Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны зан төлөвд түрэмгий зан чанар илүүтэй ажиглагдах болж. Нэг хэсэг байрны эсвэл сургуулийн "АТАМАН" гэх цол гуншинтай нэгэн хавь ойрын хүмүүсээ хоргоож, зодох тохиолдол их байсан ч энэ үзэгдэл дахин сэдэрчээ. Бараг л өсвөр насны хүүхдүүд бие биедээ дарамт, шахалт үзүүлж буй нь хэвийн үзэгдэл болоход ойрхон болж. Тиймээс үе тэнгийнхний дээрэлхлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгжүүлэх 10 алхмыг хүргэж байна.
- Өдөр бүр хүүхэдтэйгээ ярилцаж, тэднийг сонс.
Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхэд нь хохирч гэмтсэн, эсвэл хэн нэгнийг дарамталж дээрэлхэх зэрэг асуудал гарч хүндэрснийх нь эцэст л мэддэг. Тэгэхээр хүүхдүүдийнхээ байр байдал, нийгмийн амьдралын талаар тэдэнтэй нэг бус удаа ярилцах нь чухал.
- Эелдэг найрсаг харилцаа, зан чанар, манлайллаараа үлгэрлэ.
Хүүхэд эцэг эхийнхээ дэргэд өсөж торнихдоо тэдний харилцааны хэв маяг, зан чанараас их зүйлд суралцдаг. Жишээ нь, эцэг, эх нь машин жолоодож яваа хэн нэгэн руу уурлаж уцаарлах, дайрч давшлах зэргээр зүй бус хандах үед хүүхэд чинь таны гаргаж буй зан үйл үйлдлийг ажиглан суралцаж байдаг. Иймд та өөрийн хүүхдэдээ эерэг зан чанар, хэнийг ч үл ялгаварлах, харилцааны үр дүнтэй арга, хэлбэрт суралцах боломж олгон, тэдэнд үлгэр дуурайл үзүүл.
- Хүүхдийнхээ шинж байдлыг таньж сур.
Ихэнх хүүхдүүдийн хувьд бусдад дээрэлхүүлж байгаа тухайгаа хэн нэгэнд ялангуяа насанд хүрэгчдэд яриад байдаггүй. Бусдын дээрэлхэлтэд өртөж хохирсон хүүхдэд илэрч болох зарим шинж тэмдгүүдийг таньж сурах нь эцэг эх, асран хамгаалагчдад ихээхэн тустай. Жишээ хувийн эд зүйлсээ олон дахин алдаж гээх, толгой эсвэл гэдэс нь өвдөж дотор нь муухайрах, сургуулийн үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх, сургууль руугаа хэт эрт эсвэл хэт оройтож явах гэх мэт.
- Багаас нь эрүүл харилцааны дадал, зан үйл хэвшүүл.
Та өөрийн хүүхдэд багаас /цэцэрлэгийн наснаас/ нь хүчирхийллийн бус, үл ялгаварлах эрүүл дадал зуршилтай болж өсөж торниход нь тусалж дэмж. Хүүхдэдээ бусадтай харилцахдаа юу хийж болохгүй вэ? зөвлөж, зааж сурга. Жишээ нь бусдыг доог тохуу хийх, дээрэлхэх, зодож цохих, зүй бус харилцаж болохгүй гэдгийг хэлж ойлгуул.
- Сургуульд дэмжлэг үзүүлж, хамтран ажилла.
Таны хүүхэд бусдад гадуурхагдаж дарамтлуулдаг, эсвэл үгүй ч байж болно. Харин сургууль энэ асуудлыг хэрхэн анхаарч үзэж байгаа талаар та мэддэг байх ёстой.
- Гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхойл.
Бусдад дээрэлхүүлэх, эсвэл бусдыг дээрэлхэх зэрэг нь тэвчиж өнгөрүүлэх, хэвийн, зөв зүйл биш гэдгийг хүүхдүүддээ хэлж ойлгуулах ёстой. Сургууль, гэр бүл, айл хөрш /амьдарч буй хотхон хороо, дүүрэг г.м/, интернэт орчин дахь дарамт шахалт, дээрэлхэлтийн талаар хүүхдүүдийн мэдэж байгаа зүйлсийг лавлаж нягтлах. Энэ талаар хэлж ярьснаар хүүхдэд ямар нэг аюул эрсдэлгүйн сацуу чухал болохыг ойлгуулах хэрэгтэй.
- Асуудлыг хэрхэн илчлэх/гэрчлэх талаар хүүхдэдээ зааж зөвлө.
Судлаачдын дүгнэснээр дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхлыг нүдээрээ харж, гэрч болсон хүүхэд өөрийгөө сул дорой, хүч чадалгүй мэтээр мэдрэх тохиолдол элбэг байдаг. Заримдаа тэд өөрсдөө ч эл асуудалд ямар нэгэн байдлаар оролцсон байж болно. Тухайлбал, иймэрхүү тохиолдлыг харсан даруйдаа “Үүнийгээ зогсоо”, “Чи бусдыг дээрэлхэж гадуурхахаа боль” гэж хүмүүст сонсогдохоор зоригтойхон чангаар хэлж хашхирч болно. Түүнчлэн хохирогч болсон нэгэндээ тусалж дэмжих боломжтой ба юу харж үзсэн, ямар асуудал, үйл явдал болсон тухай тэр даруйд нь насанд хүрэгчдэд мэдээлэх нь зүйтэй.
- Интернэт буюу цахим сүлжээн дэх дарамт шахалт, гадуурхлын талаарх хүүхдэд хэлж таниулах.
Ихэнх хүүхдүүд цахим ертөнц дэх дээрэлхэлт, дарамт шахалтын талаар тодорхой ойлголт төсөөлөлгүй байдаг. Цахим сүлжээгээр дамжуулан дээрэлхэх гэдэгт доромжилсон өнгө аястай бүдүүлэг үг, өгүүлбэр, заналхийлж, сүрдүүлсэн захидал, зураг, гомдож эмзэглэмээр илгээмж, хүний хувийн шинжтэй, эсвэл сул дутагдалтай талыг харуулсан мэдээлэл зэргийг илгээхээс гадна цахим хүрээлэл, олон нийтийн сүлжээнээс хасах гэх мэт янз бүрийн үйлдлүүд багтана. Эдгээр үйл үйлдлүүд нь хүнийг бие махбодын хүчирхийллийн нэгэн адил магадгүй түүнээс ч хэцүү, тэсэж тэвчихийн аргагүй байдалд оруулдаг.
- Үе тэнгийнхний дээрэлхэлт нь хүүхэд насанд зайлшгүй тохиох ёстой зүйл биш гэдэг ойлголтыг түгээх.
Хүн бүр мэдэх ёстой нэг чухал зүйл аваас гадуурхах, дарамталж дээрэлхэх зэрэг нь хүүхэд бүр зайлшгүй биеэрээ үзэж, мэдрэх ёстой хэвийн зүйл биш гэдгийг ойлгох явдал юм. Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхлын аль ч хэлбэр нь хохирсон, гэрчилсэн, үйлдсэн хүүхдүүдийн аль алиных нь хувьд ихээхэн сөрөг нөлөөтэй.