Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг өнөөдөр /2025.06.02/ УИХ авч хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор УИХ хамгийн чухал мөчид санал хураалтыг ил хураах уу, нууцаар хураах уу гэдэг асуудал анхаарал татаж байна. Харин энэ асуудлыг хуульд ийнхүү заажээ. Тодруулбал, Үндсэн хуулийн 44-р зүйлийн 1-т “Итгэл үзүүлэх тогтоолыг нийт гишүүдийн олонхоор шийдвэрлэнэ” гэж заасан. Нууцаар эсвэл илээр гэж тодорхой заагаагүй нь ИЛ ЯВУУЛНА гэсэн үг.
Харин Үндсэн хуулийн 27-р зүйлийн 7-д “7.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гишүүдээс горимын санал гаргаж Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг байнгын хороо болон УИХ дээр нууцаар санал хураах шийдвэр гаргуулж болно гэсэн үг.
Хэрвээ нууц санал хураалт хийхийг дэмжвэл УИХ-ын дэгийн тухай хуулийн 10-р зүйлийн 2-т “Ил санал хураалтыг цахимаар, эсхүл гар өргөж, нууц санал хураалтыг цахимаар, эсхүл санал хураах хуудсаар явуулна” гэж заасны дагуу цахимаар уу, цаасаар уу гэдгийг санал хурааж шийднэ.