УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр /2024.03.19/ хуралдсан. Энэ үеэр монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг болох гурилын үнэ сүүлийн дөрвөн жилд хоёр дахин өссөн талаар хэлэлцэв.
Гурилын гол түүхий эд болох улаан буудайн үнэ сүүлийн дөрвөн жилд 24. 4 хувиар өсжээ. Энэ нь гурилын зах зээлийн үнэ зүй бусаар тогтож, өрсөлдөөн хязгаарлагдсан байна гэх дүгнэлтийг танилцуулав.
Иймд үнийн өрсөлдөөнийг дэмжих гол нэрийн бүтээгдэхүүнээ хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
- Бид олон улсын түвшин, зах зээлийн нөхцөл байдал, ард иргэдийнхээ худалдан авах чадварт нийцүүлж асуудалд хандах нь зүйтэй. Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас дунджаар тонн улаан буудайг 700 мянга орчим төгрөгөөр авдаг. Буудай нь 1 кг гурил үйлдвэрлэхэд 90 хувийнх нь өртгийг бий болгодог зүйл. Гэтэл 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3000 төгрөг хүртэл үнэ нь өссөн байна. Энэ нь төрөөс үзүүлж байгаа шат шатны дэмжлэг, туслалцаа хэтэрснийг харуулж буй хэрэг. Бүх шатанд нь хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийг үзүүлсэн.
Эцсийн дүнд нь иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаа тул энэ байдалтай Засгийн газар эвлэрэхгүй.