Ubn.mn сайт FACELOOK булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын Зөвлөх Инженер, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Төмөрхүү оролцлоо. Тэрбээр Сүхбаатар аймгийн унаган хүүхэд бөгөөд амьдралынхаа ихэнх цаг хугацааг Эрчим хүчний салбарт зориулсан нэгэн юм.
С.Төмөрхүү нь 1972 оны дөрөвдүгээр сарын 18-нд мэндэлжээ. Дөрвөн хүүтэй айлын том хүү, дүү нартаа хамгийн сайн ах. Хүүхэд ахуй цаг нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өнгөрсөн бөгөөд 10 жилийн дунд сургуулиа төгсжээ.
Түүний аав Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. Монгол Улсын гавьяат эмч, Хүний их эмч Б.Сүхбаатар гуай юм. Харин түүний ээж Д.Борхүүхэн нь Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул, насаараа банк санхүүгийн байгууллагад ажиллажээ.
Хэдий ах дүү дөрвөөс хэн нэг нь эмч эсхүл банк санхүүгийн мэргэжлийг сонгоогүй ч удам дамжсан мэргэжил нь өдгөө ч тасраагүй яваа аж. Учир нь С.Төмөрхүүгийн гэргий С.Амарзаяа нь Хүний их эмч мэргэжилтэй бол охин С.Дөлгөөн нь Унгар улсад эмчийн мэргэжлээр суралцаж буй. Ам бүл тав, нэг хүү, хоёр охинтой.
Тэрбээр 10-р ангиа төгсөөд буюу 1990 онд Автоматикийн инженер мэргэжлээр суралцахаар тухайн үеийн ЗХУ-д буюу Эрхүүд нэг жилийн хугацаанд хэлний бэлтгэлд суралцжээ. Түүний дараа Украйн улсын Винница хотын Техникийн их сургуульд сурч мэргэжил эзэмшсэн байна.
Сургуулиа төгсөж ирээд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний удирдах газарт ажилд орсон байна. Өөрөөр хэлбэл, 1996.10.03-2001.07.23 Эрчим хүчний удирдах газар, ДХАА, Монтёр, Инженерээр ажилласан.
Түүний ажлын намтрыг танилцуулбал,
- 2001.08.01-2002.06.30 Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Инженер
- 2002.07.01-2011.01.21 Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, ХМА, Албаны дарга
- 2011.01.21-2012.11.01 Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Гүйцэтгэх захирал
- 2012.10.22-2016.09.20 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Гүйцэтгэх захирал,
Тэрбээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д ажиллаж байхдаа Эрчим хүчний хэрэглэгчдэд үйлчлэх төв буюу 7004-7004 дугаарыг санаачилсан бөгөөд мөн Mytog.mn сайтыг санаачлан хөгжүүлжээ.
Түүний хувьд Украйнд суралцаж байхдаа амралтаараа эх орондоо ирж, АН-д гишүүнээр элсэж байсан гэдэг. Ийнхүү тэрбээр 2005 оноос ҮБХ, ҮЗХ-ны гишүүн болжээ.
С.Төмөрхүү нь 2020.07.20-ноос хойш өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн зөвлөхөөр ажиллаж байна.