Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б тус сумын МАН-ын ухуулагч О-гийн гарт амиа алдсан хэмээн АН-аас мэдээлсэн. Тодруулбал, О нь МАН-ын нэр дэвшигчдийн уулзалтад очсонгүй гэх шалтгаанаар Б-г өшиглөхөд түнх нь чихэгдэн орж, улмаар газар дээрээ амиа алдсан гэсэн юм. Эл асуудлаар дөнгөж сая цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр, “2024 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 03.20 цагт Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт сумын нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хүн нас барлаа гэх дуудлага ирсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ажиллагааны хүрээнд Сант сумын АН-ын дарга ажилтай иргэн Б нь бусдад зодуулсны улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Иргэн О амь хохирогч иргэн Б-г хүзүүн тус газар нь цохиж, түүний улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сант сумын АН-ын дарга Б-н аминд хүрсэн О-гийн согтуурлын зэргийг шалгахад 1.28 байсан. Амь хохирогч Б согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан нь тогтоогдсон” гэлээ.