
Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 3573.95 төгрөгтэй тэнцэж, сүүлийн 12 хоног тогтвортой байна. Мөн валют арилжааны "найман шарга" төвд өнөөдрийн байдлаар нэг ам.долларыг 3594 төгрөгөөр авч 3600 төгрөгөөр арилжиж байна. Энэ нь мөн л сүүлийн өдрүүдэд тогтвортой байгаа ханш юм. Мөн евро 4100 хүртэл төгрөгтэй тэнцэж чангараад байсан бол өнөөдрийн байдлаар авах үнэ 4060, зарах үнэ 4085 төгрөг болж 15 төгрөгөөр сулраад байна.
Төгрөгтэй харьцах гадаад валютын ханшийн өөрчлөлтийг харвал, ам.доллар энэ оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 165.1 төгрөгөөр чангарсан бол сарын дотор 66.2 төгрөгөөр чангарсан байна. Мөн евро өмнөх оны мөн үеэс 355.2 төгрөг, сарын өмнөхөөс 210.2 төгрөг, рубль өмнөх оны мөн үеэс 6.2, сарын өмнөхөөс 1.8 төгрөг, юань жилийн өмнөхөөс 18.7 төгрөг, сарын дотор 5.5 төгрөгөөр тус тус чангарсан дүнтэй байна. Энэ хэмжээгээр төгрөг суларсан гэсэн үг.