Ubn.mn сайт FACELOOK булангийнхаа энэ удаагийн зочноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Сүрэнжавын Лүндэгийг урьж оролцууллаа. Тэрбээр Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав агсны галын зээ гэдгээр нь хүмүүс сайн танина.
Сүрэнжавын Лүндэг нь 1982 онд Нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Төв аймгийн хуучнаар Авдарбаян сум буюу одоогийн Баян, Сэргэлэн сумын уугуул. Төрсөн цагаасаа хойш эмээ, өвөө дээрээ өсөж, эмээ өвөөгийнхөө хайранд эрхэлж өсжээ.
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай галын ганц зээгээ эрдэм мэдлэгтэй бас хүмүүжил сайтай болгон өсгөхийн зэрэгцээ 6 настай байхад нь 29 дэх Хамба Д.Чойжамцад шавь оруулж, Төвөд хэл заалган, буддын шашин судлуулж байсан түүхтэй.
С.Лүндэг нь 1989-1999 онд Нийслэлийн 52 дугаар сургууль, 2000-2004 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерын техник, менежментийн сургуулийг төгссөн.
Их бичгийн хүний өвөр дээр эрхэлж, эрдэм номд дурлан өссөн тэрбээр чамгүй бичих ур чадвар сайтай нэгэн. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн аливаа арга хэмжээ, баяр ёслолд хэлэх үг, мэндчилгээг бэлддэг аж. Мөн Ш.Сүрэнжав гуай зээ хүүдээ Монголын төдийгүй дэлхийн утга, уран зохиолыг системтэйгээр уншуулж сургасан тул "Багаасаа шилдгүүдийн ном, товхимлыг уншиж өссөн учир өөрийгөө шүлэг уран зохиол бичихдээ голдог болсон" тухайгаа ч ярьж байв.
Тэрбээр, Англи, Япон хэлтэй. АНУ-ын Страйерийн их сургууль, Япон улсын Саппорогийн их сургуулиудад суралцан төгсжээ.
Өвөөгийнхөө уран бүтээл, шүлэг яруу найргийг хойч үедээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Шаравын Сүрэнжав санг үүсгэн байгуулж, Тэргүүнээр нь ажилладаг.
2019-2020 он солигдох мөчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээний үеэр нэгэн хүү найтааж буй бичлэг цахим орчинд тархаж, Монголчуудын хайр, хүндлэлийг хүлээгээд амжсан. Тэгвэл тэр бяцхан жаал С.Лүндэгийн дунд хүү юм.
Эхнэр Д.Уранбилэг нь Японд боловсрол эзэмшсэн, “ХАР АВДАР" бестселлер номын зохиолч. Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал.
С.Лүндэгийн намтраас дурдвал,
- 2006-2009 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2010 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,
- 2010-2011 онд Монгол Ардын намын даргын туслах,
- 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын Шадар туслах,
- 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах,
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж,
- 2021 оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ахлах зөвлөхөөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Түүний оролцсон FACELOOK булангийн видео ярилцлагыг өнөө орой Ubn.mn пэйж хуудсаар хүлээн авч үзээрэй.