Нэгэн үе “Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгдэж байсан нийслэл хот “Саарал хот” нэр зүүсээр олон жилийг ардаа үджээ. Хүйтний улиралд санаж, дулааны улиралд мартчихдаг утааны талаар бид олон жил ярьсаар чихэнд дасал болж. Уг нь сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатарын утаа харьцангуй буурсан ч сүүлийн үед нүдэнд үзэгдэж, амьсгалд мэдрэгддэг саарал утаа эргэн ирснийг хэн хүнгүй ярьцгаах болов. Юутай ч бид манарсан утаан дундаа эргээд амьдрах болсон.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний комиссын 2024 оны Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэв.
Улмаар Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт нөхцөл байдал болон тэр дундаа агаарын бохирдолд зарцуулсан эдийн засгийн өртөг анхаарал татав.
2010-2017 оны хугацааны төсөв, зардлыг тооцоолсноор агаарын бохирдолтой холбоотой эдийн засгийн зардал 645.1 сая ам.доллар, агаарын бохирдолтой холбоотой халамжийн зардал 485.9 сая ам.доллар зарцуулсан байна.
Үндэсний аудитын газраас "Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайланг 2021 онд олон нийтэд танилцуулсан. Тодруулбал, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргасан бол 168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНХАУ гэх мэт гадаад зээл, тусламжаас бүрдүүлсэн байна.
Үндэсний аудитын газраас 2021 оны тайланд тухайн хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт сул, салбар дундын оролцоог хангаж ажиллаагүйгээс төлөвлөсөн арга хэмжээний 67.8 хувь нь хэрэгжээгүй гэж дүгнэжээ. Аудитын дүгнэлтийн мөрөөр хэрэгжүүлэх 14 зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн боловч түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар нэгдсэн мэдээлэл тодорхойгүй.
Товчхондоо утааны эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хангалтгүй гэж дүгнэжээ.
Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа үр дүнд хүрэхгүй байгаа нь олон шалтгаан, хүчин зүйлийн нөхцөлтэй уялдаатай. Юуны түрүүнд энэ чиглэлийн бодлогыг боловсруулахдаа тусгайлсан хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн нь сайшаалтай хэдий ч хэт өргөн хүрээнд асуудлыг хамааруулж тусгасан бөгөөд зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийг тодорхой, хэмжигдэхүйц, биелэгдэхүйц, ач холбогдолтой, цаг хугацааны мөчлөгтэй байх нөхцөлийг хангасан байдлаар тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй.
Хариуцсан байгууллага, институт, салбар хоорондын уялдаа холбоогүй байдал нь мөн нэг нөлөөлөх хүчин зүйл бөгөөд өнөөдөр ч чиг үүргийн харилцан уялдаа холбоогүй байдал хэвээр байна.
Тухайлбал, агаарын чанарыг сайжруулахаар 2011 оноос хойш Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд хоёр удаа (2011, 2012), Ерөнхий сайдын дэргэд (2013, 2015, 2017), БОНХАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд (2014), хөтөлбөрийг дагаж Ерөнхий сайдын дэргэд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог 2017 онд байгуулж ажиллаж байгаад, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 396 дугаар тогтоолоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны чиг үүрэг, үйл ажиллагааг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргад шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна.