UBN сайт "ТҮҮНИЙ ТУХАЙ" булангийнхаа энэ удаагийн дугаарт 6 настайгаасаа 100 буудалт даамаар хичээллэж, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа ихэр даамчин Б.Анужин, Б.Мөнхжин нарыг онцолж байна. Ихрүүд энэ жил 20 нас хүрч байгаа бөгөөд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж яваа үлгэр жишээ охид. Хамгийн сүүлд л гэхэд, 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд амжилттай оролцож, хос АЛТ, хос ХҮРЭЛ медаль хүртсэн юм. Түүгээр ч зогсохгүй Б.Мөнхжин даамын спортын оргил цол болох их мастер, Б.Анужин ОУХМ цол хүртсэн юм. Ингээд тэдэнтэй ярилцсанаа хүргэе.
-Сайн байцгаана уу. Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?
Б.Мөнхжин: Сайн байцгаана уу. Намайг Баатархүүгийн Мөнхжин гэдэг. Одоо 20 настай. МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарт суралцдаг.
Б.Анужин: Намайг Баатархүү овогтой Анужин гэдэг. ШУТИС-ийн Интерьер дизайны гуравдугаар курсын оюутан.
-Хэдэн настайгаасаа эхлэн даам тоглож эхлэв. Яагаад энэ спортыг сонирхож эхэлсэн байдаг юм бол?
Б.Мөнхжин: Бид хоёр анх зургаан настайдаа даам тоглож сурсан. Найман настайгаасаа тамирчны түвшинд тууштай хичээллээд, өнөөдрийг хүртэл тоглож байна. Даамын спорт хувь хүний төлөвшил, логик, оюун ухаан гэх мэт маш олон давуу талтай учраас энэ спортыг сонгож, хичээллэсэн.
Б.Анужин: Анх зургаан настайдаа "Шавь" клубын дасгалжуулагч н.Наранмандах багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. Эмээ маань бид хоёрыг дагуулж очсон. Тухайн үедээ хэсэг хичээллээд орхичихсон. Удалгүй клубын багш бид хоёрыг эрж сураад ангийн багшид "Танай ангид даам тоглодог хоёр авьяастай хүүхэд байгаа, тогтвортой суух, сэтгэн бодох чадвар өндөр хүүхдүүд учир эцэг эхтэй нь холбогдох хэрэгтэй" гэсэн байсан. Удалгүй бид хоёр даамаараа хичээллэж эхлээд н.Наранмандах багшаасаа даамын үндэс суурь хүмүүжил, нөхцөл байдлыг дүгнэх, шинжих гээд маш олон чадварт суралцсан.
-Та хоёрын хамгийн анхны том тэмцээн ямар тэмцээн байв?
Б.Мөнхжин: Миний бодлоор хамгийн анхны том тэмцээн 2014 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Тухайн үед бид хоёр 10 настай байсан. Хамгийн анхны том тэмцээндээ хамт оролцоод би анхны алтан медалиа авч байсан.
Б.Анужин: Миний хувьд 2014 онд ихэртэйгээ хамт Азийн аваргад явж байсан ч амжилт гаргаж чадаагүй. Гэхдээ хоёр жилийн дараа буюу 2016 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль авсан.
-Хамгийн сүүлд оролцсон 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг онцолж асуумаар байна?
Б.Мөнхжин: Өнгөрсөн дөрөвдүгээр сард Узбекистан Улсын Ташкент хотноо болсон 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн болсон. Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд бид хоёр хамтдаа оролцож, даамын үндсэн төрөлд алт, хүрэл медаль, рапид төрөлд мөн алт, хүрэл медаль авсан. Мөн би даамын спортын оргил цол болох их мастер цол хүртсэн. Харин ихэр маань гуравдугаар байранд шалгарч ОУХМ цол хүртсэн.
-Хоорондоо таарч тоглох үе хэр их байдаг вэ?
Б.Анужин: Бид хоёр нэг насны тамирчид болохоор хоорондоо таарч тоглох тохиолдол олон байдаг. Эхний өргүүдэд хоорондоо таарахад ямар ч асуудалгүй. Гэхдээ чухал тэмцээний шийдвэрлэх өрөгт аль болох хоорондоо аль болох таарахгүй байхыг хичээдэг. Учир нь бид хоёр бие биенийхээ тоглолтыг хамгийн сайн мэддэг болохоор нэгнийхээ хамгийн хэцүү, хүчтэй өрсөлдөгч байдаг.
-Хамтдаа медалийн тавцанд зогсох мэдрэмж ямар байдаг бол?
Б.Мөнхжин: Олон улсын тэмцээнүүдэд ихэртэйгээ цуг медалийн тавцанд зогсохоор маш их догдолж, бас баярладаг. Шагнал гардуулж байгаа хүмүүс нь хүртэл андуурах тохиолдол гардаг. Медаль авчихаад хамт буухаар хүмүүс ихрүүд яасан хөөрхөн юм бэ. Мундаг юм бэ гэсэн эерэг сэтгэгдлүүдийг маш их гаргадаг учраас тэмцээнд орохдоо эхний гурван байрт хоёроороо орохыг л хичээдэг.
-Чөлөөт цагаараа даамнаас өөр юу хийдэг вэ?
Б.Анужин: Ном унших дуртай. Тэмцээнд оролцоод авсан шагналын мөнгөнөөсөө заавал ном авдаг. Мөн бид хоёр хоёулаа зурдаг. Бас Б.Мөнхжин төгөлдөр хуур тоглодог. Би гитар тоглодог. Ер нь бол зөвхөн даам гэлтгүй бүх чиглэлд өөрсдийгөө хөгжүүлэхийг хичээдэг.
-Ээж, аав нь бүх тэмцээнд нь дагаж явдаг гэж сонссон?
Б.Анужин: Манай аав, ээж хоёр биднийг 17 нас хүртэл бүх тэмцээнд хамт явдаг байсан. Тухайн үедээ гайхдаг байсан ч сүүлд учрыг нь олсон. Биеэ даагаад явж байгаа хүүхдүүд аав ээжийн хяналтгүй учир тэмцээнийхээ дундуур ийш тийшээ яваад сулавтар байх нь элбэг учраас л бид хоёрыг тэмцээн бүрд аав ээж хоёр маань дагаж явдаг. Тиймдээ ч илүү хариуцлагатай, илүү нухацтай тоглолтуудыг өрнүүлдэг байсан. Одоо ч маш их урам өгч, бүх цаг үед дэмждэг.
-Ихрүүдийн зорилго мөрөөдөл?
Б.Анужин: Ойрын зорилго бол ихрийнхээ цолонд хүрч, ихэр их мастер болох. Бид хоёрын даамын спортын зорилго ижилхэн. Оргил цол болох олон улсын их мастер болох байсан. Ихэр маань сая даамын дэлхийн их мастер цолоо авсан. Одоо би авчихвал ихэр их мастер болох юм. Хэтийн зорилго бол эрэгтэй ангилалд хүч үзэх.
Б.Мөнхжин: Миний хувьд ойрын зорилгоо 2025 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад амжилт үзүүлэх гэж тодорхойлсон байгаа. Хэтийн зорилго бол адилхан эрэгтэй ангилалд тоглож, туршлага хуримтлуулах.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уралдаан, тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье.