Өнөөдөр /2020.09.15/ БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Монголд айлчлал хийж байгаа билээ. Цар тахлын үед БНХАУ-д айлчлал хийсэн анхны ерөнхийлөгч Х.Баттулга байсан бол манай улсад айлчлал хийсэн гадаадын сайд нь Ван И болж байна.
Зургийн тайлбар: Ван И эхнэрийн хамт.
Түүний хувийн амьдрал, намтрын тухай мэдээлэл тийм ч элбэг биш. 1953 онд Бээжин хотод төрсөн цэргийн гэр бүлээс гаралтай гэдгээс илүү бага нас, эцэг эхийн тухай мэдээлэл хомс.
Хятадын коммунист нам \ХКН\ нь Шанхайн фракц, Коммунист залуучуудын эвлэл гэсэн хоёр бүлэглэлд хуваагддаг. Шанхайн фракцыг хятадын гурав дахь үеийн удирдагч Зян Зимин толгойлдог бол Коммунист залуучуудын эвлэлийг дөрөв дэх үеийн удирдагч Ху Жинтао толгойлдог. Мөн хунтайж нарын фракц буюу элит давхаргаас гаралтай бүлэглэл байх бөгөөд энэ нь Шанхайн фракцтайгаа голдуу эвсдэг ажээ. Хятадын тав дахь үеийн удирдагч Ши Жинпин нь хунтайж нарын бүлэглэлд хамаарах бөгөөд Зян Зиминий шанхайн бүлэглэлтэй нэгдэж төрийн эрхийг авсан гэж улс төр судлаачид тайлбарлах нь бий. Вангийн хувьд хунтайж нарын бүлэглэлд харьяалагдах боловч коммунист залуучуудын эвлэлийнхэнтэй ч хэл амаа ололцдог дундын хүн гэхэд болно.
Ван И 1969 онд ахлах сургуулиа төгсөөд Хятадын ардын чөлөөлөх армийн хойд корпусын барилгын ангид 8 жил алба хаасан. Түүний дараагаар Бээжингийн Олон улсын харилцааны сургуулийг Ази, Африкийн хэл судлаачаар төгссөн байна. Түүний хадам аав болох Циан Жиадун нь Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Жоу Эни Лайгийн нарийн бичгийн дарга байсан бөгөөд Ван коммунист намд ажлын гараагаа эхлэхэд түлхэц болсон гол хүн гэж хэлж болно.
Тэр эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй бөгөөд япон, англи хэлтэй. АНУ-ын Жорж Тауны их сургуульд богино хугацаанд суралцаж байсан гэх мэдээлэл бий. Тэрээр Япон улсад БНХАУ-аас суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар 3 жил ажиллаад БНХАУ-ын Тайвань дахь төлөөлөгчөөр үргэлжүүлж ажилласан. Ийнхүү ажиллах хугацаандаа Тайваныг БНХАУ-тай ойртуулж, Японоос холдуулах бодлогыг нэлээд сайн хэрэгжүүлж чадсан дипломатич гэж үнэлэгдэх болсноор ХКН-ын өндөр дээд албан тушаалд дэвших үүд хаалга нээгдсэн гэж үздэг.
Зургийн тайлбар: Ван И Японд элчин сайд хийж байх үе.
Ван Хятадын төрийн зөвлөлийн гадаад харилцааны 11 дэх сайд бөгөөд хатуу шат дамжлагатай ХКН-д орлогч сайдын дамжлагийг алгасч консулаас шууд сайд болсон, мөн хамгийн залуудаа гадаад харилцааны сайд болсон хүн юм.
Зургийн тайлбар: ОХУ-ын ерөнхийлөгч Л.Путины хамтаар
Ван хэдийгээр Ши Жинпиний итгэлт хүн, чадварлаг дипломатич гэж байгаа ч тэр ХКН-ын удирдах дээд хүрээлэлд багтдаггүй. Нэг намын тогтолцоотой Хятад улсад нам нь засгийн газрынхаа дээр шууд удирдан чиглүүлдэг. Засгийн газар буюу төрийн зөвлөл нь 28 гишүүнтэй. Улс орны аж ахуйн өдөр тутмын ажлыг хариуцан явуулдаг. Ван төрийн зөвлөлийн гишүүнээр 2013 оноос хойш ажиллаж байгаа. Коммунист намын эрх барих дээд байгууллага болох Ардын Их Хурал 2300 гишүүнтэй 5 жилд нэг удаа хуралддаг. Түүнээс ХКН-ын төв хорооны 171 гишүүнийг сонгох бөгөөд энэ нь зүйрлэвэл улсын бага хурал юм. Төв хорооны 171 гишүүн дотроос улс төрийн товчооны 25 гишүүн, улс төрийн товчооны 25 гишүүн дотроос улс төрийн товчооны байнгын хорооны 7 гишүүнийг сонгодог. Товчхондоо уг 7 хүн БНХАУ-ыг удирддаг гэхэд болно. Ван төв хорооны гишүүн боловч, улс төрийн товчоо, байнгын хорооны гишүүн биш. Энэ нь түүнийг зуун хувь шанхайн франкцийн гишүүн биш, Бээжингийн гаралтай гэдэгтэй нь холбоотой гэж тайлбарлах хүмүүс ч бий. Учир нь Бээжингийн бүлэглэл гэдэг нь Мао Зидуны үед хувьсгалч залуусын эвлэл Дэн Сяопиний үед цэргийн гаралтай улс төрчдөд төвлөрч байгаад дараа нь коммунист залуучуудын эвлэлд шилжсэн гэдэг. Шанхай нь харьцангуй эрт хөгжсөн, хөрөнгөжсөн газар учраас Бээжингийн хүмүүст тийм ч таатай ханддаггүй. Энэ нь улс төрийн соёлд ч хэлбэрээ хадгалж ирсэн гэдэг.
Ван Игийн үед Хятад орон томоохон шалгууртай нүүр тулж байгаа. Түүний үед Ковид-19-ийн халдвар гарч дэлхий нийтийг хамарснаар Хятадын нэр хүндэд нэлээд сэв суусан. Мөн АНУ-тай хийж байгаа худалдааны дайн, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ-ыг буруутгасан байр суурь зэрэг нь шүүмжлэл маргааны сэдэв болдог.