АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр,
“УИХ-ын сонгууль болоход нэг сар орчим хугацаа үлдлээ. Энэ хугацаанд шударга сонгууль явуулахын тулд АН ёс зүйтэй хандаж байгаа. Ардчилсан намын сонгууль эрхэлсэн байгууллагаас тавдугаар сарын 25-ны өдөр СЕХ-нд 126 нэр дэвшигчийнхээ нэрийг албан ёсоор хүргүүлсэн.
Тэдний 102 нь салбартаа тэргүүлэгч, шинэ залуучуудын төлөөлөл бол 24 нь УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан ард түмний итгэлийг даах туршлагатай. Хүйсийн харьцаагаар авч үзвэл 88 нь эрэгтэй, 38 нь эмэгтэй буюу Сонгуулийн тухай хуульд заасан 30 хувийн босгоо АН хангасан” гэв.
Мөн тэрбээр АН-аас нэр дэвшигчдийн 10 нь багш, найм нь эмч, 22 нь инженер, 31 нь эдийн засагч, 28 нь эрх зүйч, зургаа нь сэтгүүлч, улс төрийн чиглэлийн хоёр хүн багтсан гээд салбар бүрийн төлөөлөл бийг хэллээ. Эрдмийн цол зэргийн хувьд нэр дэвшигчдийнх нь 47 нь бакалавр, 63 нь магистр, 16 нь профессор, дэд профессор аж. Тэдний 73 нь дотоодод, 53 нь гадаадад сургууль төгссөн.
СЕХ-ноос зургаадугаар сарын 1-ний өдөр 126 нэр дэвшигчийн бүртгэлд зөрчил байгаа, эсэх талаар мэдээлэх юм. Одоогоор тус хорооноос ямар нэгэн зөрчилтэй гэсэн мэдээлэл ирүүлээгүй, АН-ын Сонгуулийн штабын ажил хэвийн үргэлжилж байгааг тодотгов.