Өнөөдөр /2025.06.02/ 14.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Нэг ёсондоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь заяаг шийднэ гэсэн үг.
Ерөнхий сайдын хүүгийн асуудал хөндөгдөж, "Огцрох амархан" жагсаал эхэлсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг өрөөндөө дуудаж уулзан, "Өөрийн хүсэлтээр ажлаа өг" гэж хэлсэн байдаг. Харин МАН-ын Бага хурлаас хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн намыг гаргах шийдвэр гаргасан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Намын бодлогоор хамтарсан ЗГ-ыг дэмжээгүй тохиолдолд би АЖЛАА ӨГНӨ" гэж мэдэгдсэн. Улмаар УИХ-аас өөртөө итгэл үзүүлэхийг хүсэж, тогтоолын төсөл өргөн бариад буй нь энэ юм.
Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох эсэх, оролцсон тохиолдолд ямар байр суурь илэрхийлэх нь багагүй анхаарал татаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна" гэж хуульчилсан байдаг.