"Парис-2024" зуны XXXIII олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд МУГТ Т.Тулга хүрэл медалийн төлөө Порто Рикогийн бөхтэй барилдаж, ялагдал хүлээсэн билээ. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр,
"Парис-2024 олимпын наадам өндөрлөв. Өнөөдөр ялж, ялагдсан ч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Алдсан алдааг эргүүлж чадахгүйгээс хойш маргаашдаа анхаарлаа хандуулж байна.
Бэлтгэл сургуулилт, амралт, сэргэлт, хоол зүй, сэтгэл зүй бүх зүйл бэлэн байсан ч хараахан хүссэн зүйлдээ хүрч чадсангүй ээ. Энэ хүртэл минь бүх талаар дэмжсэн тусалсан бүхий л сайхан сэтгэлт хүмүүсдээ талархаж байна.
Миний хувьд гомдох, буруутгах зүйл байхгүй ээ. Манай хамт олон энэ хүртэл бүх талаар тултал дэмжиж ажилсан. Удахгүй сайхан эргэн ирэлтээр уулзах болно оо" гэжээ.