УИХ-ын ээлжит сонгууль болоход гурван сар гаруй хугацаа үлдлээ. Яг энэ мөчид улстөрийн намууд нэр дэвшигчдийнхээ хүсэлтийг авч буй. Тухайлбал, МАН нэр дэвшигчдийнхээ хүсэлтийг авч эхэлсэн бөгөөд эхнээсээ нийтэд ил болоод байгаа.
Тэгвэл тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шийтгүүлсэн этгээдийг нэр дэвшүүлэхгүй” гэдгээ мэдэгдсэн.
Гэтэл одоогийн парламент дахь МАН-ын цөөнгүй гишүүд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээс торгуулийн болон хорих ял авч нийтийн албан тушаалд томилогдох эрхээ хасуулаад буй. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
Хамгийн сүүлийн жишээ болох УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан нийтийн албанд томилогдох эрхээ 5 жилээр хасуулж, 40 сая төгрөгөөр торгуулсан. Түүний хувьд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт яллагдагчаар татагдан, улмаар ял авсан юм.
Тиймээс энэ удаагийн битгий хэл, 2028 оны сонгуульд ч найдваргүй болж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг. “Хөгжлийн банкны” гэх хэрэгт холбогдон, шүүхээс 6 жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, 73 сая төгрөгийн хөрөнгийг нь хураах шийтгэл оногдуулсан. Улмаар давж заалдаж буй.
Тэрбээр, өөрийн найз гэх “НВЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж, хариуд нь 246.8 сая төгрөгийн авлига авсан гэх хэрэгт холбогдсон юм.
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа
Гуравдугаарт, УИХ-ын гишүүн асан, “Капитал”-ын гэх Б.Ундармаад анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж байв.
Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгож Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанчлан шийтгэж байжээ.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд 3 жилийн хорих ял оноож, 1.8 тэрбум төгрөг хураан авч, улсын төсөвт шилжүүлэх шийтгэл ногдуулсан билээ. Түүнийг “гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн” гэх үндэслэлээр буруутган ялласан юм.
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир
Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Дамба-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шийтгэсэн юм.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүг Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал 2020 оны долдугаар сарын 6-нд болж, 6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг мөн 6 жилээр хасах шийтгэл оногдуулсан байдаг. Тодруулбал,
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 22.1.3-т заасанчлан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" хэмээн үзэж, яллах дүгнэлт үйлдэж ялласан юм. Гэхдээ Улсын дээд шүүхээс хэргийг буцаасан байдаг.
Одоогийн байдлаар хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэж, ял авсан хүмүүс энэ. Хаврын чуулганы үеэр энэ тоо нэмэгдэх магадлал ч өндөр байна. Учир нь хэд хэдэн гишүүний хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж, зарим нь яллагдагчаар татагдаад байгаа билээ.