
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байгаа. Дүүжин тээврийн угсралтын ажил энэ 6-р сард дуусаж, туршилтын тээвэрлэлт хийх тухай хотын дарга өнгөрсөн 12-р сард мэдээлж байв. Тэрбээр өнгөрсөн өвөл буюу 12-р сарын 25-ны өдөр хийсэн мэдээлэлдээ "Энэ төслийн тоног төхөөрөмжүүд Франц улсаас орж ирж байгаа. Ирэх оны 6-р сар гэхэд үндсэн цамхагуудаа, кабинуудаа угсарч дуусна. Дүрмээрээ бол угсралт дууссанаас хойш бүтэн 6 сар зорчигч суулгахгүйгээр туршилтын тээвэрлэлт хийх ёстой. Гэхдээ бид үүний цаг хугацааг наашлуулаад ирэх 9 сар гэхэд улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахаар ажиллаж байна" хэмээн мэдэгдэж байсан юм. Түүний хэлсний дагуу бол тус дүүжин тээврийн угсралтын ажил өдийд дуусаж, туршилтын тээвэрлэлт эхэлж байх ёстой хугацаа. Тэгвэл ажил хэр явагдаж байгаа, туршилтын тээвэрлэлт эхлэхэд бэлэн эсэхийг НЗДТГ-аас тодруулахад "Арцатын амнаас Барс-2 зах хүртэлх нийт 4.2 км замд нийт 19 тулгуур багана суурилуулах ажил явагдаж байгаа аж. Угсралтын ажил хэзээ дуусах тухай мэдээлэл одоогоор байхгүй байна. Францаас орж ирэх тоног, төхөөрөмжүүд орж ирээд, ажил нь хэвийн явагдаж байгаа" хэмээв. Ирэх 9-р сар гэхэд улсын комист хүлээлгэн өгнө хэмээн ам гарсан дүүжин тээврийн угсралт одоо ч үргэлжилсээр байгаа аж.