
Улс төр улам хэрүүлтэй болж байна. Уг нь ирээдүйн улс төрөө эрүүлээр харвал Ерөнхий сайд “Одоогийн “нэгдүгээр” хүний шахалтад хавчигдаад, бүлэглэлд шахагдаад ажлаа өглөө” гэдэг хамаагүй зөв гарц. Гэвч эрх мэдэлд хүрсэн эргэн тойрныхон болон намын нөхөд нь түүнийг “Эцсээ хүртэл яв” гэх хамгийн хүнд хэцүү, буруу зам руу чиглүүлэв бололтой. Ерөнхий сайд өөртөө ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ тогтоолын төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр болсон гэнэ.
Улс төрийн наадах цаадахаа бодохоор арай ч ингэх боломжгүй. Гэхдээ Ерөнхий сайд нэгэнт шийдсэн бол Үндсэн хуулиар өөрт нь олгогдсон бүрэн эрхээ эдлэх нь буруу зүйл биш. Харин араас нь өрнөх улс төрийг яах вэ. Одоо итгэл үзүүлэх асуудлыг парламент дэмжвэл Ерөнхий сайд үлдэнэ. Дэмжихгүй гэж кноп дарвал Засгийн газар огцорно. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн дээр фокуслаж олон хоног жагссан иргэдийн эсэргүүцэл парламент руу эргэхэд бэлэн болно гэсэн үг. Үүний бэлтгэлийг хангаж "УИХ ТАР" гэдэг шошготой жагсаал "ажиллаж" хээрийн сургуулилалт өнгөрсөн өдрүүдэд хийсэн.
Ерөнхий сайд хэрвээ УИХ руу өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирвэл үлдэх үү. Кноп тоолоход Ерөнхийлөгчийг барах уу гэдэг асуулт хамгийн их анхаарал татна. Яг нарийн тоолж үзвэл харьцаа АН-д ч, МАН-д ч маш ойрхон байна. Үндсэндээ 50:50 хувь гэсэн үг. Мэдээж ИЗНН-ын М.Нарантуяа-Нара гишүүнээс бусад нь эсрэг дарна. Н.Номтойбаярын эвсэл бүхэлдээ эсрэг явах нь ойлгомжтой. Харин ХҮН нам яаж тоглох вэ гэдэг сонин. Засаг нь унавал тэдний ранк засаг дотроо шууд АН-ын хэмжээнд яригдана гэдгийг бодох л ёстой өнцөг.
Итгэл үзүүлэх асуудал орж ирвэл хамгийн түрүүнд Ардчилсан нам шалны алчуур болно. Тэд ямар ч тохиолдолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хамгаалахгүй гэдэг бичиг цаас дээр гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Одоогийн байдлаар 42 гишүүнтэй бүлгээс дөнгөж тал нь буюу 20 орчим гишүүн л "Ерөнхий сайдыг дэмжихгүй" гэж гарын үсэг зурсан мэдээлэлтэй байна. Үлдсэн хэсэг нь бөөн барьцаатай нөхөд ба албан тушаалд хүрсэн сайдууд хамгаалж үлдэх төлөвтэй байгаа гэсэн үг. Ингээд хөөгдөж туугдсан ч хамаагүй хөгөө чирээд хаяа хатавчинд нь суусан гэх муу нэр луу дансыг жинхэнэ утгаараа АН хүртэнэ. АН үзэн ядагдана.
Өмнөх түүхүүдийг харахад, итгэл үзүүлэх асуудлыг УИХ руу барьж орсон тохиолдол байдаггүй. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцүүлэх гэж байгаад больж байсан удаатай. Яагаад вэ гэвэл нэгэнт ЗГ-ыг огцруулахаар, Ерөнхий сайдыг явуулахаар шийдсэн улс төрийн нүүдэл зүгээр нэг сэтгэлийн хөөрөл байдаггүй. Энд эрх ашиг, улс төрийн нэгдэл нягтрал байдаг учраас намынхантайгаа болон Ерөнхийлөгчийн институттай зөрчилдөхийг хүсдэггүй гэсэн үг. Ер нь Ерөнхийлөгчтэй ингэж зөрж байгаа Л.Оюун-Эрдэнэ нэг бол дэндүү хүчтэй байна. Үгүй бол тэнэг зоригтой байна л гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн асуудлаас улбаалсан асуудлаа энэ хүртэл явуулж одоо бүр парламентаар шийдүүлэх гэж байгаа нь буруу алхам гэж хэлэхэд болно. Ерөнхийлөгч ажлаа өгөхийг шаардсан. Өргөдлөө өгөхийг тулгасан. Гэвч үүнээс зөрж намын хурлаа хуралдуулж, өөрийнхөө тухай биш хамтарсан ЗГ-ын асуудлыг намын хурлаараа яриулсан. Бага хурлаараа АН-ыг хөөх шийдэл гаргуулсан. Товчхондоо, хувийнхаа асуудлыг толгой дааж шийдэхгүйгээр Бага хурлын гишүүдээ шавхайтай хутгасан. Бага хурлын гишүүд нь бантахдаа хамтарсан ЗГ-ыг задлах шийдвэр гаргаж орлого нотлох асуудлаас биш хамтрал тарснаас болж Ерөнхий сайд ажлаа өглөө гэдэг өнцөг рүү эргүүлсэн. Ингээд цүнх савтай холбоотой үүссэн өөрийнх нь асуудал өглөө босоод ирэхэд, Ардын намын зовлон болсон түүхтэй. Энэ хооронд хичнээн хүн хоорондоо зөрчилдөж, хэдэн хүн аль талд санал өгөхөө мэдэхгүй талцаж хуваагдав. Ядрахад ярь гэгчээр УИХ дахь намын бүлэг нь хүртэл хоёр хуваагдаж Ерөнхий сайдаа огцруулна, огцруулахгүй гэсэн талцал руу автоматаар оров.
Ерөнхий сайд огцор гэж байсан жагсаал “Ардын нам зайл” болон уриагаа өөрчлөв. Одоо УИХ-аар итгэл хүлээлгэх асуудлыг ярих нь Ардын намын зовлонг бүр өргөжүүлж парламентын зовлон болгоно гэсэн үг. Одоо парламентаар санал хураахад энэ зөрчил тэнгэрт тулна.
Парламент нь аваад үлдчихвэл орлогоо нотлоогүй Ерөнхий сайдыг авч үлдсэн “ял”-д шууд унана. Энэ “ял”-ыг хамгийн түрүүнд биеэрээ төлж барагдуулах хүн нь спикер Д.Амарбаясгалан. Иргэд 126 гишүүний нэрийг уншиж дайрахгүй. Бүгд л толгойлогч руу нь, олны “танил” руу нь довтолно.
Энэ бол улс төрийн биш төрийн хямрал руу бүхэлдээ орохын цондон. Засгийн газар, УИХ хамтдаа нийгмийн дэмжлэггүй болж легитим шинжээ алдана. Ийм хэмжээний эрсдэлтэй улс төрийг үүрээд үлдлээ гэхэд Ерөнхийлөгчийн, Ардчилсан намын, намынхаа дэмжлэггүй Ерөнхий сайд аль хүртэл явах вэ. Үнэндээ хэцүү. Чуулганаар ЗГ-ын нэг ч хууль батлагдахгүй. Төсвийн хуулийг нь ирэх намар жинхэнэ шороотой хутгана.
Зуурах тусам нөхцөл байдал улам л хүндэрнэ. Бүх зүйл өөрийнх нь эсрэг явсаар л байх болно. Улс төрд нам гэдэг хамгийн чухал. Ардын нам бол Ардчилсан нам шиг эргэж хургадаг нам биш. Нэг “тоглоомоос” гаргахаар шийдвэл хэнийг ч байсан эргийн гадна гаргаж чулуудчихаад, буцааж оруулдаггүй. Өөрөө ч тийм үйлдэл хийж М.Энхболд тэргүүтэй маш олон Ардын намын улстөрчдийн замналыг өндөрлүүлж байсан хүн.
Бодох л хэрэгтэй. 4-5 жилийн дараа эхлүүлсэн том төслөө бариад улс төрд эргэж ирэх нь чухал уу. Өнөөдөр нэгэнт асуудал нь өөрөөс нь хамаарахгүй нөгөө тал руу эргэчихээд байхад улайран зүтгэх үү гэдгээ...
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!