Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.05.29/ өглөө улс төрийн хүрээнд маш том мэдэгдэл хийлээ.
Тодруулбал, тэрбээр "ҮХНӨ оруулж Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохгүй" гэх байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн сүүлийн үед парламентад гараад буй парламентын засаглалыг Ерөнхийлөгчийн засаглал руу шилжүүлэх олон нийтийн санал асуулга явуулах хувилбарыг дэмжихгүй гэдгээ хэллээ. Өмнө нь тавдугаар сарын 18-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно” гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл энэ удаа өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан дээрх хоёр байр суурийг илэрхийлснээрээ маш онцлог. Үүний ард улс төрийн ямар өнцөг байна вэ гэдэг нь хамгийн чухал. Яг одоо Монголын улс төрд өрнөөд байгаа Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ огцрох эсэхтэй холбоотой асуудалд Ерөнхийлөгчийн байр суурь шууд холбоотой гэж хэлэхэд болно.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах асуудал ярихтай зэрэгцээд Ерөнхийлөгчид дахин нэр дэвших цаашлаад гүйцэтгэх засаглалыг тогтворгүй болгож парламентын засаглал руу шилжүүлэх хувилбар улс төрийн хөшигний ард яригдаж байна гэх мэдээлэл гишүүдийн дунд яригдаж, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэх болсон. Тэгвэл Ерөнхийлөгч энэ байр суурийг ийнхүү эрс хатуу няцаалаа. Ингэж няцааж байгаа шалтгаан нь улс төрийн хөшигний ард өрнөж буй Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарын улс төрийн "зодоонтой" шууд холбоотой.
Ерөнхийлөгч эгзэгтэй цаг үед ийн байр сууриа илэрхийлж байгаа нь. Хэрэв Ерөнхий сайд огцорвол өөртэй нь огцорсон шалтгааныг холбож яригдахаас сэргийлж байна.
Хоёрдугаарт, Өнөөдрийн илэрхийлсэн байр суурь нь довтолгоо гэж хэлэхэд болохоор байна. Парламент руу итгэл хүлээлгэх асуудлыг оруулж ирсэн Ерөнхий сайдтай Ерөнхийлөгч шууд гардан тулаанд орох мэдэгдэл хийж буй нь энэ юм. Ерөнхийлөгч тавдугаар сарын 18-нд хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан дахин нэр дэвшихгүй гэх байх сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайдыг "ажлаа өг", "өөрийнхөө хүсэлтээр огцор" гэх шахалтыг үзүүлсэн байдаг. Харин Ерөнхий сайд үүнээс зөрж намын бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн асуудлыг ярьсан. Бүр цаашлаад парламент руу итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирж парламентад санал хураалгаж, хүнд байдалд оруулах хэмжээний зүйлийг эхлүүлсэн. Тэгвэл үүнд Ерөнхийлөгч ихэд эгдүүцсэн бололтой. Өнөөдөр болон маргааш ойрын хугацаанд өрнөх улс төрийн зүйлс тодорхой боллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэд эрс хатуу улс төрийн тоглолт болон шахалтуудыг үзүүлнэ. Харин Л.Оюун-Эрдэнэ хэрхэн үүнийг тооцоолж давж гарах вэ гэдгийг нь харах л үлдлээ. Магадгүй парламентад итгэл хүлээлгэхтэй нь зэрэгцээд Ерөнхийлөгчийн талаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг шууд ярих магадлалтай. Эсвэл Л.Оюун-Эрдэнийн оруулж ирсэн итгэл үзүүлэх тогтоолын төслийг нь дэмжихгүй байх чиглэл рүү орж байх шиг байна.
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (22)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!