Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Улсын эмнэлэгт цаг авсан хүмүүсийн 30-40 хувь нь ирдэггүй. Энэ нь шаардлагатай хүмүүсийг тусламж авч чадахгүйд хүргэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 25 секунд

Биднийг стресстүүлдэг олон шалтгаан бий. Тэдний нэг нь эмнэлэгт цаг авах асуудал. Өвдөж зовсон үедээ яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлага гарч, цаг авах гэхээр хамгийн багадаа сар хүлээх шаардлагатай болдог. Бид үүнийг байх ёстой зүйл мэт хүлээн авч, яаралтай үзүүлэх шаардлагатай хүмүүс нь танил тал хайж, зарим нь өндөр төлбөртэй хувийн эмнэлэг бараадахад хүрдэг. Гэтэл бодит байдал дээр эмнэлэгт үзүүлэхээр цаг авсан хүмүүсийн 30-40 хувь товлосон цагтаа ирж үзүүлдэггүй байна. Товчхондоо бол, зохиомол ачаалал үүсгэж, та бидний тусламж үйлчилгээ авах боломжийг хулгайлдаг гэсэн үг юм. Үүнээс болж эмч нар шаардлагатай тусламж үйлчилгээг хэрэгтэй хүнд нь үзүүлж чадахгүйд хүрдэг байна.

-ЦАГ АВСАН 67 ХҮНИЙ 33 НЬ ИРСЭНГҮЙ-

Бид эмнэлгүүдэд нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийг зорилоо. Тус эмнэлгийн Даатгалын эмч З.Сэлэнгэтэй уулзаж, нөхцөл байдлын талаар тодруулахад, "Манай эмнэлгийн амбулторийн кабинетийн тусламж үйлчилгээ 1-2 сарын хүлээгдэлтэй байгаа. Гэтэл цаг авсан хүмүүсийн 30-40 хувь цагтаа ирдэггүй. Өнөөдөр гэхэд Мэдрэлийн кабинетэд 67 хүн үзүүлэхээр цаг авснаас 33 хүн нь ирээгүй. Зүрх судасны тасагт 117 хүн үзүүлэх ёстой байсны 36 нь ирээгүй байна. Энэ 2 кабинетийн дараалал 7 сар гарчихсан. Маш их ачаалалтай байгаа. Манайхаас урьдчилж залгаад та цагтаа ирэх үү гэж асуухад очно оо гэж хэлчихээд л алга болчихдог" гэлээ.

-УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ЗОХИОМОЛ АЧААЛАЛ ҮҮСЭЖ, ШААРДЛАГАТАЙ ХҮМҮҮС НЬ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ АВЧ ЧАДАХГҮЙД ХҮРЧ БАЙНА-

Энэ бол улсын эмнэлгүүдэд зохиомол ачаалал үүсэж, шаардлагатай хүмүүс нь тусламж үйлчилгээгээ авч чадахгүйд хүрч байгааг батлах ганц жишээ. Бусад эмнэлгүүдэд ч энэ асуудал бий. Нэг талдаа эмнэлэгт цаг авчихаад мартчихдаг. Аль эсвэл өөр эмнэлэгт үзүүлчихээд цагаа цуцалдаггүй иргэдийн буруу. Нөгөө талдаа эрүүл мэндийн салбар цахимд шилжиж хүссэн хүн бүр гар утсаараа E mongolia-д нэвтэрч хүссэн газраасаа эмнэлэгт цаг захиалах боломжтой болсон нь энэ асуудал үүсэх шалтгаан болж байгаа гэдгийг холбогдох албаныхан онцолж байна.

Иргэдэд чирэгдэл учруулах, цаг авах гэж өөрийн биеэр очиж дугаарлах шаардлагагүй нь сайшаалтай ч цаг авчихаад үзүүлдэггүй хүмүүсийн хариуцлагагүй хандлага өөр нэгэн бухимдах шалтгааныг үүсгэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор, улсын эмнэлэгт цаг аваад, товлосон хугацаандаа очоогүй иргэд тухайн эмнэлэгтээ 20 мянган төгрөг төлдөг байх зохицуулалт хийжээ.

Тодруулбал, эмнэлгүүдэд зохиомол ачаалал үүсгэхгүйн тулд эхний удаа авсан цагтаа очоогүй иргэн дахин үзлэгийн цаг авах бол 20 мянган төгрөгийн торгууль төлөхөөр болсон байна. Торгуулийг нь эмнэлгийн орлого болгохоор зохицуулсан журмыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан байна.

-20 МЯНГАН ТӨГРӨГ ТОРГУУЛЬ БИШ. ТУХАЙН ИРГЭНИЙГ ХАРИУЦЛАГАЖУУЛЖ, ЗОХИОМОЛ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ-

Энэ талаар ЭМДЕГ-ын БТГ-ын мэргэжилтэн М.Ариунаагаас тодруулахад, "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны зургаадугаар тогтоол өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн. Энэхүү тогтоолын өөрчлөлтийн хүрээнд, эрүүл мэндийн байгууллагад цаг захиалсан иргэд тухайн цагтаа очоогүй тохиолдолд дараагийн удаа тухайн эрүүл мэндийн байгууллагаараа давтан үйлчилгээ авахдаа 20 мянган төгрөг төлөх заалт орсон. Энэ нь торгууль гэхээсээ илүү тухайн иргэнийг хариуцлагажуулж, зохиомол ачааллыг бууруулах зорилготойгоор орсон заалт. Яагаад гэвэл эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн судалгаагаар нийт цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь захиалсан цагтаа ирдэггүй гэдэг нь тодорхой болсон. Тиймээс энэхүү заалтыг оруулсан. Хэрэгжиж эхлэх хугацааны тухайд тогтоол нь дөрөвдүгээр сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн. Тухайн эрүүл мэндийн байгууллагууд хэзээ бэлтгэл ажлаа хангаад, хэзээнээс хэрэгжүүлж, мөрдөж ажиллах нь тухайн байгууллагын асуудал" гэлээ.

Цаг авсан бол товлосон цагтаа очиж үзүүлэх. Үзүүлэх боломжгүй бол эмнэлэг рүү заавал утасдаж, авсан цагаа цуцлуулах дадлыг иргэдэд хэвшүүлэх шаардлагатай гэдгийг эцэст нь онцлоё. Хэрвээ цагаа цуцлуулбал тухайн цагийг дараагийн хүнд шилжүүлэх замаар эмнэлгийн хүлээгдэл багасна. Авсан цагаа цуцлуулахад торгууль хүлээхгүй юм байна.

ЦЕГ: Сант сумын АН-ын дарга Б-н аминд хүрсэн О-гийн согтуурлын зэрэг 1.28. Амь хохирогч Б эрүүл байсан
ЦЕГ: Сант сумын АН-ын дарга Б-н аминд хүрсэн О-гийн согтуурлын зэрэг 1.28. Амь хохирогч Б эрүүл байсан
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.