Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦАХИМ ЭМЧ: Чихэрлэг ундаа, амттаны хэт их хэрэглээ нь хүүхдийн элгийг өөхлүүлж байна

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд Ярилцлага
Огноо
Унших
17 минут 36 секунд

Олонд "Цахим эмч" нэрээр танигдсан Б.Баярбямбатай ярилцлаа.

---------------------------

-Сүүлийн жилүүдэд илүүдэл жин, таргалалт хүүхэд, залуусын дунд эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, НЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар ЕБС-ийн сурагчдын 18.1 хувь нь илүүдэл жин, таргалалттай, 38.5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй, 41.8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Хүүхдүүдийн таргалалт Монгол гэлтгүй дэлхий нийтийн том асуудал болж хувирсан. Монгол хүн амын хоол тэжээлийн байдлын 2017 оны үндэсний V судалгаагаар 6-11 насны хүүхдийн илүүдэл жин таргалалтын хувь өмнөх 2011 оны судалгааны дүнгээс 6 дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, ангийн 20 хүүхдийн нэг нь таргалалтай байдаг байсан бол зургаахан жилийн дараа 20 хүүхдийн 7 нь таргалалттай болсон. Энэ үзүүлэлт нь ирэх жилүүдэд бүр өсөх хандлагатай байна. Энэ жил дараагийн 7 жилийн тайлан танилцуулагдана. Тэгэхээр хүүхдүүдийн таргалалтад нөлөөлж байгаа хүчин зүйл байгаа биз.

-Тэр нь юу юм ?

-Дээрх судалгаагаар хоёр хүүхдийн нэг нь чихэрлэг ундааг, таван хүүхдийн дөрөв нь чихэрлэг хүнс буюу контик, зайрмаг, вафли, торт, чихрийг өдөр бүр хэрэглэдэг нь тогтоогдсон. 500мл нэг савтай ундаанд 60 гр сахар буюу 12 ширхэг ёотон агуулагддаг. Хүүхэд өдөр бүр 12 ширхэг ёотон уугаад байвал сахарын донтолт эхэлнэ. Илчлэгийн илүүдэлд орж таргалалт үүснэ. Ирээдүйд чихрийн шижин хэв шинжийн хоёроор өвдөх суурь нь шууд тавигддаг.

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд архины шалтгаант бус элэгний өөхлөлт ихэссэн. Манайд клиникээр гаргаад ирсэн судалгаа байхгүй. Тиймээс энэ төрлийн судалгааг заавал хийх шаардлагатай.

Гэхдээ практик дээр ажиллаж байгаа дүрс оношилгоо, тэр дундаа хэвлийн эхоны эмч нарын ажиглаж буйгаар өсвөр насны хүүхдүүдийн дунд энэ өвчлөл ихэссэн байна. Архи, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэхээр эхлээд элэг өөхөлдөг. Өөхөлж явсаар элэгний үйл ажиллагаа алдагдаж хорчийж, элэг хатуурдаг. Элэгний хатуурал нь явсаар байгаад элэгний хавдар болдог.

Харин архины бус шалтгаант элэгний өөхлөлт нь хүүхдүүдийн хэрэглэдэг хоол, хүнстэй холбоотой.

Эрдэнэ шишээс гаргаж авдаг сайтар боловсруулсан сахар орлуулагч бараг бүх төрлийн боловсруулсан хүнсний найрлаганд ордог. Чихэрлэг амт гаргадаг массын үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд нь энэ. Бас донтуулдаг. Чихрийн шижин зэрэг олон өвчин үүсгэдэг ба GMO байх өндөр магадлалтай. Ихэнх боловсруулсан хүнс, талх, нарийн боов, йогурт, салат амтлагч, лаазалсан бүтээгдэхүүн зэрэгт агуулагддаг. Тиймээс хүүхдүүд фруктозын агууламж өндөр бүтээгдэхүүнийг үргэлж хэрэглээд байхаар элгэн дээр ачаалал ирж, өөхөлж байна.

-Тэгэхээр хүүхдүүд чихэрлэг ундаанд донтож байгаагаа мэддэггүй байх нь ээ?

-Яг тийм. Үйлдвэрлэгчид яагаад сахарыг их хэмжээгээр хийдэг гээч донтолт үүсгэдэг болохоор тэр. Хүмүүс донтохоор тэр бараа, бүтээгдэхүүн хурдан зарагддаг. Үйлдвэрлэгчид ашгаа л боддог. Бага насны хүүхдүүд дэлгүүрт ороод чихэртэй ундаа авна, аав ээж нь өгөхгүй гээд уйлаан майлаан болдог доо. Яагаад уйлаад байна вэ гэхээр тэр хүүхдийн тархинд чихэрлэг зүйл уух хүсэл төрөөд байгаа байхгүй юу. Хүүхдүүд ундаанд донтчихлоо гэдгээ мэдэхгүй учраас эцэг эхдээ хэлж чаддаггүй.

Чихэрлэг ундаа уусан дариуд цадалт үүссэнээр хоолны дуршил буурдаг хэрнээ чихэрлэг зүйл нэмж хэрэглэх дуршил нэмэгддэг. Үүний учир нь өнөөх сахарын нөлөөгөөр тархинд допамин хэмээх биологийн идэвхит нэгдэл үүсч мэдрэлийн эсэд очиж нөлөөлснөөр амтнаас авах таашал мэдрэмж үүснэ.

Сахар хүлээн авдаг рецепторын тоо нэмэгдсэнээр мэдрэлийн эс тэрхүү допаминаа нэхэж эхэлдэг. Ингээд л чихэрлэг ундаа уумаар санагдаж, донтож эхэлдэг. Архи тамхи, чихэрлэг ундааны донтолт тархинд бүгд адилхан механизмаар явагддаг.

Үүнийг бүр шинжлэх ухаан тогтоочихсон. Өсөж бойжиж яваа хүүхдэд уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс, амин дэм агуулсан шим тэжээллэг хүнс ус агаар мэт хэрэгтэй. Гэтэл чихэрлэг ундаанд донтсоноор хоолны дуршил буурч шим тэжээлийн дуталд орж эхэлдэг. Үүний нөлөөгөөр өсөлт удааширч, булчингийн масс буурч эхэлдэг. Улмаар чихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан, бүдүүн болдог. Тиймээс цаашид чихэрлэг ундааг хүнсэнд тооцохоо болих хэрэгтэй. Харамсалтай нь иргэд чихэрлэг ундаа, амттай бүх зүйлсийг зөвхөн хүнс гэж хараад хэтрүүлэн хэрэглэх үндэс суурь нь аль хэдийн тавигдчихсан. Дэлгүүрт ороод сахаргүй хүнс сонгоё гэвэл бараг л боломжгүй. Харин олон улсын байгууллагууд Монгол Улсыг хүнсэндээ бодлого боловсруулах хэрэгтэй гэдгийг сануулаад байгаа.

Бид хүнсний хүчирхийлэлд өртөж байгаагаа огт ярьдаггүй

-2016 онд Монгол Улсад Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт болсон. Энэ үеэр Монголын түргэн хоолны газруудын зар сурталчилгаа нь бага насны хүүхдийн хоол идэх зуршлыг нэмэгдүүлэх, цаашлаад донтох хэмжээнд хүргэж байгаа талаар онцолсон байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл Монгол Улс ямар ч арга хэмжээ аваагүй. Зар сурталчилгааны тухай хуульдаа ч тусгаагүй. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ ?

-Бид нэг зүйлийг ойлгохгүй маш удлаа. Хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс хүчирхийлэлд автчихсан яваа. Тэр дундаа хүнсний хүчирхийлэл. Бид, бие махбодь сэтгэлзүйн хүчирхийлэл яриад байдаг болохоос биш хүнсний хүчирхийлэлд өртөж байгаагаа огт ярьдаггүй. Эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс бүтээгдэхүүнийг зар сурталчилгаагаар хүчирхийлж байна. Дэлгүрт ороод юм худалдаж авах гэхээр эрүүл сонголт маш бага. Дандаа хүний эрүүл мэндэд эрсдэлтэй, чихэрлэгийн агууламж өндөртэй хүнснүүд нийт лангууны ихэнх хувьд нь байдаг. Энэ нь шат шатандаа хэрэглэгч хүнсний хүчирхийлэлд өртөж байгаагийн нэг илрэл. Зар сурталчилгааг монголд тавиад туучихсан. Үүний гор нь хүүхдүүдийн таргалалт.

Архи, тамхи хортой тиймээс сурталчилж болохгүй гээд Зар сурталчилгааны тухай хуульдаа заасан. Тэгсэн мөртлөө хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулаад байгаа чихэрлэг ундаа, түргэн хоолыг зогсоо зайгүй сурталчилдаг.

Би өнгөрсөн жил Банкок улсад болсон НҮБ-ын хүүхдийн сангийн Зүүн өмнөд Азийн хуралд оролцсон. Тус хуралд улс орны төр болон хувийн хэвшил, өсвөр үеийн хүүхдүүдийн төлөөлөл ирсэн. Тэд улс орон бүрт хүнстэй холбоотой ямар асуудал тулгарч байгаа талаар ярилцсан. Ингэхэд НҮБ-аас гуравхан зүйлийг улс орнууд хэрэгжүүлж чадсан эсэхийг асуусан. Гэтэл гурван шалгуурт гурвууланд нь Монгол Улс бүдэрсэн.

-Ямар шалгуурт ?

-Эхний асуулт нь чихэрлэг ундаан дээр онцгой албан татвар тогтоосон уу гэтэл Монгол байдаггүй. Өнөөдрийг хүртэл тогтоогоогүй л байна. Чихэрлэг ундаа нь архи, тамхитай адилхан донтолт үүсгэдэг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон. Тиймээс улс орнууд онцгой албан татвар тогтоогоод эхэлсэн.

Хоёрдугаарт. Зар сурталчилгааны тухай хуульд хүүхдүүдэд зориулсан контент нэвтрүүлгүүдээр дамжуулж рекламддаг хортой хүнсний бүтээгдэхүүнийг хориглож чадсан уу гэсэн. Зарим улсууд нь хориглодог бол Монгол Улс чадаагүй.

Гуравдугаарт. Дэлгүүрт очоод худалдан авалт хийхэд хүүхдүүд, томчууд бараа бүтээгдэхүүний арын мэдээллийг унших шошгоны стандартыг нэвтрүүлсэн үү гэхэд манай улс байхгүй. Олон улсын байгууллагууд шошгоны арын мэдээллийг урд нь гаргаж хүмүүст ойлгомжтой байдлаар хялбаршуулж өгөх чиглэл рүү яваад байгаа. Анзаарвал баруун Европоос орж ирсэн импортын хүнсүүд шошгон дээрээ A,B,C, D, E гэсэн таван үсэгний тэмдэглэгээтэй байдаг.

А-E хүртэл ногооноос улаан өнгөөр хувирчихсан байдаг. Чихэр давс, илчлэг, транс тосны агууламж ороогүй, орсон ч маш бага хэмжээтэй зөвшөөрөгдөх хэмжээнд орсон байвал A үнэлгээтэй. Харин Е үнэлгээ нь сахар давс хамаг юмных нь хэмжээ их, эрсдэлтэй гэдгийг илтгэдэг. Тэгэхээр хэрэглэгчид зар сурталчилгаа гэхээс илүүтэй шим тэжээлийн мэдээллийн үнэлгээг харж сонголтоо хийж эхэлдэг. Уг гурван асуудлыг хэрэгжүүлж чадвал улс орныхоо иргэдийн эрүүл мэндийг нийтээр нь хамгаалж байгаа том ажил. Монгол Улсын хувьд алийг нь ч хэрэгжүүлж чадаагүй л явна.

Явцуу эрх ашигтай төрийн албан хаагчид шошгоны стандартыг Монголд нэвтрүүлэх ажлыг нураачихсан

-2023 оны арванхоёрдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар чихэрлэг ус, ундаанд онцгой албан татвар тогтоох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Та уг саналыг анхлан нийгэмд дэвшүүлж байсан санагдаж байна.

-Би 2016 оноос хойш чихэрлэг ундаан дээр онцгой албан татвар тогтоох талаар их дуугарсан. Хоёр жилийн өмнө над руу УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хуулийн зөвлөх холбогдоод уг асуудлыг бодлогын хэмжээнд хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санал тавьсан. Жилийн өмнө Чихэрлэг ундааны төрлийн зүйл дээр онцгой албан татвар тогтох хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх байх. Гэхдээ яаж батлагдахыг хэлж мэдэхгүй юм.

Чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулах нь зүйтэй гэж ДЭМБ-аас зөвлөдөг. Одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй орон чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулсан байна. Мексик улсын Засгийн газар 2014 оноос эхлэн чихэрлэг ундаанд 10 хувийн онцгой татвар буюу литр тутамд 1 песо ногдуулсан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд нийт хүн амын чихэрлэг ундааны хэрэглээ 12 хувиар буурсан байдаг.

2018 онд “Чихэрлэг ундаанд татвар ногдуулах эдийн засгийн тооцоолол” судалгааг АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн судлаачид хийсэн. Улмаар чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулахад онцгой татварын орлого зөвхөн нэг жилд 98.4 тэрбум төгрөг байх ба жилд нэг хүнд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой гэсэн тооцоог гаргасан байдаг.

-Та өмнөх яриандаа олон улсын байгууллагууд шошгоны арын мэдээллийг урд нь гаргаж хүмүүст ойлгомжтой байдлаар хялбаршуулж өгөх чиглэл рүү явж байгаа талаар онцолсон. Монгол Улсад энэ стандартыг нэвтрүүлэхэд ямар бэрхшээл тулгараад байгаа юм бэ ?

-Шошгоны арын мэдээллийг бараа бүтээгдэхүүний урд гаргах нь хүмүүсийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Үүнийг хэрэгжүүлэх тал дээр би өөрийнхөө хэмжээнд сайн явсан гэж боддог. Хоёр жилийн өмнө Шадар сайдын зөвлөх гэх хүн над руу холбогдоод би очиж уулзсан. Хийсэн, хийхийг зорьж байгаа ажлуудаа ярьсан.

Шадар сайд миний хийсэн ажлууд дундаас өөрийнх нь эрх үүргийн хэмжээнд хийх боломжтой, иргэдэд дэмтэй ямар ажил байна гэхэд нь шошгоны мэдээллийг урд нь гаргадаг олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэх талаар хэлсэн. Тухайн үед шадар сайдын эрх үүргийн хэмжээнд Стандарт хэмжил зүйн газар гэх мэт чиг үүргийнх нь байгууллагууд тохирч байсан болохоор ажлын хэсэг байгуулсан. Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, ШУТИС-ийн хүнсний сургууль, Хүнсчдийн холбоо, Гааль зэрэг олон байгууллага нэгдсэн. Би тухайн үед олон нийтийн төлөөллөөр орж байсан юм.

Гэтэл шошгоны асуудлууд яригдаж яваад 3-4 уулзалтын дараа шошгоны стандартыг Монгол Улсад шинэчлэх шаардлагагүй гэдэг дүгнэлтийг төрийн байгууллагынхан өөрсдөө санал хураагаад шийдчихсэн байсан.

Би их гайхсан. Тэр санал хураалтад би гадаадад байсан учраас оролцоогүй. Тиймээс ямар байгууллагуудын хэн гэдэг хүн эсрэг санал өгөөд энэ ажлыг нураасан бэ гэдгийг мэдэхийн тулд хурлын протоколыг харах хүсэлтээ илэрхийлсэн. Олон удаа хүсэлт тавьсан ч надад хэн нь ч хариу өгөөгүй. Явцуу эрх ашигтай төрийн албан хаагчид нь ажлыг нураачихсан.

Иргэд 76 гишүүн гээд яриад байдаг болхоос биш төрийн доод, дунд шатандаа хамаг ажил замхардаг. Тэд ажил алчихаад нэр цэвэр явдаг. Тэнд хамаг ажил заваардаг юм байна лээ.

Шошгон дээр хүртэл ашиг сонирхол явдаг юм байна гэдгийг өөрийнхөө зорьж явсан ажлуудаараа мэдсэн. Монголчуудын эрүүл мэндийг хангах ёстой байгууллагууд ийм түвшинд ажиллаж байна. Цахим эмч энэ асуудлыг Шадар сайдын түвшинд ажлын хэсэг байгуултал нь явлаа барилаа гээд намайг зэмэлж байсан хүмүүс ч их бий.

-Ярилцлагын төгсгөлд та эцэг эхчүүдэд хүүхдийнхээ таргалалттай хэрхэн тэмцэх талаар зөвлөгөө өгөөч ?

-Хүүхдүүдэд гэртээ өглөөний цайг нь заавал уулгаж хэвших хэрэгтэй. Чихэрлэг ундааны хэрэглээг нь алт болох багасгаж зөрүүлээд ус сайн уулга. Чихэрлэг ундаа амны цангаа ерөөсөө тайлдаггүй. Ахиад л уумаар санагддаг. Тиймээс ус сайн уулгах хэрэгтэй. Хүхдүүд сургууль дээрээ цагийг их өнгөрөөдөг. Тэгэхээр сургуулиуд цэвэр ус цэвэршүүлэх төхөөрөмжийг давхар бүрт тавиач ээ. Хүүхдүүдтэй ярихаар гурван давхар сургууль байлаа гэхэд нэгдүгээр давхарт нь сургуулийнхаа хэмжээнд ганцхан ус цэвэршүүлэгчтэй. Гурван давхраас буугаад нэг давхар руу явж байтал завсарлагаа дуусдаг. Оочир их болохоор ус ууж чаддаггүй тэгээд л ундаа авч уудаг гэж хэлсэн. Тиймээс сургуульд нь усны савтай явуулах нь хамгийн зөв.

Хүүхдийн бие махбодь нь бойжиж яваа бодгаль. Бодисын солилцоо нь маш хурдан. Тиймээс хүүхдийг хөдөлгөөн сайн хийлгэвэл жин маш хурдан хасна. 40 настай хүнийг хөдөлгөөн хийлгээд жингээ хасах процесс маш удаан байдаг бол бага болон өсвөр насны хүүхдүүд гүйгээд тоглоход л маш хурдан жингээ хаядаг.

Би бүр хэлмээр санагдаад байдаг юм. Сургуулийн гадаа байдаг тоглоом биеийн тамирын талбайг цоожилчихдог. Хэнд хэрэглүүлэх гээд байгаа юм. Урин дулаан цаг ирж байна. Хашааг нь нэээх хэрэгтэй.

Хүүхдүүдийг тэнд тоглуулаач ээ.Тоглох талбай байгаа мөртлөө цоожтой, тэгсэн мөртлөө аж ахуй нэгж байгууллагуудад түрээслээд байдаг. Ийм гажиг юмнуудаа болих хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.