Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Адъяа: Төр тоглоомын дүрмээ зохиож хувийн хэвшилтэй өрсөлдсөөр байвал Монгол Улс хөгжихгүй

Ангилал
Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
9 минут 25 секунд

2024 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрдэх шинэ парламент ирэх намраас эдийн засаг, бизнесийн орчинд ямар сорилтуудтай нүүр тулах вэ? гэх асуулт урган гарч буй. Нүүрсний экспорт рекорд эвдэж, зэсийн үнэ өссөн, валютын нөөц анх удаа 5 тэрбум ам.доллар давж төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарсан зэрэг эдийн засгийн хувьд эерэг нааштай цаг үед шинэ Засгийн газар бүрдэх нь. Харин ирэх намраас эдийн засагт ассан ногоон гэрэл аажмаар улаан болох эрсдэл байгааг эдийн засагчид одооноос сануулж эхэллээ. Нэн ялангуяа уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нь анхааралдаа авах асуудал.

Нэг үеэ бодвол Монгол Улс хөрөнгө оруулагчдад ээлтэй байхыг хичээж байгаа ч бодит байдал дээр хууль эрхзүйн орчноос илүү татварын зохицуулалт уян хатан бодлогогүй хүнд суртал тээг болж байгаа нь өнөөдрийн гашуун үнэн.

Гэхдээ хөрөнгө оруулалтыг татахын тулд төр хувийн хэвшилтэй өрсөлдөж тоглоомын дүрэм зохиохгүй байх ёстой болохыг Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-ын Гүйцэтгэх захирал О.Адъяатай ярилцах үед тодотгож байлаа. Түүнтэй эдийн засаг, бизнесийн орчинд тулгарч буй саад бэрхшээл, гадаадын хөрөнгө оруулалт, цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцав.

-Төсвийн хэт өөдрөг төсөөлөл нь ирэх намар эдийн засагт том сорилт болохыг эдийн засагчид сануулж эхэллээ. Ялангуяа сонгуулийн дараа нүүрсний экспорт буурдаг нь эрсдлийг нэмэгдүүлж байна уу. Та ямар байр суурьтай байна?

-Төсвийн хэт өөдрөг төсөөлөл жилээс жилд давтагдаж байна. Гэтэл нүүрсний экспорт биет хэмжээгээр өссөн ч орлого дагаад өсөөгүй. Экспортын хэмжээг мөнгөн дүн нь гүцэхгүй байна. Засгийн газар, УИХ төсвийн орлогоо өөдрөгөөр тооцож их хэмжээний нүүрс, зэс экспортох өөдрөг үзэл нь гадаад хүчин зүйлээс хамааралтай байна. Хэрэв БНХАУ гэнэт хилээ хаавал орлого огцом буурах эрсдэлтэй гэдгийг дахин хэлье. Магадгүй ямар Засгийн газар бүрдэхээс шалтгаалж хоёр хөрштэй ямар бодлогоор хэрхэн харилцахаас үүдэн бидэнд нүүрсний экспорт буурах эрсдэл бий. Тиймээс Нүүрснээс гадна өнөөдөр олж буй нэмэлт орлогоор эдийн засгийг төрөлжүүлэх, технологийн компаниудаа хөгжүүлэх, өрсөлдөх чадвартай цөөн салбарууддаа анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Ер нь

-Гэтэл манай улсын худалдааны гол түнш Хятадын эдийн засаг шинжлэх ухаанд суурилж байхад бид өнөөдөр ч машинаар нүүрсээ гаргаж байгаа нь өнөөдрийн асуудал болоод байна. Цаашид технологийн дэвшлийг эдийн засагт хэрхэн үр ашигтайгаар ашиглах ёстой вэ?

-Хиймэл оюун ухаан, технологийн өөрчлөлтүүдийг Монголын бизнесүүд нэвтрүүлээд ашигладаг болсон байна. Үүнийг төрөөс дэмждэггүй юмаа гэхэд саад болмооргүй байгаа юм. Ер нь хувийн хэвшил улс орныг авч явна шүү гэх мессежийг л хэлж байгаа юм. Төр өөрөө тоглоомын дүрмээ тогтоож, төрийн бус байгууллага байгуулж хувийн хэвшилтэй өрсөлдөөд байвал хэцүү л дээ.

-Жишээ нь ямар байдлаар саад болж байна?

-Үргэлж муу талыг ярихаас илүүтэй бас сайн талыг нь хэлэх нь зүйтэй болов уу. Технологийн хувьд Засгийн газар хүчин чармайлт гаргасан. Үүнийг бид яах аргагүй үнэлэх ёстой. Яагаад гэвэл хэдэн жилийн өмнө Монголд мета компани орж ирсэн байсан. Метаг дагаж Амазон, Гүүглэ орж ирдэг юм байна. Тэр үед Мета Монголд орж ирэхэд бүс нутгийн дата центр байгуулах боломж байсан. Үүнд хугацаа алдсан тал бий. Тэр үед шуурхай ажиллаж дата центр байгуулж Монголд мета орж ирсэн бол бусад том компаниуд дагаад орж ирэх байсан. Үүн дээр бага зэрэг хугацаа алдсан тал бий. Гэсэн ч Засгийн газар хүчин чармайлт гаргаж Google тодорхой хэмжээгээр орж ирлээ. Старлинк үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авлаа. Мэдээж боломж алдсан нь үнэн. Гэхдээ сургамж авч цааш явах байх.

-Төр хэт данхайж, хувийн хэвшилтэй өрсөлдөх болсныг олон жил ярьж шүүмжилж байна. Гэвч өнөөдөр ч бахь байдгаараа, төртэй өрсөлдөх хувийн хэвшил байхгүй боллоо?

-ТОП-10 аж аж ахуйн нэгжийг харвал төрийн оролцоотой компаниуд л байгаа юм. “Эрдэнэс Монгол Холдинг”, "Эрдэнэт" үйлдвэр зэрэг төрийн өмчит том компаниуд байгаа юм. Мэдээж их хэмжээний төсвийн орлого бүрдүүлж байгаа нь үнэн. Гэхдээ төрийн өмчит компаниуд зоригтой реформ хийх цаг нь болсон байна. Одоогийн Засгийн газар тодорхой хэмжээний реформ хийж байгаа. Гэхдээ цогцоор нь хувьчилж, IPO-г дараа дараагийн Засгийн газар зоригтой хийгээсэй.

-Хөрөнгө оруулалтын хувьд татварын бодлого, зохицуулалт маш чухал байдаг?

-Татварын маргааныг шийдвэрлэх процесс хөрөнгө оруулагчдын зүгээс маш их асуудал гардаг. Гол нь процесс нь маш удаашралтай. Шийдвэр гарч өгөхгүй, гарсан ч хэрэгжилт нь уддаг гэсэн гомдол шүүмжлэл тасардаггүй. Үүн дээр Татварын ерөнхий газрыг чадавхжуулах асуудал хэрэгтэй байна. Эдийн засгийн шинэ орчинд технологийн хувьд бидний мэдэхгүй байсан харилцаануудыг зохицуулах хэрэгтэй байна. Өнөөдөр мөрдөгдөж буй журмууд цаг үеэ гүйцэхгүй байх жишээтэй. Нэг үеэ бодвол татварын маргааныг таслах комисст хувийн хэвшлийг оролцуулах болсон ч хангалтгүй байна. Үүнд анхаарч ажилламаар байна. Өнөөдөр татварын байцаагчид асар их эрх мэдэлтэй компанийн дансыг хаачихдаг, үүн дээр ажилламаар олон асуудал байна. Иймд үүнийг зохицуулах бодлогын бичиг баримтыг бид гаргаж Сангийн яамд хүргүүлсэн.

-Саяхан Баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Гэвч энэ санд хэрхэн мөнгө хуримтлуулах вэ гэдэг нь эргэлзээтэй байна?

-Баялгийн сангийн тухай хууль агуулгын хувьд ач холбогдолтой. Гэвч Баялгийн санд төвлөрүүлэх мөнгөний урсгалыг намууд хязгаарлаж байна. Яагаад гэвэл, Баялгийн санг дагалдсан олон хуульд өөрчлөлт оруулж байна. Засгийн газар стратегийн ордод хамааралтай 34 хувийг үнэгүй эзэмшинэ. Гэтэл бид үе үеийн Засгийн газар ач холбогдолтой ордыг стратегийн ордын жагсаалтад оруулдаг. Ийм эрсдэл байдаг учраас гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улс эрсдэлтэй болж байгаа юм. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголд өөрсдийн хөрөнгөөр зардлаа гаргаж хайгуул хийж байтал гэнэт Засгийн газар стратегийн чухал орд гэж үнэгүй 34 хувийг нь эзэмшинэ гэх асуудал сөрөг үр дагавар болгож байна. Тиймээс биш баялгийн санд мөнгө байх ёстой. Гэвч хуримтлагдах зам нь хаанаас яаж мөнгө орж ирэх вэ гэх асуудал байгаа юм. Хууль нь батлагдсан ч шинээр бүрдсэн Засгийн газар энэ хуулиа эргэж хараасай, нухацтай хандаасай гэж хүсэж байна.

-Агуулга нь зөв ч яарч баталсан гэсэн үг үү. Тэгэхээр оновчтой хувилбар нь юу байж болох вэ?

-Бид Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад ороход Засгийн газар том төслөөс сургамж авч том хөрөнгө оруулагчтай ажиллаад сурлаа гэж байсан. Гэвч амаараа хөрөнгө оруулагчдыг дэмжсэн атал үйлдэл нь үргээж байна. Монголд гадаадын хөрөнгө зайлшгүй хэрэгтэй байгаа. Өнөөдөр Оюутолгойгоос хойш том хөрөнгө оруулалт орж ирсэнгүй.Магадгүй сонгууль нөлөөлж байгаа байх. Гэхдээ энэ байдал сонгуулийн дараа эргээсэй. Саад чөдөр болж буй зүйлсээ өөрчлөөсэй гэж хүсэж байна.

Ц.Сандаг-Очир: Иргэнд өмчлүүлсэн 184.7 га газартай хайгуулын лиценз олгосон 191,9 га газрын мэдээлэл давхцалтай байна
Ц.Сандаг-Очир: Иргэнд өмчлүүлсэн 184.7 га газартай хайгуулын лиценз олгосон 191,9 га газрын мэдээлэл давхцалтай байна
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.