хохирдог. Асуудлын шийдэл нь эмийн цахим бүртгэлийг шинэчилж, гаалиар орж ирж байгаа эмийг дамжиж явсаар хэрэглэгчид очих хүртэлх тоо ширхэгийг бүгдийг нь цахим бүртгэлд дата үүсгэж хадгална.
ЭМИЙН ЛАБОРАТОРИЙГ ХӨСҮТ РҮҮ НҮҮЛГЭЖ БАЙГАА
-Сонсголын үеэр улсдаа ганц байгаа эмийн лаборатори нь ажилладаггүй. Зарим техник нь эвдэрсэн гэх асуудлыг Түр хорооны гишүүд олны анхааралд оруулж ярьж байсан. Лабораторио шинэчилж чадсан уу?
-Тоног төхөөрөмжүүд нь эвдэрсэн. Байр савных нь хүрэлцээ муу. Байр нь стандартын шаардлага хангахгүй байна гэж үзээд ХӨСҮТ-д эмийн лабораторио байгуулахаар шийдээд стандарт шаардлага хангасан засвар үйлчилгээ, цаашид шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт зэргийг ДЭМБ-ын санхүүжилтээр хийхээр тохиролцоонд хүрчихсэн ажил маань явагдаж байна. ДЭМБ-аас зөвлөх баг ирэх сард ирнэ.
ЗУРГААН НАСТНУУДЫГ НҮД, ШҮД, ЗҮРХ СУДАСНЫ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ ЭМЧЛЭХ АЖИЛ ТОГТМОЛ ХЭРЭГЖИНЭ
-Энэ хичээлийн жилээс ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногийг үр дүнтэй өнгөрүүлэх ажлын хүрээнд Боловсролын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран зургаан настнуудыг нүд, шүд, зүрх судасны үзлэг оношлогоонд хамруулахаар болсон. Санхүүжилтийг хэрхэн тусгаад байгаа вэ?
-Зохион байгуулалтыг хангаад ерөнхийдөө дуусаж байна. Өнөөдөр хоёр сайдын хамтарсан тушаал гаргаад хэрэгжүүлэх шатны ажлууддаа орж эхэлнэ. Санхүүжилтийн тухайд эрт илрүүлэг үзлэг оношлогоог ЭМДС-аас санхүүжүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байсан.
Тиймээс эрт илрүүлгийнхээ чанарыг сайжруулах нэг алхам нь сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх үзлэг рүү орж байгаа гэсэн үг. Хүлээгдэж байгаа үр дүн маш тодорхой. Шүдний өвчлөл зургаан настнуудын дунд 80 гаруй хувьтай байна. Нүдний өөрчлөлттэй хүүхдүүд 21 орчим хувьтай гарахаар байгаа. Зүрхний өөрчлөлттэй хүүхдүүдэд зүрхний цахилгаан бичлэг хийнэ. Өнгөрсөн хугацаанд 15 мянга орчим хүүхдэд хийгдсэн байдаг. Судалгаанаас харахад тэдгээрийн 11 орчим хувьд зүрхний өөрчлөлт гарахаар байгаа.
Гол зорилго нь нэг удаа үзлэг, эмчилгээ зохион байгуулаад орхих биш тогтолцооны суурийг нь тавьж байгаа юм. Ирэх жилүүдэд дээрх үзлэгүүд тогтмол хийгдээд явна гэсэн үг.
Өвчлөлийг илрүүлээд зогсох биш шүдний өвчлөл өнгөрсөн хугацаанд 80 гаруй хувьтай байна гэж бид маш их ярьсан. Гэхдээ хэн эмчлэх вэ гэдэг нь тодорхойгүй байж ирсэн нь эрт илрүүлэг, үзлэг оношлогооны чанар, үр өгөөж төдийлөн сайн байж чадахгүй байна.
-Эрт илрүүлэг, үзлэг оношлогоо ирэх онд үргэлжлэх үү?
-Хэвийн үргэлжлээд явна. Гэхдээ оновчтой, чиглэсэн байлаар хийгдэнэ. Жишээ нь хавдрын илрүүлэг хийгдэнэ. Тухайлбал элэгний хавдрыг илрүүлэг яаж хийгдэх вэ гэхээр хавдрыг үүсгээд байгаа Б, Ц, Д вирусийн илрүүлэлтийг сайжруулна. Вирус илэрсэн хүмүүсийг эмнэлгийн хяналтад авдаг тогтолцоо руу орно. Вирусийн халвартай хүмүүс өнөөдөр үзүүлээд хавдаргүй байх ч ирээдүйд хавдрын үндэс суурь болдог учраас гурван сар тутам эмнэлэгтээ хянуулах ёстой гэдэг тогтолцоог бүрдүүлж авах гэж байна.
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд энэ жилээс 13 настай хүүхдийг вакцинд хамруулна.
Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэж байгаа гол шалтгаан нь папиллом вирус. Папиллом вирус бэлгийн замаар халдварладаг учраас халдварын тархалтыг бууруулах чиглэлээр анхаарч байна. Нэгэнт вирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд хийгдэх эмчилгээг үйлчилгээг цогцоор нь хүргэхээр ажиллаж байна.
-Ходоодны дурангийн үзлэг 35-аас дээш насныхны багц үйлчилгээнд байгаа шүү дээ. Гэтэл залуучуудын дунд ходоодны сөөргөө, улайлт, цаашлаад шархлаа болчихсон тохиолдлууд олон байна. Тэгэхээр насаар эрэмбэлсэн багцын оношлогоонд өөрчлөлт орох уу?
-Ходоодны дурангийн оношлогоог залуучуудад хийнэ гэж хэлж чадахгүй. Учир нь манай улсад байгаа нийт дурангийн аппаратыг өвчлөлтэй иргэдтэй тооцоолж үзэхэд бодит байдал дээр 40-өөс дээш насныхныхаа ч бүрэн хамруулж чадахгүй байна.
Тиймээс бид байгаа нөөц боломждоо тулгуурласан оновчтой урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг хийх ёстой.
-Улсын эмнэлгүүдийн ачаалал хүрэлцэхгүй байна шүү дээ. Хувийн эмнэлгүүдээ хэрхэн дэмжиж, хамтарч ажиллах вэ?
-Хувийн эмнэлгүүд улсын эмнэлгүүдийн ачааллаас өөрсдөө үүрэлцэх ёстой. Гол шалтгаан нь бодлого төлөвлөлтөд алдаа байна уу гэдгийг харах ёстой.
ЭМДЕГ-аас өндөр санхүүжилт авч байгаа хэдий ч улсын эмнэлгийн ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах ёстой гэж боддог.
ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ХАВДРЫН 2-Р ЭМНЭЛГИЙН ТӨСӨВ СУУГДААГҮЙ
-Хавдрын хоёрдугаар төв эмнэлгийг ирэх онд барьж ашиглалтад оруулах уу?
-Барилгын ажлын зураг төсөл нь дуусаагүй байсан тул төсвөөс болон бусад эх үүсвэрээс зардал гаргах боломжгүй болсон. Зураг төсөл нь эцэслэн батлагдаагүй тохиолдолд төсөвт суулгах боломжгүй юм билээ.
Өнөөдөр хавдрын эмнэлгийн ачаалал маш өндөр байгаа. Хавдрын хоёрдугаар төв эмнэлгийг барилаа гэхэд тэнд дахиад л ачаалал үүснэ. Өөрөөр хэлбэл, бүх ачаалал хоёр эмнэлэг дээр л төвлөрөх болж байгаа биз. Угтаа бид 21 аймаг, 9 дүүрэг тус бүртээ эмнэлгийн тусламж үйлчилгээг нь өргөтгөж, мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмжийг нь сайжруулаад өгвөл иргэд амьдарч байгаа бүс нутагтаа хавдрын эмнэлгийн үйлчилгээгээ авч чадвал хоёрхон газар төвлөрөх ачаалал буурч, иргэдэд ч цаг хугацаа санхүүгийн хувьд хэмнэлттэй байх болно.
Үнэхээр бүс нутагтаа эмчлэгдэх боломжгүй хүнд хэлбэрийн өвчинтэй хүн хавдар судлалын төвд ирээд эмчлүүлдэг байх тогтолцоо руу бид шилжих ёстой юм. Гэхдээ мэдээж хавдрын хоёрдугаар эмнэлэг бидэнд хэрэггүй гэсэн үг биш. Гэхдээ бид судалгааны төв хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэж харж байгаа. Тэгэхгүй бол гадны хөгжилтэй улс орнууд хавдрыг шинэ шатанд эмчилдэг болсон. Манай улсын эмчилгээний арга барил хуучирсаар л байгаа.
Жишээ нь, хавдрын эмчилгээнд дархлааны эмчилгээ олон улсад маш их хэрэглэгддэг болж байна. Харамсалтай нь манайх хавдрын химийн эмчилгээнээс цааш хэтрэхгүй байна. Эмчилгээ нэг үеэ бодоход дөнгөж хөгжиж эхэлж байна. Гэтэл олон улсад цаг минут бүрт шинэ дэвшлүүдийг ашиглаж хөгжиж байна. Үүнтэй хөл нийлүүлэхийн тулд бид томооохон судалгаа, шинжилгээний төвийг байгуулах шаардлагатай.
-Нэг үеэ бодоход эмч нарын орон тоо харьцангуй сайжирсан. Гэхдээ 3-5 хүн тутамд нэг сувилагч ноогдсон хэвээр байна шүү дээ. Сувилагчдын орон тоогоо нэмэгдүүлэх, хүний нөөцийн дутагдлаа нөхөхөд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Мэдээж 10 мянган хүнд ноогдох эмчийнхээ тоогоор бол манай улс дэлхийд нэлээд дээгүүрт ордог. Гол нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлэх зохион байгуулалтын ажлуудаа л бид хийх шаардлагатай байгаа юм.
Харин дэлхийн даяар эрүүл мэндийн салбар бүрт тодорхой хэмжээгээр сувилагчийн дутагдалд орсон байна. Үүн дотор манай улсад улам бүр нэмэгдэж байна гэж харж байгаа. Учир нь сувилагчаар ажиллаж байгаад өөр салбар руу орж байгаа, тэтгэвэртээ гарч байгаа зэрэг тоо маань сувилахуйн сургуульд сурч төгсөж байгаа оюутнуудаас их байгаа. Энэ нь өөрөө өдөр тутамдаа сувилагчийн орон тоог цөөлж байгаа асуудал.
Тиймээс тогтолцооны том өөрчлөлт хийх ёстой юм билээ. Нэгдүгээрт, мэдээж ажлын байранд гараад нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудал нь шийдэгдэх ёстой болно. Нөгөө талаас бид сувилагч мэргэжлийг сурталчлах хэрэгтэй.
ЕБС-иа төгсөж байгаа хүүхдүүдэд сувилагчийн мэргэжил сонгох тэр боломжийг нь олгох нь чухал байна. Иингээд их сургуульд ороход нь үзүүлэх дэмжлэгийг сайжруулах ёстой. Бид дөрвөн жил хүлээж, сувилагчтай болдог биш, суралцаж байх явцдаа жил бүр ажлын байранд гарах боломжоор хангах шаардлагатай.
Жишээ нь манай улс туслах сувилагчийг гурван сараар бэлдээд л ажлын байран дээр авч байна. Гэтэл сувилахуйн сургуульдаа жил сурсан хүүхэд ажлын байранд гараад туслах сувилагч хийх эрхгүй байгаа юм. Тэгээд оюутан хүүхдүүд сургалтынхаа хажуугаар ажил хийхийн тулд баар, ресторанд очиж ажиллаад байна шүү дээ. Гэтэл нөгөө талд салбарт нь туслах сувилагч маш их дутагдалтай байгаад байдаг.
Тиймээс бид нэгдүгээр курст нь туслах сувилагч хийх боломжийг нь олгоод хоёрдугаар курсээ төгсөхөд нь ажлын байран дээр ажиллах боломжийг нь олгох зэргээр суралцаж байх хугацаанд нь бид дадлагашуулж авах хэрэгтэй байна.
Мөн сувилахуйн лицей сургуулиудыг байгуулах нь зүйтэй. Сувилагч мэргэжлийг сонгох гэж байгаа хүүхдүүд 11, 12 дугаар ангидаа элсэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд явбал, нэгдүгээр курсээ төгссөн жилдээ ажлын байранд гарах боломж нь бүрдэх юм.
Одоогийн нөхцөл байдлаас харахад сувилахуйн сургуулиа төгсчихөөд мэргэжлээрээ тал хувь нь л ажиллаж байна. Тиймээс энэ хүмүүсийг мэргэжлийн салбартаа ажиллах боломжоор нь хангахын төлд цалин хөлс, урамшууллыг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Олон талын цогц арга хэмжээ авч байж л бид энэ хүнд асуудлаасаа гарах юм билээ.
-Ирэх онд эмч, сувилагчдын цалинг нэмэх үү?
-Бид уг нь гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн. Энэ маань эмч, сувилагчид өвчтөнд үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ тоогоор цалинжих үр өгөөжтэй бодлого. Храмсалтай нь энэ маань бодитоор хэрэгжихгүй байгаа. Жишээ нь хагалгааны нэг эмч хэдэн ч хагалгаа хийсэн, хагалгаандаа хэдэн цаг зарцуулсан гэдгээрээ үнэлэгдээд цалингаа авах ёстой, нэг сувилагч хэдэн хүнд судас, булчин тариа хийсэн гэдгээрээ үнэлэгдэх ёстой. Гэтэл начир дээрээ энэ тооцооллоор цалинг нь үнэлж олгож байгаа байгууллага алга байна.
Хамгийн гол нь бид эмч, эмнэлгийн ажилчдынхаа бүтээмжийг л өндөр болгох ёстой юм. Үгүй бол өнөөдөр мэс заслын эмч дээр жишээ татаад авч байгаа цалинг нь тооцож харахаар нэг цаг хагалгаа хийснийхээ төлөө 10 мянган төгрөг хүрэхгүй хэмжээнд үнэлэгдэж байна. Гэтэл мэргэжлийн бус салбарт ажиллаж байгаа туслахын нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж 30-40 мянган төгрөгөөр үнэлэгддэг болсон байна.
Нэг сувилагч тариа хийхэд өнөөдрийн цалингаараа хоногт 1000 төгрөг хүрэхгүй үнэлэгдэж байна. Гэтэл эмч, сувилагчид эргээд ямар их хариуцлага хүлээж ажилладаг билээ. Эдгээрийн үнэлэмжийг л бид бодитоор үр өгөөжтэй болгохыг зорих ёстой. Ингэхийн тулд эрүүл мэндийн салбар өөрийн санхүүжилт ДНБ-ны багадаа 6 хувьд хүрч байж эмч, эмнэлгийн ажилчдын бүтээмжийн үнэлгээ сайжрах юм.
Нэг талаас цалин нэмэх гэхээс илүү эрүүл мэндийн салбарын санхүүжилтыг нэмэгдүүлэх нь чухал байгаа. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт ярихаар нөгөө талд эх үүсвэр нь яах юм бэ гэдэг нэг асуудал гарч ирдэг. Гэтэл өнөөдөр 3.5 сая хүний 2.2. сая даатгуулагчийн зардлыг төр дааж байна. Хүүхдүүд, ахмад настнууд, хууль сахиулах байгууллагынхан гэх мэтээр. Энэ эх үүсвэрээ бодож үзэхээр хаанаа ч хүрэхээргүй байгаа биз. Тиймээс бид даатгалынхаа энэ тогтолцоонд том шинэчлэл хийж эмнэлгийнхээ тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх сонголт бий.
Бид даатгалын тогтолцоогоо системээр нь өөрчлөхийн тулд маш олон тооцоолол судалгааг хийх ёстой. Хүн амын амжиргааны түвшинг харахад Монголчуудын хэдэн хувь нь амжиргааны түвшин доогуур байгаа билээ, хэд нь хэчнээн төгрөгийн даатгал төлөх боломжтой байгаа зэргийг судалж байж ийм шийдэл рүү орох нь зүйтэй л гэж харж байгаа.
-Цаг үетэй холбогдуулаад асууя. Томуугийн улирал эхлэх гэж байна. Энэ жил бэлтгэл ажлыг нэлээд эртнээс эхлэх шиг боллоо. Вакцины хүрэлцээ, эмнэлгүүдийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа вэ?
-Энэ жил бид томуугийн эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажилд сарын өмнөөс орсон. Ер нь ажил авсан цагаасаа л томуугийн бэлтгэлд орсон. Цэцэрлэг орохоос өмнө хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Нөгөө талдаа иргэд маань ковидоос хойш хүүхдүүдээ вакцинд хамруулалт нь багассан байна. Энэ бол буруу. Бид хүүхдүүдээ вакцинжуулж байж өвчнйи хүндрэлээс сэргийлэх ёстой.
Энэ жил бид 320 мянга орчим тун вакцин татаж авч байгаа. Дархлаа тогтоц вакцин хийснээс хойш сарын дараа бий болж эхэлдэг учраас бид энэ онд дархлаажуулалтаа эрт эхэллээ. Гэхдээ энэ бол нэг л арга хэмжээ.
Хоёрдугаарт, томуугийн дэгдэлтийн үед эмнэлгүүд маань огцом ачаалалтай болдог. Эмнэлэгт хэвтсэн тохиолдолд даатгалаар үнэгүй эмчилдэг болохоор ачаалал ихэсчихдэг. Хэрэв тухайн хүүхдийг гэрээр нь эмчлэх болбол зардал өндөр гарахаар болдог учраас иргэд хэвтэн эмчлүүлэх сонирхолтой байдаг.
Тиймээс энэ жил бид ӨЭМТ-үүдээр дамжуулж хүүхдүүдээ үзээд хөнгөн хэлбэрийнх бол гэрээр нь эмчлэх эмчилгээний багцыг өгдөг болж байгаа.
-Даатгалын сангаас үнэгүй олгоно гэсэн үг үү?
-Тийм. Энэ нь өөрөө тухайн иргэнд ч хэрэгтэй. Нөгөө талаас эмнэлгүүдийн ачааллыг ч багасгах сайн талтай. Мөн халдвар тархах эх үүсвэр болж байгаа сургууль, цэцэрлэгийн орчныг ариутгах, халдвар хамгааллыг дэглэмийг хэрхэн мөрдүүлэх талаар шалгалтуудаа явуулж, зөвлөмж хүргүүлэх ажлыг зохион байгуулаад эхэлсэн байна.
-Улаанбурханы халдварын тархалт ямар хэмжээнд байгаа вэ. Шинэ тохиолдол бүртгэгдсэн үү?
-Улаанбурхан өвчний тээвэрлэгдсэн тохиолдол өнгөрсөн наймдугар сард бүртгэгдсэн. Сүүлийн халдвар Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн. Сүүлийн халдвар бүртгэгдсэнээс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй бараг сар болж байна. Гэхдээ бид 45 хоног халдвар илрээгүй нөхцөлд голомт арилсан гэж тооцдог учраас 2 долоо хоногийн дотор дахиж халдварын тохиолдол бүртгэгдэхгүй бол энэ өвчний халдварын голомт байхгүй болсон гэж үзнэ.
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!