Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Батбаяр: Хамтарсан ЗГ тарахдаа хүрвэл АН сайн сөрөг хүчин болж, хяналтынхаа үүргийг гүйцэтгээд л явна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 4 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг УИХ өнөөдөр хэлэлцэнэ. Тэгвэл эл тогтоолын төсөл болоод хамтарсан ЗГ-ын үйл ажиллагаа чиглэлд УИХ-ын гишүүн Д.Батбаярын байр суурийг тодрууллаа.

-Сүүлийн өдрүүдэд хамтарсан ЗГ-ын үйл ажиллагаа цаашид хэрхэх эсэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ руу оруулж ирлээ. Таны хувьд тогтоолыг төсөлд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Хуулиараа Засгийн газарт бодлогын эсхүл төсөвтэй холбоотой асуудал дээр итгэл хүлээлгэх эсэхийг УИХ хэлэлцэж болно гэж заасан байгаа. Миний хувьд цүнхний эсвэл бөгжний асуудлыг бодлогын түвшний асуудал гэж бодохгүй байна. Эрх барьж байгаа буюу олонх болсон намынх нь удирдах дээд байгууллагынх нь шийдвэр гарчихсан юм билээ. Тэгэхээр үүнийх нь дараагаар Засгийн газар дээрээ шийдвэр гаргаад тогтоолын төсөл орж ирээд байна. Үүнийг нь УИХ хэлэлцээд явах байх.

-Танай намын гишүүд МАН бага хурлын шийдвэрээ АН-ынханд танилцуулж ч чадахгүй байна гэж байсан?

-Намынх нь дотоод асуудал л байх. Гэхдээ манай намын гишүүдийн хувьд өөр өөрийн байр сууринаас эл асуудалд хандаж байна. Нэгэнт эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой гэсэн нэг хэсэг байгаа бол жижиг, томоос үл шалтгаалаад хариуцлага тооцох ёстой гэсэн хүмүүс ч байна. Миний хувьд аль алийг нь тусад нь шийдээд явах боломжтой асуудал гэж харж байгаа. Орлого нотлох асуудал байгаа бол нотлох л ёстой. Үүнтэй зэрэгцээд мега төслүүд болоод хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа хийгээд явах боломжтой шүү дээ. Засгийн газрын ажил ганц хувь хүнээс хамаараад гацчихдаг гэж би ойлгохгүй байна. Тиймээс энэ ажлууд урагшлах ёстой. Хоёр тусдаа асуудал л гэж харж байна.

-Шүүмжлэлтэй гол өнцөг нь, Ерөнхий сайдын орлогоо нотлох асуудал Ардчилсан намыг ЗГ-аас гаргах үйл явц хоёр холбогдсонд байгаа шүү дээ?

-Тийм ээ. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо байх ёстой гэдэг л асуудал. Хувь улстөрчийн орлоготой холбоотой асуудлыг өнөөдөр Засгийн газар тарах хүртэл босгоод ирчихсэнд гол асуудал байгаа юм. Өмнө хэлсэнчлэн хувь хүний орлоготой холбоотой асуудал нь тусдаа явагдах ёстой байсан. Гэтэл үүнийг Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орохдоо байгуулсан гэрээгээ зөрчсөн учраас Засгийн газраас гаргах ёстой гэж нам нь шийдвэр гаргаж байгаад АН-ын гишүүд сэтгэл дундуур байгаа.

-МАН-ын Бага хурлын шийдвэрт хамтарсан ЗГ-д орсон нэр бүхий намын УИХ дахь бүлгийн гишүүд удаа дараа гэрээгээ зөрчсөн гэх үндэслэл бичигдсэн байсан. Танай бүлгийн гишүүд ийм зөрчил гаргасантай гэдэгтэй та санал нийлэх үү?

-Засгийн газарт хамтарна гэдэг нь УИХ-ын түвшинд чимээгүй болно гэсэн үг биш. Бурууд шүүмжлэлтэй хандана, зөвийг нь дэмжээд л явна. Ярих зүйлээ ярьж, хэлэх зүйлээ сануулна. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрх. Заавал хийх ёстой ажил нь. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааг ЗГ-т нөлөөлсөн байна гэдэг үндэслэлийг би хүлээн зөвшөөрөхгүй.

-Танай намын хувьд хамтарсан Засгийн газраас ямар ч тохиолдолд гарна гэдгээ мэдэгдсэн. Ер нь өнгөрсөн хугацаанд танай намаас томилогдсон сайд нар хэр ажилласан гэж та дүгнэж байгаа вэ?

-Хамтарсан Засгийн газар өдий хүртэл хугацаанд ажиллахад манай намаас томилогдсон сайдууд хамгийн галтай, хамгийн олон жил гацсан ажлуудыг гардаж хийсэн. Нэг ёсондоо, хамгийн хүнд хүчир ажлыг нь хийгээд явсан. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдөж, хамтарсан Засгийн газар тарж МАН дангаараа засаг барьсан тохиолдолд Ардчилсан нам сайн сөрөг хүчин болно. Сөрөг хүчнийхээ ажлыг сайн хийнэ. Хяналтынхаа үүргийг гүйцэтгэнэ. Шүүмжлэх зүйлээ шүүмжилж, дэмжих зүйлээ дэмжээд явна.

“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.