Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЭДЭГДЭЛ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 6 секунд

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төслийн талаар Eguur.mn мэдээллийн сайт нь 2024 оны 03-р сарын 20-24-ний өдрүүдэд цуврал мэдээлэл цацахдаа хэт нэг талыг барьж, худал, ташаа агуулга оруулан, үндсэн эх сурвалжаар тодруулж, баталгаажуулаагүй нь сэтгүүл зүйн ёс зүйг баримтлаагүй үйлдэл боллоо. Уг нийтлэлээс үүдэн олон нийтийн цахим сүлжээнд төөрөгдөл үүсэж буруу мэдээлэл түгж байгаа тул компанийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаж байна.

  1. Цагаан суваргын төсөл

Тус цахим сайт нийтлэлдээ, Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихээс татгалзсан тухай мэдээллийг олон нийтэд сөрөг ойлголт төрүүлэхүйц өнгө аясаар бичиж, төслийн үр өгөөж, ач холбогдлын талаар дурдаагүй байгаа нь үнэн бодит мэдээллээр хангах хэвлэл, мэдээллийн байгууллагын үндсэн үүрэг, зарчмыг зөрчсөн үйлдэл болж байна.

Цагаан суваргын ордын тухайд, 1965-1967, 1974-1977, 1980-1982 онуудад улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийсэн ч БНМАУ-ын Нөөцийн комисс 1984 оны 5 дугаар сард хэлэлцээд “... хүдрийн биетийн дундаж агуулга, зузааныг буруу тооцсон, хэт өндөр агуулгыг хязгаарлаагүй, зарим нөөцийг орхигдуулсан, нөөц бодохдоо түр кондици дээр үндэслэсэн нь хайгуулын ажлын болон нөөц бодолтын аргачлалд ноцтой дутагдлууд байна...’’ гэж тэмдэглээд, “Ордын хувьд байнгын кондицийг боловсруулж, түүн дээрээ тулгуурлан нөөцийг дахин тооцож оруулж ирсүгэй” гэсэн тогтоол гаргаж, улсын нөөцөд бүртгэж аваагүй бөгөөд дахин хэлэлцээгүй байдаг.

Үүний дараа 1995 онд Монгол Улсын Эрчим хүч, геологи, уул уурхайн яам Австрали улсын “Молопо Острелиа” НЛ компанид хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд тус компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй шалтгаанаар гэрээ болон олгосон лицензийг 1999 оны 12-р сарын 2-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Уг мэдээллийн дагуу “Монголын Алт” (МАК) ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргаж, хууль ёсны зохих шаардлагуудыг хангасны үндсэн дээр Цагаан суваргын зэс-молибденийн ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан болно.

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн эрэл, хайгуулын ажлын зардал болох 15.77 сая төгрөгийг Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 234 дугаартай тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу 714,762 ам.доллароор тооцож, Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай гэрээг 2005 онд байгуулан, тусгай зөвшөөрөл эзэмшигч "Монголын Алт" (МАК) ХХК нь үе шаттайгаар төлбөрийг төлж, 2006 онд бүрэн барагдуулсан болно.

Мөн уг ордын талбайд 2001-2008 онд нийт 8.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий гүйцээх хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, Австралийн JORC стандартаар баталгаажуулсан тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулан Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 397 дугаар тушаалаар Цагаан суваргын ордын нөөцийг Монгол улсын ашигт малтмалын нөөцөд бүртгэхээр шийдвэрлэсэн болно. Уг орд нь Эрдэнэтийн ордоос 7 дахин, Оюутолгойн ордоос 30 дахин бага нөөцтэй юм.

Гэвч уг асуудал удаа дараа улс төржилтөд автан, УИХ-ын ээлжит сонгуулийн жил бүр мушгин гуйвуулах мэдээлэл цацагдаж, үүнтэй холбоотой төсөл зогсож байсан түүхтэй юм.

Харин Цагаан суваргын төсөл нь бүрэн хэрэгжсэнээр нийт 1,300 гаруй хүн байнгын ажлын байраар хангагдаж, 100-150 туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 5,000-7,500 шууд бус ажлын байр шинээр бий болно. Мөн улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 150 сая ам.долларын татвар, хураамж буюу Монгол Улсад нийт 4 тэрбум ам.долларын татвар хураамжийн орлогыг төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, төр хөрөнгө оруулалт хийж бизнесийн болон зах зээлийн эрсдэл хүлээх шаардлагагүйгээр Цагаан суварга төслийн үр ашгийн 60 орчим хувийг албан татвар, төлбөр, хураамж хэлбэрээр хүртэх боломжтой төсөл юм.

Түүнчлэн 2015 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төсөл хэрэгжих хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын төвийн захиргааны байр, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төв зэргийг “Монголын Алт” (МАК) ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж байгуулах үүрэг хүлээсэн болно. Мөн энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол улсын нүүрснээс хэт хамааралтай экспортын бүтцийг төрөлжүүлэн эдийн засгийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

  1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талаарх мэдээлэл нь мушгин гуйвуулсан, бүрэн судлаагүй, компанийн удирдлагуудын нэр хүндэд халдсан агуулгатай байгаа нь Eguur.mn сайтын “Сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн дүрэм”-ийг зөрчиж буй хариуцлагагүй үйлдэл болж байна. Түүнчлэн Монгол улсын экспортын гол орлогыг бүрдүүлэгч уул уурхайн салбарын компанийн талаар хариуцлагагүй мэдээлэл цацах нь компанийн мянга, мянган ажилчид, тэдгээрийн гэр бүл, ханган нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаанд нөлөөлөх, цаашлаад улсын төсвийн орлого бүрдэлт, эдийн засагт ч сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдэл гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

“Монголын Алт” (МАК) ХХК нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ба лицензийн дийлэнхийг барилгын материалын үйлдвэрлэл болон ирээдүйн төслүүдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ ашиглаж байна. Тодруулбал, шохойн чулуу, нүүрс, гөлтгөнө, элс, шавар зэрэг нь цемент болон блокийн үйлдвэрийн гол түүхий эд болж байна.

Түүнчлэн, барилгын материалын түүхий эд болон бусад ашигт малтмалын хайгуулын ажил нь 10-20 жил, зарим тохиолдолд түүнээс урт хугацаа зарцуулж байж нөөц нь тодорхойлогддог. Үүний дараа ТЭЗҮ боловсруулж ашиглах боломж нь бүрддэг, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил байдаг билээ.

Нөгөө талаас нэг орд дээр олон лиценз олгох хууль, эрх зүйн зохицуулалттай байгаа нь лицензийн давхардал үүсэх үндсэн шалтгаан болж байна. Хэрэв хуулийн заалтад уг асуудлыг цэгцлэх нэмэлт өөрчлөлт оруулбал нэг орд дээр давхардаж олгогдсон лицензийн тоо буурах юм.

МАК компани нь үндэсний компанийн хувьд үйл ажиллагааны орлого, ашиг бүрээсээ ирээдүйн төслүүддээ хөрөнгө оруулалт хийж эх оронд үлдэцтэй, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа бөгөөд аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн дэлхийн жишигт хүргэх алсын хараа, эрхэм зорилготойгоор “Бүтээгч Монголын Төлөө” уриатай үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хүрээнд бид 2010 оноос барилгын материалын үйлдвэрүүдийн төслүүдийг эхлүүлж, 2015 онд МАК Евро Блок, 2017 онд МАК Евро Цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулан үйлдвэрлэлийн салбарт нийт 1200 ажлын байр бий болгож, 260 орчим сая ам.долларын гадагш чиглэх валютын урсгалыг эх орондоо үлдээж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэж байна.

Өдгөө барилгын салбарын нийт хэрэглэгчид бидний нэвтрүүлсэн шинэ технологи, инновац, европ стандартын үнэ цэнийг мэдэрч өөрсдийн хөрөнгө оруулалт бүхий төслүүддээ МАК-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшсэн бөгөөд зах зээлийн нийт хэрэглээний 50-60%-ийг европ стандартын бүтээгдэхүүн бүрдүүлдэг болоод байна.

Нийт компанийн хэмжээнд 4000 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, 1200 гаруй ханган нийлүүлэгчээс тогтмол худалдан авалт хийж, улс, орон нутгийн төсөвт нийт 2.9 их наяд төгрөгийг татвар, хураамж төвлөрүүлсэн үндэсний шилдэг татвар төлөгч, тэргүүлэгч компаниудын нэг гэдгийг онцлон сануулж байна.

Тиймээс 100% үндэсний хөрөнгө оруулалттай, уул уурхайн салбарт түшиглэсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлж буй үндэсний аж ахуйн нэгжийн талаарх олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллээ нэн даруй залруулж, компанийн нэр хүндийг санаатайгаар гутаасан үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Энэ мэт бүрэн судлаагүй, худал, ташаа мэдээлэл цацах нь Монгол Улсын Эрүүгийн хууль, Монгол Улсын Иргэний хуулиар хамгаалагдсан байдаг тул мэдээллээ залруулахгүй байх тохиолдолд бид хуулийн байгууллагад хандана гэдгийг мэдэгдэж байна.

“Монголын Алт” (МАК) ХХК

2024.03.29

Угаарын хий нүүрс шатаж эхлэх болон шатаж дуусах үед хамгийн ихээр ялгардаг
Угаарын хий нүүрс шатаж эхлэх болон шатаж дуусах үед хамгийн ихээр ялгардаг
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.