Намууд УИХ-ын сонгуульд бүс болон жагсаалтаар "сойх" гишүүдээ эцэслэн баталж зарлалаа. Нэр дэвшүүлэх ажиллагааны сүүлийн өдөр намуудын жагсаалтад багтсан хүмүүс олон нийтийн анхаарлыг ихээр татлаа. Үүнтэй холбоотойгоор нэр дэвших эрхээ авч чадаагүй "Женко" Х.Баттулгын талынхны зүгээс нам руу чиглэсэн зарим акцуудыг өрнүүлж эхэллээ гэж харахаар байна.
Тодруулбал, дөрвөн сарын өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Би сонгуульд нэр дэвшихгүй" хэмээн мэдэгдэж явсан. Гэтэл сонгуулийн нэр дэвшилтийн сүүлийн мөчид хойд бүсэд нэр дэвших эрхийг атгаж амжив. Түүний хувьд сонгуульд өрсөлдөхгүй хэмээн мэдэгдэж явсан нь МоАХ чиглэлтэй хүмүүсээ тойрог болон жагсаалтад сойж, өөрөө хангайн бүсийн сонгуулийн менежерээр ажиллана гэх тохироо хөшигний ард явж байсантай холбоотой. Харин нэр дэвшилт эцэслэгдэх үед түүний гэсэн хүмүүс нам дотор жийгдэх магадлал өндөр болсон тул хоёр дахь төлөвлөгөөндөө шилжсэн нь энэ.
Тиймдээ ч хэрүүл шуугиан ихтэй өндөрлөсөн ҮБХ-ны хурлаас "Женко" талын олон горилогчид сугарч үлдсэн. Ийнхүү тойрог ч үгүй, жагсаалт ч үгүй хоцорсон гомдогсдын арми намаа бүхэлд нь муухай харагдуулах үйл явцыг өрнүүлж эхлэв бололтой. Өнөөдөр л гэхэд УИХ-ын гишүүн асан Г.Уянга, МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн П.Нүрзэд, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Ган-Очир нар ээлж дараалан мэдэгдэл хийв.
Тодруулбал, Б.Ган-Очирын хувьд өөрийнх нь хувьд сонгууль өндөрлөсөн хэмээн мэдэгдэхтэй зэрэгцэн нийслэлийн БГД-т түүнийг нэр дэвшүүлэхээр УТЗ болон ҮБХ-ны шийдвэр тогтоол гарч баталгаажсан ч хурал дууссаны дараа нэр солигдсон гэх мэдээлэл гарч эхлэв. Харин УИХ-ын гишүүн асан Г.Уянгын хувьд нэр дэвших эрхээ авч чадаагүй бөгөөд өнөөдөр намаас гарч буйгаа мэдэгдээд намд өгсөн хандив болон татварт төлсөн гэх 16 сая төгрөгөө "нэхэмжилсэн" юм. Харин жагсаалтын 23-рт бичигдээд байсан МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн П.Нүрзэд өөртэй нь зөвшилцөөгүй гэх шалтгаанаар жагсаалтаас нэрээ татаж буйгаа мэдэгдсэн юм.