Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ “НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ”...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 1 секунд
Edited by Ubn.mn. Гэрэл зургийг MPA.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн хувь заяаг өнөөдөр шийднэ. Итгэл үзүүлэхийг хүссэн тогтоолын төслийг нь УИХ дэмжвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ажлаа үргэлжлүүлнэ. Гишүүд “үгүй” гэвэл суудлаасаа огцорно. Товчхондоо өнөөдөр Монголын улс төрийн ойрын таван жилийн өнгийг тодорхойлно. Тиймээс намын бүлгүүдийн хурлаас эхлээд байнгын хороо, чуулганы хурлыг нүд цавчихгүй анхаарах ёстой юм.

НЭГ, Танхимын тэргүүнд нь УИХ итгэл хүлээлгэчихвэл Ерөнхий сайд ЗГ-ын хуулийн 22.3 дахь заалтаа бариад өргөдлөө өгсөн АН-ын сайдуудыг чөлөөлөхгүй явж болно

АН бол шийдвэрлэх “тоглогч”. МАН бол ойлгомжтой Ерөнхийлөгчийн талд 30 орчим, Л.Оюун-Эрдэнийн талд 28 орчим хүн зогсож буй. Д.Амарбаясгалан даргын квотын кноп хаашаа чиглэнэ. Асуудал тэр талд нь шийдэгдэнэ. Гэхдээ үүнээс урьтаж 42 гишүүнтэй АН-ын бүлэг яаж кноп дарахыг илүү их сонирхох ёстой.

Ямар ч байсан мандахын улаан нарнаар Лу.Гантөмөр итгэл үзүүлэх асуудлаас урьтаж найман сайдынхаа өргөдлийг Ерөнхий сайдад өгөх байх. Эсвэл бүр баасан гарагт өгчихсөн ч байж болзошгүй. Энэ өргөдлөө өгөх улс төр бол Лу.Гантөмөр тэргүүтэй АН-ын найман сайдын заль. Тэд ЗГ-аа хамгаална гэдгээ үүгээрээ нотлон харуулж буй юм. Хэрэв түрүүлж өргөдлөө өгөхгүй итгэл үзүүлэх асуудал руу орчихвол сандал суудлаа хамгааллаа гэдэг муу нэр зүүнэ. Тиймээс л түрүүлж “нүүж” байгаа нь энэ юм. Э.Одбаяр сайд нь хүртэл “Л.Оюун-Эрдэнэ найзтайгаа хаана ч хамт байна” гэж засгийн хурал дээрээ “тангараг” маягийн зүйл хэлсэн талаар бор шувуу саарал ордонд нисэж явна лээ.

Тэгвэл хэрвээ ЗГ-аа кнопоороо хамгаалаад үлдчихвэл өргөдлөө өгсөн АН-ын найман сайд яах вэ. Саарал ордонд лааз өшиглөх үү. Үгүй.

Одоогийн байдлаар аль ч тохиолдолд Ерөнхий сайдыг хамгаалахгүй гэдэг Б.Жаргалан гишүүний бланк дээр 25 орчим АН-ын гишүүн гарын үсэг зурсан мэдээлэлтэй байна. Өөрөөр хэлбэл, АН ерөнхийдөө 50:50 хувьтай хуваагдсан байна гэсэн үг.

Тэгвэл яагаад ЗГ-аасаа гарчихаад ингэж намаа хувааж, кабинетын тэргүүнээ хамгаална вэ. ЗГ-ын тухай хуулийн 22-р зүйлийн 3-т Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, өргөдлөө өгсөн сайдуудыг ажлаас нь чөлөөлөх эцсийн шийдийг Ерөнхий сайд гаргана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш тодорхой байр сууриа “АН, ХҮН, МАН гэсэн хамтрал цаашаа явах ёстой. Энэ хамтралыг тараавал би ажлаа өгнө” гэж илэрхийлээд буй. Тиймээс хэрвээ Ерөнхий сайдад УИХ-аас итгэл үзүүлбэл өргөдлөө өгсөн АН-ын найман сайдыг чөлөөлөхгүйгээр ажлыг нь үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайд шийдэх боломжтой гэсэн үг. Төрийн ажлыг Лу.Гантөмөр тэргүүтэй найман сайд дур мэдэж хаяж явж болохгүйг хууль хатуу сануулсан байгаа. Ялангуяа эдийн засаг хүндэрсэн, ирэх жилийн төсвийн цаглабар эхэлсэн энэ үед танхимынхаа маш чухал асуудал хариуцсан сайдуудаа тавиад туучихна гэдэг утгагүй. Явууллаа гэхэд АН-ын бүлгийн улс төрийг парламент дотор дийлэхгүй.

Тиймээс Лу.Гантөмөр шилний цаанаас чихэр долоолгох “мэх” хийгээд түүнийг нь мэдсэн Э.Бат-Үүл “Засагтаа үлдэж намаа үндэсний шившиг болгох бололтой” гэж цамнаж байгаа юм.

ХОЁР, Асуудлыг шуурхай хэлэлцэх нь дараагийн “довтолгооноос” сэргийлсэн Ерөнхий сайдын хүсэлт үү

Спикер Д.Амарбаясгалан асуудлыг яагаад шуурхайлахаар шийдэв. Энэ асуултын хариулт орой гарах эцсийн шийдвэртэй уялдана. Үлдэхээр хичээж буй Ерөнхий сайд асуудлаа нэг өдрийн дотор хэлэлцүүлж шийдүүлэхийг хүсэв үү. Араас нь түлхэж буй Ерөнхийлөгчийн талынхан “барилдааныг” шуурхайлахыг хүсэв үү. Хэрвээ Ерөнхий сайд шуурхайлахыг хүссэн бол тэр нөгөө талдаа дайралт хийх цаг өгөхгүй байхаар тооцжээ. Түүний ах “Херо” Б.Баатар руу чиглэсэн асуудлууд сошиалд хүчтэй сэвэгдэж, Ж.Баярмаа гишүүний мэдэгдэл хүртэл түүнд цохилт болж очсон. Хугацаа өгвөл өөр ямар цохилт орж ирэхийг төсөөлөхөд бэрх. Тиймээс хугацаа сунавал Ерөнхий сайдад ирэх “довтолгоо” олширч, илүү их “шарх” авах эрсдэлтэй.

Харин Ерөнхийлөгчийн талынхан шуурхайлахыг хүссэн бол Ерөнхий сайдын талыг нэмж кноп “цуглуулах”-ыг нь таслан зогсоохыг хүссэн байх. Хугацаа өнгөрөх тусам асуудал утгаа алдаж байгаа. Намын хямралаасаа төрийн хямрал руу орж буй.

Эдгээрээс гадны нийгмийн анхаарал болон жагсагчдын эрчийг бууруулж, асуудлыг шөнөөр шийднэ гэсэн үг. Намын бүлгүүд хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хороо санал дүгнэлтээ гаргана. Ингээд чуулганаар орж, бараг гишүүн болгон өмөөрч, хамгаалж үгнүүдээ хэлнэ. Ингээд санал хураалт ерөнхийдөө шөнөөр болж нэг хэсэг нь баярласандаа хундага өргөж, нөгөө тал нь өсөрхсөндөө хундага тулгана.

Баталгаатай нэг зүйл нь УИХ дээр санал хураасны дараа Ардын нам хоёр хуваагдсан байх болно. Яг л “Женко” Х.Баттулга АН-ыг хоёр хуваасан түүх шиг.

ГУРАВ, Саналыг нууцаар хураахгүй бол парламентын байтугай МОНГОЛЫН ЗОВЛОН болно

Өөр нэг чухал зүйл бол саналыг ил хураах уу, нууцаар хураах уу гэдэг асуудал. Үндсэн хуулийн 44-р зүйлийн 1-т “Итгэл үзүүлэх тогтоолыг нийт гишүүдийн олонхоор шийдвэрлэнэ” гэж заасан. Нууцаар, эсвэл илээр гэж тодорхой заагаагүй нь ил явуулна гэсэн үг. Харин Үндсэн хуулийн 27-р зүйлийн 7-д “7.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гишүүдээс горимын санал гаргаж Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг байнгын хороо болон УИХ дээр нууцаар санал хураах шийдвэр гаргуулж болно.

Хэрвээ нууц санал хураалт хийхийг дэмжвэл УИХ-ын дэгийн тухай хуулийн 10-р зүйлийн 2-т “Ил санал хураалтыг цахимаар, эсхүл гар өргөж, нууц санал хураалтыг цахимаар, эсхүл санал хураах хуудсаар явуулна” гэж заасны дагуу цахимаар уу, цаасаар уу гэдгийг санал хурааж шийднэ.

Найман сайдынхаа өргөдлийг өгүүлж байгаад кнопоо олигтойхон үнээр “зарчих” вий гэсэн хардлага дунд байгаа АН-ынхан бол нууц санал хураалтыг дэмжинэ. Ерөнхий сайд бол ил санал хураалтыг дэмжих байх. Уналаа гэхэд огцруулах санал өгсөн гишүүдэд “MCS”, “Баялгийн хулгайч” гэх зэрэг нэр хоч зүүлгэхэд амар. Дээр нь ярьсан хэлсэн тохироо байдаг бол тэр зүйлдээ хэн нь үнэнч байхыг харна. Ер нь ил санал хураалт бол эрх мэдэлтэй хүнд л ашигтай тусна.

Ерөнхийлөгчийн тал бол нууц санал хураалтыг дэмжинэ. Тэд аль болох Ерөнхий сайд талд байгаа АН болон МАН-ын гишүүдийг татаж тоглохыг хичээх нь гарцаагүй.

Ер нь хүний асуудлыг шийдэхдээ нууц санал хураалтаар явуулах нь зөв. Үгүй бол парламент доторх АН, МАН хоёр хоёулаа хагарна. Итгэл үнэмшил дээрээ бат зогсох хүмүүс нийгмийн эсэргүүцлээс айна. Нэр хоч зүүхээс зугтана.

ДӨРӨВ, УИХ нэгэнт итгээд баталсан бодлогын асуудлаараа ахиад итгэл үзүүлэх гэж байна

Одоо бодлогын асуудал. Ерөнхий сайдын сая оруулж ирсэн итгэл хүлээлгэх тогтоолын төсөл Үндсэн хуульд заасан төсвийн, эсвэл бодлогын тодорхой асуудал байсан уу. Байсан гэж бодоход УИХ-аас нэгэнт дэмжээд гаргасан бодлогын асуудлуудаар нь дахин итгэл хүлээлгэх тухай яриа өрнүүлж буй нь логикийн хувьд алдаатай болно. ЗГ-ын мөрийн хөтөлбөр, хөгжлийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн хууль гээд хамтарсан ЗГ-аас УИХ руу орсон болгон батлагдсан. Угтаа бол төсвийг нь батлахгүй, нэг том төслийг нь явуулахгүй, бодлогын дэмжлэг үзүүлэхгүй байвал итгэл хүлээлгэх асуудлыг оруулж ирэх учиртай.

Энэ удаад Ерөнхий сайд энэ асуудлыг яаж хамгаалж УИХ-аар авч гарах нь сонирхолтой байна. Ямар ч байсан УИХ үүнийг хэлэлцэнэ. Харин араас нь Үндсэн хуулийн зөрчил болох эрсдэл байгаа юу гэвэл байгаа.

ТАВ, Ерөнхийлөгч ширэн нүүрлээд хориг тавивал Ерөнхий сайд 84 кноп цуглуулах эрэлд мордоно

Ирц хүрвэл ямар ч байсан асуудал яваад шөнөдөө багтаад нэг талдаа гарна. Гишүүд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх үү, үгүй юу гэдгээ ихээхэн заваарсан нөхцөл байдал, нийгмийн болон улс төрийн дарамт дунд шийднэ. Парламентын нэр хүнд ч шавартай хутгалдана. Ардын намын гишүүд ч дотроо хоёр хуваагдана. АН ч шившгээ хутгаж хоёр талд гарна.

Итгэл хүлээлгэхгүй гээд огцруулбал асуудал шууд өндөрлөж дараагийн Ерөнхий сайд, танхимын төлөөх өрсөлдөөнд талууд орно. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэчихвэл яах вэ.

Ерөнхийлөгчийн хориг орж ирэх үү. У.Хүрэлсүх үнэхээр эцсийг нь хүртэл явахаар шийдсэн бол УИХ-аас баталсан тогтоолын төсөлд нь хориг тавих байх. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавих шийд гаргахдаа үнэхээр том “гал” руу явж орно гэдгээ бодолцох ёстой.

Ерөнхийлөгч хэрвээ хориг тавьсан тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд итгэл хүлээлгэсэн тогтоолоо баталгаажуулахын тулд 64 гишүүн биш 84 гишүүнийг Ерөнхийлөгчийн эсрэг кноп дуулах шаардлага үүснэ. Товчхондоо, хэрвээ хориг орж ирвэл шууд огцрох ачаа тээшээ бэлдэж болно гэсэн үг. Ерөнхийлөгч хориг тавьчихаад өөрийнхөө талд байгаа бүх гишүүдээ хориг хэлэлцэх хуралд шахаад оруулчихна. Энэ тохиолдолд гарцаагүй асуудал шийдэгдэнэ. Мэдээж Ерөнхий сайд Цэц рүү бариад явах шаардлага үүсэх байх. Өнөөдрийн байдлаар Цэц дээр хэн “даам” байгаа вэ гэвэл Ерөнхийлөгчийг л шууд нэрлэнэ.

За, нөхцөл байдал нэг иймэрхүү байна. Асуудал хэрхэн шийдэгдэхийг хамтдаа харцгаая. Эхний харах ёстой зүйл АН-ын бүлэг хэрхэн шийдэх вэ. Дараа нь чуулганы ирц хүрэх үү гэдгийг харах ёстой. Ингээд эцэст нь эрх мэдлийн төлөөх институц хоорондын мөргөлдөөн төрийн хямрал болно. Муугаар яривал “УИХ тар” гэдэг зүг рүүгээ ч явж мэдэх л юм. Юу болохыг хамтдаа харцгаая.

Г.Лхагвадорж

Д.Батбаяр: Хамтарсан ЗГ тарахдаа хүрвэл АН сайн сөрөг хүчин болж, хяналтынхаа үүргийг гүйцэтгээд л явна
Д.Батбаяр: Хамтарсан ЗГ тарахдаа хүрвэл АН сайн сөрөг хүчин болж, хяналтынхаа үүргийг гүйцэтгээд л явна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.