МУГТ О.Насанбурмаа тамирчдад тулгардаг асуудлуудын талаар цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр,
"Олимп үзээд л хэдэн тамирчдаа, хамт олноо, багш нараа бодоод л байдал ямархуу, уур амьсгал ямархуу байгааг сэтгэл зүрхээрээ мэдэрч байна шүү. Хөөрхий хэдэн багш нар минь хүнтэй ч олигтой дуугарч чадахгүй барайсан царайтай нөхөд л удирдлагууд болон хөгжөөн дэмжигчид, өөр хүн харахаараа шавь нарынхаа өмнөөс гэм хийсэн юм шиг гөлөлзөөд л. Хэдэн ялагдсан тамирчид нь хүнтэй таарчихгүй юмсан гээд л энэ тэрүүгээр нуугдацгаах маягтай, нөгөө кинон дээр гардаг "үл үзэгдэгчийн хувцас" байдаг бол бараг өмсмөөр санагдаад явж байгаа байх даа.
Монголд очихоороо хүний нүдэнд өртчихгүйхэн шиг ярилцлага авч байгаа сэтгүүлчийн дуранд өртөж, олон хүний амны хэл бай болчихгүйхэн шиг чимээгүйхэн гэртээ ээж, аав, хань ижилдээ очихыг хүсэж байгаадаа, эвий минь гэж...
Улс, эх орны нэрийг өндөрт өргөж, авсан цолоо хамгаалж, олон хүний итгэлийг алдахгүй барилдах юм шүү гэж хичээх айдас. Заримдаа санасандаа хүрч чадахгүй хожигдчихоор амиа хорлоод, эсвэл хаашаа ч хамаагүй алга болчихмоор аймаар сэтгэлзүй тархинд орж ирдэг шүү дээ.
Харамслын нулимс, барилдсаны маргааш өдрийн сэтгэлийн хөндүүр, биеийн булараа, шөнө унтаж чадахгүй тарчлах барилдааны талаарх анализ, хоол ч орохгүй, цээжинд тээглэсэн хар юм, ёстой болдог бол цаг хугацааг буцаачихмаар санагдаад л...
Дээрээс нь сошиалын балбалт, за тэгээд дуус дуус. Татварын мөнгө, улсын мөнгө, дэвжээний алчуур, хоолны сав, газар үзэж зугаалж, гадаад орон үзсэн ч гэх шиг, өндөр нам, өргөн бүдүүн, эмээ, өвөө, харьсан бөх, арчаагүй гуйлгачин, түүлгэчин за өөр юу юу ч билээ дээ. Иймэрхүү дайралтын үед ёстой ард минь бат зогсож байгаа ээж, аав, гэр бүлээ л бодож өөрийгөө зоригжуулж тэсдэг байсан даа.
-Тамирчид шуузтай бэлэн гоймон, монгол лапша идэж, бүлээн бор цай уудаг-
Би л гэхэд 2016 оны олимпоор хожигдсон "шок"-ноосоо гарч чадалгүй 7 жил болсон байдаг юм. Барилдаанаа эргэж үзэж чадахгүй халгаад, аль болох дурсахгүй, санахгүй, бодохгүй явсаар байгаад арай гэж өнгөрсөн жил үзсэн чинь харин өөрөөрөө бахархсан гээд л бод. Манай бөхийн хөгжил бол гадаад оронтой харьцуулаад байхаар тийм ч хөгжилтэй биш шүү дээ.
Жишээлбэл, би Японд хамтарсан бэлтгэлийн үеэр болон тэмцээний үеээр хэд хэдэн удаа очиж байлаа. Жингээ үзүүлсэн тамирчин болгонд зориулсан тусдаа хоолтой, хэдэн кг хассан, ямар хүч энерги зарцуулсан, тэр болгоныг нь тооцож, дутагдсан уураг, эрдэс, минериал багтсан зориулалтын хоол, бүр жижигхээн хөөрхөн нэртэй цүнхтэй тогооч нар нь бэлдчихсэн байдаг.
Манайхан юу иддэг гэж үү. Сайхан шуузтай бэлэн гоймон, монгол лапша, бүлээн бор цай.
Хэдэн кг хасаад, хэчнээн минериал алдсанаа ч мэдэхгүй, дэвжээн дээр нэг л их ална, хожно гэсэн зорилготой. Дутагдсан эрдэсээ нөхөж чаддаггүйгээсээ болоод олон тамирчин бэртлээс салахгүй байгаа юм шүү дээ.
Гадны орны тамирчид чинь өрсөлдөгчдийн судалгаа хийх гэж бүтэн баг ажилладаг шүү дээ. Бие халаалтын заалнаас барилдах дэвжээ хүртэл хоорондоо станцаар яриад, нэг жижиг өрөөнд 7-8 залуучууд суучихсан том дэлгэцэн дээр ганцхан хүнийг тал талаас нь бичлэг хийчихсэн ярилцаад, удаашруулж үзээд л, аль гар нь түрүүлж ирдэг, хэд дэх секундэд хөлөө хаана гишгэхийг нь хүртэл судалсан байдаг юм билээ. Баруун өрөө, зүүн өрөө, өрсөлдөгч тамирчинд ямар реплекс байдаг, сул тал, давуу тал нь гээд л. Манайхан яах вэ дээ, хэдэн багш нартайгаа ярилцаад л хэдэн бичлэг үзээд л болоо шүү дээ.
Дэвжээн дээр ганц тамирчин барилдахад ард нь хэчнээн хүн байдгийг та төсөөлж байна уу. Бид нар шинжлэх ухааны үндэслэлтэй тэгтлээ хөгжиж чадахгүй ч байгаа хэдийгээ дэмжихээс өөр аргагүй. Ёстой хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс яах вэ.
Солиод, сонгоод, шилээд байх олон тамирчин ч байхгүй. Энэ хэд маань харин овоо үзээтэй байгаа нь яаамай. Нэг жинд 2-3 сайн хүүхэд байгаа. Харин ч тууштай эцсээ хүртэл тэмцэж байгаа хэдийгээ магтдаггүй юм аа гэхэд доромжлохгүй л баймаар байна.
Чөлөөт бөх бол асар хүнд спорт, ямарч барьцгүй, гэнэтийн ялалт гэж байдаггүй юм шүү. Хэн бэлтгэлээ зөв тааруулсан, хэний мэдрэмж, сэтгэлзүй, ур ухаан сайн байгаа нь гялалздаг юм шүү дээ.
Аа тийм, манай хэдэн тамирчид хөөрхий минь татварын мөнгөөр зугаалж, олон газар орон үздэггүй юм шүү. Яах вэ, агаараар нь амьсгалдаг нь үнэн. Онгоцноос буугаад л буудалдаа очиж байрлаад л тэмцээндээ төвлөрч байгаад тэмцээн дууслаа, ачигдаад л эх орондоо ирдэг шүү. Дуустал нь уншсанд баярлалаа" гэжээ.