Маргааш хүүхдийн баяр. Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг өдөр. Ямар бэлэг авахаа ярилцаж, яаж баярлахаа төлөвлөж, аль тоглоом дээр тоглохоо хүртэл бодоод хөөр баярт умбаж буй цаг үе. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн тунхагласан энэ өдөр угтаа бол хүүхэд бүхэн жаргалтай байж, эрхэлж, эрхээ эдэлж, хамгаалуулж, хайраар бялхаж байх учиртай. Яг адилхан хүүхэд бужигнасан газар боловч Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд уур амьсгал тэс ондоо. Энд баярын тухай яриа, баярлах тухай төлөвлөгөө, догдлол, хүлээлт, баяр хөөрийн аль нь ч алга.
Гунигтай харц, шарх сорви, турь муутай бие, сэтгэлийн шарх, гутрал, дутуу мэдрэмж л ноёлох. Айдас түгшүүр нь арилж амжаагүй бяцхан хүүхдүүд. Чихэндээ томоо түлэнхийн сорвитой жаахан охин, баруун хацар нь хөхөрчихсөн тэнтэр тунтар алхах бяцхан хүү, бие нь бүхэлдээ гэмтлийн сорвитой гэх 4 настай жаал, нялх дүүгээ нуруундаа үүрэн, бусдын ая талыг харан бүлтэгнэх 8 настай охин, орон дээрээ түрүүлгээ хараад хэвтчихсэн өсвөр насны охин, гадны хүмүүс хараад яаран зөрж зугтах 16-тай хүү, төрөөд л зарагдсан гэх 4 сартай нярай. Тэдний хэн нь ч хүүхдийн баярын тухай, тэр өдөр баярлах тухай бодож байгаа шинж алга. Магад зарим нь хэзээ ч энэ өдрийг тэмдэглэж үзээгүй байх. Ийм өдөр байдгийг ч мэдэхгүй байж магадгүй.
Тэдний толгойд яавал зодуулахгүй байх бол, яавал айдасгүй байж болох бол, яавал аав ээж архи уухгүй байх бол, яавал хоолтой хонодог болох бол, яавал дахиад өлсөхгүй байх бол гэсэн бодлууд л эргэлдэж буй нь лавтай. Сэтгэлзүйчийн ярьснаар бол энд амиа хорлох эрсдэлтэй, сэтгэлзүйн гүн хямралд орсон хүүхдүүд ирдэг аж. Энд тэд сэтгэлзүйн болон бусад үйлчилгээг авснаар итгэл найдвартай болж, инээж наадаж чадахтайгаа болдог гэнэ.Тийм ч учраас хүүхдүүд гэртээ буцаж харих биш эндээ үлдэхийг эрмэлздэг байна. Энд тэд аюулгүй, айдасгүй, өлсөхгүй бас үл хайхрагдахгүй байж болох учраас тэр аж.
Яаж яваад энэ нялх амьтад энд ийнхүү хоргодох болсон тухай түүхийг өгүүлье. Эдгээр эрсдэл бүхий хүүхдүүдэд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг хамтарсан багууд үйлчилгээгээ үзүүлэн хамтран ажиллаж байгааг гэдгийг энд дурдах нь илүүц биз.
Кэйс1: 200 мянган төгрөгөөр зарагдсан хүү
Түүнийг А гэж нэрлэе. Төрөөд 4 сар гаруй болж байгаа хүү. Төрсөн ээж нь нийгмийн сүлжээнд “Хүүхэд зарна” гэсэн зар тавьсны дагуу 50 орчим насны хүн хүүг 200 мянган төгрөгөөр худалдаж авсан. Хүүгээ зарсан ээжийн танил ах нь “хүүхдээ зарж болохгүй буцааж ав” гэсэн учраас хүүгийн төрсөн ээж хүүг буцаагаад авъя гээд зарсан айлдаа очсон. Гэтэл хүүг худалдаж авсан “эзэн” “би мөнгөөрөө худалдаж авсан учраас өгөхгүй” гэснээр маргаан үүсэж, цагдаад очжээ. Маргаан шийдэгдтэл А хамгаалах байранд байхаас өөр гарцгүй болж энд иржээ. Төрөөд 4 сар гаран болсон хэрнээ дөнгөж төрсөн нярайн дайны жинтэй. Хоол тэжээлийн дутагдлаас болж, биеийн хөгжил нь үеийн хүүхдүүдээс хоцрогдсон аж. Хүүхэд хамгааллын байранд ирснээс хойш бие нь тэнхэрч, хамгаалах байрныхаа багштай хамт эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарч иржээ. Төрөөд л зовлонтой нүүр тулж, хаягдаж, зарагдаж явсаар энд ирсэн энэ бяцхан хүү сөөмхөн нуруунд нь хэчнээн их ачаа буйг даанч мэдэхгүй амаа ангайн нүдээ онийлгоод хөөрхөн инээх нь өр өвдмөөр. Ирэх өдрүүдэд чухам ямар даваа гүвээ, ямар хувь заяа хүлээж буйг бурхан л мэдэх байх.
Кэйс2: Ээж нь нас барж, 3 сар гудамжинд амьдарсан хүү
Түүнийг Б гэж нэрлэе. 10 настай. Хэдэн жилийн өмнө ээжийнхээ хамт орон нутгаас хотод орж ирж, 5 шар орчимд нийтийн байр түрээслэн амьдарч байжээ. Ээж нь гэнэт нас барж, хүү нийтийн байрнаасаа хөөгдсөн байна. Наашаа гэх хамаатан садан, таних хүнгүй өнчин хүү гудамжинд 3 сар хоног төөрүүлснийг шалгах явцад олж тогтоосон аж. Б-г гудамжинд зодуулсан байдалтай хэвтэж байхыг олсон иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр хүү аврагдаж, энд иржээ. Харамсалтай нь тархиндаа хүнд гэмтэл авсан учраас өнгөрсөнд болсон зүйлсээ мартжээ. Түүний ганц санаж байгаа зүйл нь “Ээжтэйгээ 5 шард амьдардаг” гэх өгүүлбэр. Сургуульд сурдаг байсан эсэх, ямар хүмүүс түүнийг зодсон, гудамжинд өнгөрсөн 3 сард түүнд юу тохиолдсон, юу үзэж туулсан гээд алийг нь ч тэр санахгүй. Ээжийгээ өөд болсныг ч мартсан. Асуулт асуухад “Би ээжтэйгээ 5 шард амьдардаг” гэнэ. Дүрлийсэн алаг нүдтэй, нүдэнд дулаахан хөөрхөн хүү. Тэр ердөө 10-хан настай. Хүүхэд хамгааллын байранд ирээд жил гаруй болжээ. Асрамжийн газарт шилжүүлэх асуудал яригдаж байгаа ч хүү тодорхой хаяггүй учраас шаардлага хангахгүй байгаа гэнэ. Түүнээс гадна манай улсын цор ганц төрийн хэвшлийн асрамжийн газар болох “Өнөр бүл”-ийн орон тоо үргэлж дүүрсэн байдаг.
Кэйс3: Төрсөн аавынхаа бэлгийн хүчирхийллийн хохирогч
Түүнийг С гэе. 2024 оны 3-р сард төрсөн аавынхаа бэлгийн хүчирхийллийн золиос болж, энд ирсэн. Хууль, хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гарах хүртэл жил гаруйн хугацаа шаардагдаж, ар гэрт нь эрсдэлгүй болсон учраас тэр 2 хоногийн өмнө гэртээ харьжээ. Одоо байгаа 15 хүүхдийн дунд ч төрсөн эцгийнхээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд байгаа гэнэ. 2024 онд төрсөн аавынхаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон 33 тохиолдол энд бүртгэгджээ.
Кэйс4: Төрөөд удаагүй хүүхдээ айлын үүдэнд цаасан хайрцганд хийгээд орхижээ
Түүнийг Д гэе. Хэрхэн хоногтой байхад нь төрсөн ээж нь цаасан хайрцганд хийгээд айлын гадаа орхисон байжээ. Олсон иргэн дуудлага өгснөөр Д аврагдаж, хамгаалах байранд ирсэн. Нярайн биеийн байдал тааруу байсан учраас ЭХЭМҮТ-д шилжүүлэн эмчлүүлж буй аж.
Кэйс5: Зургаан настай бэлгийн хүчирхийллийн хохирогч
Одоогийн байдлаар хамгаалах байранд байгаа хамгийн бага настай бэлгийн хүчирхийллийн хохирогч зургаан настай охин. Энэ төрлийн гэмт хэргийн ихэнх нь ойр дотны буюу аав, хойд аав, авга, нагац, өвөө, дотуур байрын багш зэрэг ойрын хүрээллээс үйлдэгдсэн байдаг аж.
2024 онд 33 хүүхэд төрсөн эцгийнхээ бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ
2024 онд бүртгэгдсэн бэлгийн хүчирхийллийг үйлдэгчээр нь ангилбал,
- Хойд эцэг- 49
- Танихгүй хүн-36
- Өөрийн аав-33
- Үе тэнгийн хүүхэд- 23
- Хүргэн ах-15
- Авга ах- 13
- Хэн болохыг бүртгээгүй -12
- Багш- 9
- Ах- 8
- Өвөө- 7
- Нагац ах- 7 бүртгэгдсэн гэж Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн ахлах сэтгэлзүйч Г.Гэрэлтнаран мэдээлэв. Төрсөн эцэг нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 33 тохиолдол бүртгэгджээ.
2024 оноос бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг хүлээн авдаг хүүхэд хамгааллын тусдаа байртай болсон аж. Ингэснээр төв байран дахь ачаалал буурч өнөөдрийн байдлаар энд 15 хүүхэд байгаа аж. Улсын хэмжээнд 21 аймаг, 6 дүүрэг хүүхэд хамгаалах байртай. Тэдний нэг нь бидний байгаа энэ байр. Хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байдаг аж. Тэд бүгд хүчирхийллийн золиос болж энд хоргодож буй. Зодуулж, хаягдаж, ад үзэгдэж, үл тоогдож, наашаа гэх хүнгүй болсноо ч мэдэхгүй тоглоом хараад л хөөрч, баярлах учраа мэдэхгүй нялх үрс. Тэдний дунд биедээ хутганы сорвитой хүүхэд ч бий. Аав нь шоронд орж, ээж нь өрөө төлнө гээд хүүхдүүдээ орхиод явчихсан бяцхан эгч дүүс ч энд байна. Гэр орон байхгүй гээд ээж нь орхиод явчихсан хүүхэд ч бий. Бие мах бодийг, бэлгийн, үл хайхрах гээд төрөл бүрийн хүчирхийллийн золиос болсон хүүхдүүд энд хоргодож байна.
108 тусгай дугаарт хоногт 376 дуудлага бүртгэгджээ
2025.05.19- 2025.05.25 хүртэлх 7 хоногийн хугацаанд хүүхдийн тусламжийн 108 дугаарт нийт 2316 дуудлага бүртгэгджээ. Эдгээрээс 263 нь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай дуудлага байсныг сэтгэлзүйч Г.Гэрэлтнаран мэдээлэв. Хоногоор нь авч үзвэл 5-р сарын 26-ны өдөр 376 дуудлага ирсэн бол 5-р сарын 27-ны өдөр 298 дуудлага бүртгэгджээ.
Энд ажил хэрхэн өрнөдөг вэ?
Хүчирхийллийн дуудлага мэдээллийг 108 дугаарт бүртгэн хүлээж авдаг. Дуудлагын дагуу хорооны болон сумын Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг ажиллаж,хүүхдийг хамгаалах байранд авах шаардлагатай эсэхийг цагдаагийн байгууллагатай хамтран судоан тогтоодог аж. 21 аймаг, 9 дүүргийн хамтарсан баг тухайн орон нутагт гарсан кэйс бүрт ажиллаж, шаардлагатай гэж үзвэл хамгаалах байранд шилжүүлж, тухайн хүүхдийг хамгаалалтад авдаг аж.
Хамгаалах байранд өлгийтэй нялхаас эхлэн өсвөр насны сэтгэлзүйн тогтворгүй байдалд орсон хүүхдүүд ирнэ. Хамгаалах байрны багш ажилчид хүүхдүүдийг хооллох, асрах, өвчтэй хүүхдийг аваад эмнэлэгт хэвтэх ажил хүртэл багш ажилчдад ноогддог байна.
Тэд 24 цагаар ээлжилдэг. Хүчирхийлэлд өртөж, сэтгэл зүй нь тогтворгүй болж, амиа хорлох эрсдэлтэй хүүхдүүдийн асуудлыг харин сэтгэлзүйч хариуцна. Айдас харанхуй нөмөрсөн сэтгэлийг нь тайтгаруулж, анагаах ажлыг тэд хариуцдаг аж. Амьдарч байсан орчноосоо хамааран төрөл бүрийн сөрөг зан араншинтай хүүхдүүдтэй ажиллана гэдэг мэдээж амаргүй. Энд зөвхөн хүүхдийн төлөө гэсэн чин үнэн зүтгэлтэй, өр зөөлөн хүн л ажиллах газар юм гэж бодогдов. Эцэг эхийн хайраар дутаж, хатууг туучиж яваа хүүхдүүдэд гэрэл гэгээ, халуун дулааныг мэдрүүлж, хамгаалагдсан гэдгийг сануулж яваа энэ хүмүүст талархам.
Алга боллоо гэх зарын цаана хүчирхийллээс зугтаж, гэрээсээ дайжсан тохиолдол олон
Цахим орчинд хүүхэд алга боллоо гэх зар тавьж, эрэн хайдаг. Гэтэл энэ төрлийн дуудлага мэдээлийн талаас багагүй хувь нь ар гэрийн хүчирхийллээс зугтаж, гэрээсээ дайжсан байдаг тухай хамгаалах байрны сэтгэлзүйч Б.Хулан ярилаа. Хүчирхийллийг зөвхөн ар гэр үйлддэггүй аж.
Сүүлийн үед үе тэнгийн хүүхдүүдийн хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа бөгөөд 108 тусгай дугаарт бүртгэгдсэнээр 2024 онд нийт 1052 тохиолдол үе тэнгийн хүүхдүүдийн хүчирхийлэлд өртсөн байжээ.
Хүчирхийлэлд өртөж, хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь үл хайхрах буюу хүүхдээ хараа хяналтгүй байлгах төрлийн хүчирхийллийн хохирогч байдаг аж. Энд ирж байгаа хүүхдүүдийн ар гэрийн 80 гаруй хувь нь архины хамааралтай байдгийг сэтгэлзүйч Б.Хулан онцоллоо.
Архи байгаа газар, хүчирхийлэл байдаг аж. Савнаасаа бусдыг залгидаг сархад гээчийг хүүхдээсээ илүүд үзэж, хүүхэд насыг нь, итгэл найдварыг нь, бүр амийг нь хүртэл архиар сольж буй ээж, аавууд эцэг эх байх эрхтэй юу. Эдгээр хүүхдүүд ямар буруутай вэ. Хүн болж төрсөн нь үү, эсвэл энэ улсад төрсөн нь үү? Тэдэнд уран үгтэй уриа лоозон биш бодит хамгаалалт, айдасгүй амар тайван орчин л хэрэгтэй байна. Миний хүү шиг, таны охин шиг нялх үрс хайранд хөлбөрч, эрхэлж жаргаж нас нь атал хар дарсан зүүд шиг хүчирхийллийг амсаж, айж, ганцаардаж, өлсөж, даарч эцэст нь хамгаалах байранд хоргодон өдөр хоногийг өнгөрүүлж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бид хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаад анхаарах ёстой юм уг нь.
Сэтгэгдэл (48)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!