Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аяллын шинэ ГАРЦ буюу үзэсгэлэнт Хойд Чүнчон аймгаар аялсан нь

Огноо
Унших
11 минут 19 секунд

Монголчууд нэг үеэ бодвол аялалд мөнгө зардаг болжээ. Эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралаар тодорхойлдог ч Монголчууд хөлжсөндөө бус дотоодын амралт худалдаа үйлчилгээний газрын үнэ тэнгэрт хадсантай холбоотой.

Өнгөрсөн жил манайд ирсэн 594 мянган жуулчин 440 сая ам.долларын орлого оруулсан бол Монголчуудын гадагшаа аялсан зардал энэ хэмжээг давж 479 сая ам.долларт хүрсэн байна.

Монголчуудын ихэнх нь БНСУ-ын Бусан, Дэгү, Инчон зэрэг томоохон хотууд руу аялжээ. Тэгвэл БНСУ-руу аялах сонирхолтой хүмүүст аяллын шинэ зам нээгдсэн байна. Тэр нь Чонжү хот. Тодруулбал, БНСУ-ын агаарын тээвэрлэгч “Аero-К” компани ЧОНЖҮ-УЛААНБААТАР чиглэлийн анхны нислэгээ 2024 оны тавдугаар сарын 16-нд хийсэн юм.

Тус компани нь Чонжү-Улаанбаатар-Чонжү чиглэлд долоо хоногийн гурван өдөр тогтмол нислэг үйлдэж байна.

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлах зорилт тавьсан. Монгол Улс дэлхийд гарцтай байхад чухал үүрэгтэй Open Sky буюу нээлттэй тэнгэрийн бодлого үр дүнгээ өгч эхэлжээ. Хамгийн сүүлд гэхэд БНСУ-ын Чонжү, Мү-Ан, Дэгү зэрэг хотуудын чиглэлд шинээр нислэг үйлдэх болсноор хоёр улсын аялал жуулчлал улам өргөжин тэлэх боломж ийнхүү үүсээд байна.

БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газраас Чонжү хот болон БНСУ-ын Хойд Чүнчон аймгийн аялал жуулчлалтай танилцах хөтөлбөрийг тавдугаар сарын 16-19-ны хооронд зохион байгуулсан юм. Уг танилцах аялалд аялал жуулчлалын компани, нислэгийн тийз борлуулах агентлаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон гэдгийг онцлох нь зүйтэй.

Аялангаа эмчлүүлэх боломжтой

Сүүлийн үед Солонгосын эрүүл мэндийн салбарын хөгжил, чанартай үйлчилгээ олон улсад ихээр , танигдаж байгаа бөгөөд энэ нь Солонгост зорчих томоохон шалтгаан болгож, аялал жуулчлалын хэлбэр болон хөгжиж байна. Үүний тод жишээ нь Чонжү хотод байдаг Medi check эмнэлэг. Тус эмнэлэг нь 1964 онд байгуулагдсан бөгөөд оношилгоо шинжилгээгээрээ БНСУ-даа шилдэг 15-д багтдаг гэнэ. Улсдаа 10 гаруй салбартай.

Хэт авиан болон СТ, MRI, PET-CT оношилгоо, эрэгтэйчүүдийн хорт хавдрын 5 төрлийн генетик үзлэг, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 11 төрлийн генетик үзлэг, бүх төрлийн нарийвчилсан дуран авиан шинжилгээ, нүдний эмнэлэг гэх мэт олон төрлийн үзлэг шинжилгээг нэг дор хийдэг. Эрүүл мэндийн аяллаар ирсэн жуулчдын үзлэгийг нэг шөнө, 2 өдрийн дотор хийдэг гэнэ. Үнийн хувьд Сөүлийн эмнэлгүүдээс 30 хувиар хямд байдаг талаар эмнэлгийн удирдлагууд онцолж байв. Сүүлийн үед Монголчууд Medi check эмнэлгийн нүдний эмнэлэгт хараа тэглүүлэх хагалгааг түгээмэл хийлгэх болсон байна.

Солонгосыг зорих нийт гадаадын өвчтнөөс Монголчууд тавдугаарт орж байна. Тус улсад эмчлүүлэх зорилгоор зорчсон Монгол иргэдийн тоо:

  • 2019 онд 17.918
  • 2020 онд 6102
  • 2021 онд 9145
  • 2022 онд 14.148
  • 2023 онд 22.080

Иргэдийн ихэнх нь дотрын өвчлөл, хавдар болон бусад өвчлөл, эрүүл мэндийн оношилгоо зэрэгт оржээ.

Жуулчид худалдан авалтын буцаан олголт авдаг

Монголчууд нэг сумаар хоёр туулай буудах буюу эмнэлэгт үзүүлэнгээ давхар аялах сонирхолтой байдаг гэнэ. Мэдээж дэлгүүр хэсэх талаар энд дурдахгүй өнгөрч болохгүй. Тэгвэл иргэд эмнэлэгт үзүүлсэн, дэлгүүрээс юм худалдаж авсан, ер нь худалдан авалт хийсэнбаримт бүрээ цуглуулаад Чонжү хотын нисэх буудлын хяналтын цэгээс буцаан олголтын 10 хүртэлх хувийг авах боломжтой. Чонжү хот нь жуулчдыг татахын тулд хоолны газар, кофе шоп, Hyundai их дэлгүүр, үзвэр үйлчилгээний газрууд нь олон төрлийн хөнгөлөлтийн купоныг санал болгодог. Энэ нь эргээд жуулчдыг татах, сэтгэл хангалуун байлгах нэг шалтгаан болдог ажээ.

Түүх соёлын дурсгалт газрыг БНСУ-д сэргээн хадгалдаг

Өдөр тутмын завгүй амьдралаас залхсан хүмүүс Чонжүд ирж байгалийн сайхныг мэдэрч, бодлоо цэгцлэхэд хамгийн тохиромжтой. Хүн байгальтай ойр байснаар сэтгэл санаа тайвширч, эмчилгээ болдог гэдэг дээ. Яг энэ мэдрэмжийг Чонжүд л мэдрэх боломжтой.

Чонжү хот нь газар зүйн хувьд их онцлог. Тухайлбал, Сөүлээс 1 цаг 30 минут, Бусан хотоос дөрвөн цаг, Дэгүгээс хоёр цагийн зайтай.

Тиймээс жуулчдын хувьд Чонжүгээр дамжин бусад хотууд руу явахад зардал мөнгөний хувьд хэмнэлттэй. БНСУ-ын Засгийн газраас гадаадын жуулчдыг татах, хотын түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах үүднээс эртний гудамжинд шинээр барилга барихыг хориглодог. Ялангуяа Чонжү хот нь анхны төрхөө хадгалсан 800 гаруй уламжлалт сууц, барилга ихтэй. Тиймдээ ч эртний түүх соёлыг орчин үетэй хослуулсан хамгийн тайван хот гэдгээрээ жуулчдын дунд алдартай.

Хүйтэн дайны үеийн хамгийн их цус асгаруулсан, мөргөлдөөн нь Япон, БНСУ-ын дайн байсан. Солонгосчууд 35 жил Японы эрхшээлд байсан.

Улмаар гурван жил үргэлжилсэн дайны ард гарсан Солонгос улс түүх соёлын дурсгалт газруудаа нүдний цөцгий мэт хайрладаг нь бахархам санагдаж байлаа.

Тэд Японтой хийсэн хүйтэн дайны улмаас үлдэж хоцорсон барилга, байгууламжийг огт нураадаггүй. Яг л тэр түүхэн хэлбэрээр нь хадгалдаг. Японтой дайтаж байх үед зэр зэвсгээ нуудаг байсан 57 км урт уурхайн агуйг аялал жуулчлалын хэлбэрээр тохижуулж Хаш агуйн музей болгосон байх жишээний. Агуйн үүд хэсэгт 1900 оны тэртээх энэ агуйг “Хэмжээлшгүй үнэ цэнэтэй өв” гэж тодотгон бичжээ. 2019 оноос энэ хаш чулуун агуйг бүс нутгийн аялал жуулчлалын газар болгон тохижуулсан байна.

Солонгосчууд Монголын оддыг харах гэж ихээр очдог

БНСУ-ын Хойд Чүнчон аймаг дахь Жынпён сумын засаг дарга И Жэ Ён “Улаанбаатар, Чонжү хооронд шууд нислэгтэй болсон нь аяллын олон шинэ гарцыг нээнэ гэж найдаж байна. Чонжү хот нь нисэх онгоцны буудлаас ердөө таван минутын зайтай байдаг. Манай Жынпён сум сум нь газрын зураг дээр өргөргийн 36.5 градуст байрладаг. Үүнийг хүний биеийн температуртай адилтган, манай бүс нутаг нь хүмүүс аялахад тухтай бүс нутаг гэж үзээд 36.5 гэх тоог онцлох болсон. Солонгос хүмүүс Монголын тал нутагт морь унаад давхих мөрөөдөлтэй.

Мөн Монголын говь тэднийг хамгийн ихээр татдаг. Тэнгэрийн оддыг харах гэж ч бас ихээр очдог.

Манай хот Солонгосын бүхий л аж ахуйн амьдралын түүхийг өгүүлдэг гэдгээрээ ихээхэн онцлог. Манай Жынпён сум сүм хийд ихтэй” гэлээ.

БНСУ сүүлийн жилүүдэд орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Үүний нэг жишээ нь Чонжү хот

БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газраас Чонжү хоттой танилцах аялалд хамрагдсан “Аялал мэдээлэл тээвэр шуудан” компанийн захирал Д.Батцэнгэл “БНСУ сүүлийн жилүүдэд орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Үүний нэг жишээ нь Чонжү хот. Тус хотын газарзүйн байрлал нь маш онцлог. Шууд нислэгээр Чонжүд ирлээ гэхэд хүссэн газар руугаа буюу Сөүл, Тэгү рүү хэдхэн цаг яваад л очно. БНСУ, Монголын хооронд маш олон авиа компаниуд нислэг үйлдэж байна. Энэ нь үнэ, чанарын хувьд өрсөлдөөн бий болгодог.

Авиа компаниудын өрсөлдөөн хаашаа чиглэж байна вэ гэхээр зөвхөн нислэгийн үнээс гадна хоёрдогч үйлчилгээ үзүүлэх аяллын компаниуд, орон нутгийн засаг захиргаатай хамтарч ажилаж байна. Жишээ нь БНСУ-ын нислэгийн “Аero-К” компани нь Чонжү хотын орон нутгийн засаг захиргаатай маш сайн хамтарч ажилладаг юм байна. Монголчууд өмнө нь Солонгосыг үзэх гэж ирдэг байсан бол одоо муж тус бүрийнх нь онцлог бизнес хийх таатай нөхцөлийг сонирхдог болсон. Тиймээс үүнд зориулсан тусгай аяллын хөтөлбөр боловсруулна" гэдгийг онцлов.

Чонжү рүү хийх аялал 2.9-3.4 сая төгрөгийн хооронд гарах болов уу

Let”s travel компанийн аяллын зөвлөх С.Хүдэртулга “Мэдээж Сөүл, Бусан руу хийх аялал чухал уу гэвэл чухал. Гэхдээ Чонжү хот нь эртний соёлын түүхэн уламжлалтай. Тиймээс Монголын аялагчдад шинэ аяллын маршрут нээгдэж байгаад таатай байна. Танилцах аяллын дараа бусад компаниудтай холбогдож хоёр талын нислэгийн зардал, буудлын зардал, эрүүл мэндийн багц шинжилгээний үнэ, аяллын хөтөлбөр зэргийг нэгдсэн байдлаар гаргана. Монгол аялагчдадаа эрүүл мэндийн шинжилгээтэй хөтөлбөр бүхий хамгийн чанартай аяллын хөтөлбөрийг санал болгож сэтгэл ханамжийг нь нэн түрүүнд тавих болно. Мэдээж аль болох хямд үнэ, чанартай хөтөлбөр гаргахыг эрмэлзэж байна.

Сөүл рүү 4 шөнө 5 өдрийн аялал 5 сая төгрөг орчим байдаг. Чонжү рүү хийх аялал 2.9-3.4 сая төгрөгийн хооронд гарах болов уу. Чонжү хот нь бүс нутаг гэдэг утгаараа аялагч нарт тодорхой хэмжээний хөнгөлөлтүүдийг үзүүлэх байх" гэв.

100 сая төгрөгийн шагналтай “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийг шалгаруулж байна
100 сая төгрөгийн шагналтай “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийг шалгаруулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.