Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотод болж өндөрлөлөө. Монгол улсын шигшээ баг хагас шигшээд Польш улсын шигшээ багийн эсрэг тоглож 22:20 онооны харьцаатай хожигдсон. Уг тоглолтод хожсон бол Монгол олимпийн эрх авах байв. Уг тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ багийн тоглогч А.Ананд Спортын бус алдаа гаргасны улмаас сүүлийн 2 тоглолтод оролцоогүй. Үүнээс үүдэж сагсан бөмбөг сонирхогчид А.Анандыг илт буруутгаж буй.
Тэгвэл энэ талаар А.Ананд өөрийн цахим хуудаснаа "Эцсийн мөч хүртэл тэмцсэн баг хамт олноосоо бас уучлалт хүсье. Хэсэгхэн зуурын уураа барьж чадаагүйдээ маш их харамсаж байна. Маш том сургамж боллоо гэж харж байна. Алдаанаасаа маш сайн суралцахыг хичээж, дахин та бүгдийнхээ итгэл найдварыг алдахгүй байхыг хичээх болно. Маш их харамсаж байна. Дахин та бүхнээсээ уучлалт хүсье" гэжээ.
Харин Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан С.Тулга "Ариунболдын Ананд гэдэг залууг минь тайван байлгахыг хүсэж байна. Алдаа гаргасан нь үнэн, амжилт, ялалт гаргаж энэ MGL3x3 гэдэг том брэнд болсон спортыг олон улс дэлхийд яригдах хэмжээнд авч ирсэн залуу юм.
Мэдээж MGL3x3 гэр бүл Монголын сагсанд хайртай дуртай бүх хүмүүсийгээ маш сайн ойлгож байна. Амьдрал баялаг алдаагаа засаад дахиад MGL3x3 Family олон улс дэлхийд томоор ирэх нь цаг хугацааны ажил юм. Ялж ялагдахад үргэлж хамтдаа байж, залуус болон шигшээ багийн хамт олонд урам дэм өгөөрэй. Бид Нэг Баг. Бид Нэг Монголчууд" гэдгийг өчигдөр мэдэгдсэн юм.