Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Сонсголоор эмийн салбарын засаглал хаана нурсныг, яагаад Монголд уусан эм “үйлчилдэггүй“ гэх асуудлыг хөндөнө

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
16 минут 8 секунд

Хөгжлийн банк, нүүрсний гэх тодотголтой хоёр ч сонсгол амжилттай зохион байгуулагдаж, ард иргэдээс үнэлэлт дүгнэлтээ аваад байна. Үүний дараагаар олон нийтийн хүлээлтэд байгаа сонсгол бол эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлтэй холбоотой сонсгол юм. Гэтэл 2022 онд байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо өнөөдрийг хүртэл сонсголоо зохион байгуулахгүй байгаад шүүмжлэлтэй хандах хүмүүс байна. Тэгвэл сонсголын тов болон Түр хорооны үйл ажиллагаатай холбоотойгоор тус Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.

-Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах түр хороо өнөөдрийн байдлаар ямар ажилд анхаарлаа төвлөрүүлж байна?

-Ер нь нэлээн их нотлох баримт цуглуулж байна. Бичиг цаас, дата мэдээллүүд их хэмжээгээр ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид аль болох хурдан хугацаанд бэлтгэлээ базааж, сонсголоо хийх нь олон нийтийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн чухал арга хэмжээ байна. Тиймээс сонсголоо хурдан хийхэд л бидний ажил төвлөрч байна.

-Сонсголын гол утга учир нь нотлох баримт. Түр хорооны нотлох баримт, холбогдох мэдээллийг цуглуулах үйл явц хэр байгаа вэ. Аль чиглэлд түлхүү мэдээллүүд цугларч байна?

-Зөрчилтэй болон буруу үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй байгууллагуудаас ч мөн адил мэдээлэл тайлбар авч байгаа.

Мэдээлэлд хойрго хандаж буй байгууллагууд байна. Ялангуяа төрийн байгууллагууд. Хэрвээ эдгээр байгууллагууд мэдээллээ ирүүлэхгүй хэвээр байвал ирэх долоо хоногт олон нийтэд зарлана.

Мэдээлэл гацаах, саатуулах, худал мэдээлэл өгөх зэрэг нь хуулийн хүрээнд хариуцлага яригдах асуудал шүү дээ. Тиймээс үнэн мэдээллээ шуурхай гаргаж өгөх шаардлагатай байна. Бидний ажлыг уях, саатуулах бодлого чинь бүтэхгүй шүү гэдгийг энэ ташрамд хэлмээр байгаа юм.

-Мэдээлэлд хойрго хандаж байгаа энэ байгууллагууддаа анхааруулж хэлсэн зүйл бий юу?

-Өчигдөр эдгээр байгууллагууд руу сануулах бичиг явууллаа. Тодорхой заасан хугацаанд ирүүлэхгүй тохиолдолд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр мэдээлэл нуун дарагдуулж буй байгууллагуудыг зарлана.

-Саяхан гаалийн газрын үйл ажиллагаатай танилцаж, импортоор оруулж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой асуудлуудаар санал солилцож, мэдээлэл авсан байсан. Мэргэжлийн байгууллагатай нь уулзахад тухайн нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж болохоор байв?

-Гаалийн байгууллага бол импортоор орж ирж байгаа бүхий л эмтэй холбоотой асуудалд хяналт тавьж байгаа байгууллага шүү дээ. Монгол Улсад борлуулагдаж байгаа нийт эмийн 80 орчим хувь нь импортоор орж ирдэг тул үүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. 1990-ээд оны сүүл, 2000 оны эхээр эдийн засаг хүндрэлтэй байх үед иргэд ганзагын наймаагаар хүртэл эм, дусал зөөж эмнэлгүүдээ хангадаг байсан нь нууц биш. Өнөөдөр энэ байдал хол орхигдсон. Бид эмийн чанар гэж ярихаар эм үйлдвэрлэж байгаа байгууллагуудын чанар стандартаас гадна тээвэрлэлтийн чанарыг хөндөх ёстой. Хадгалалт нь чанартай байх ёстой. Тээвэрлэж байна гээд хөлдөөгөөд байж болохгүй. Технологи илүү нарийн болж хөгжихийн хэрээр тусгай температурын горимд хадгалдаг болж байгаа учраас энэ чиглэлд үйл ажиллагаа нь ямар байгааг үзлээ. Хоёрдугаарт, импортлогч байгууллагууд гааль дээр хэдэн төгрөгөөр бараагаа мэдүүлээд иргэн миний гар дээр хэдэн төгрөгөөр ирж байгааг мэддэг болох хэрэгтэй. Зах зээл дээр аль компани нь үнээ нугалж зараад байна вэ гэдгийг мэдэхэд хамгийн энгийн алхам бол цахим тогтолцоог бий болгох хэрэгтэй. Харамсалтай нь энэ тогтолцоог хийе гэхээр мэдүүлж байгаа дүнгээ өндрөөр тодорхойгүйгээр оруулж ирж, хянах мэдэх боломжгүй болгоод байна. Бараг л зориудаар хийгээд байгаа ч юм шиг. Тиймээс бид гаалийн удирдлагуудтай ярилцсан.

Энэ асуудал дээр ажиллах ёстой гол байгууллага нь ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар. Эдгээр байгууллагууд нэгдсэн платформ дээр нэг өгөгдлөөр оруулдаг болох хэрэгтэй гэдгийг яриад яваа юм. Ингэснээр бидний хэрэглэж, худалдан авч байгаа эмнүүдийг анхнаас нь оруулж ирэхдээ хэдэн төгрөгөөр мэдүүлж байна вэ гэдгийг харах боломж бүрдэнэ. Энэ бол цахим дэвшлийн давуу тал байдаг.

Цахим систем бол шуурхай. Мөн ийм болчихвол танил тал, тэдний эдний компани гэхээ болино. Тиймээс энэ системийг нэвтрүүлэх тал дээр бид зөвлөмж гаргахаар ажиллаж байгаа.

Дараа нь өртөг өндөртэй, сайн гэсэн бүтээгдэхүүнүүд зах зээлээс шахагдаж гардаг. Улмаар хойд хилээр дамжуулан ганзагаар оруулж ирдэг тогтолцоо байгаад байна. Өнөөдөр бид эмийн зах зээлийг 650 тэрбум төгрөгт эргэлдэж байна гэж үзвэл татварын систем дээр нэг их наяд болж харагддаг. Тэгэхээр үүнд 300-350 тэрбум төгрөгийн татваргүй худалдаа явагдаад байгаа юм биш үү гэдэг хардлага хүртэл бий болж байгаа. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг бид цуглуулж байна.

-100 хүрэхгүй ам.долларын эмнээс 400 ам.долларын ашиг гаргаад сууж байгаа компаниуд хүртэл байна-

-Зарим ахмадууд тэтгэврээ эм авахад зарцуулаад дуусаж байна гэж ярьдаг. Үүнээс харахад үнийн өсөлт асуудал болоод удаж байна. Олон улсад борлуулагдаж буй үнэ болон дотоодын зах зээлд худалдаалагдаж буй үнийн ялгаа хэр байна вэ. Судалгаа, мэдээллүүдийг хэр авч байгаа вэ?

-Хууль, журмын "цоорхой"-г ашиглан хулгай хийдэг тогтолцоо байна. Тухайлбал, гэрээний нэрийн дор бүтээгдэхүүнээ өрсөлдөгчгүйгээр оруулж ирж, улмаар үнээ өөрөө тогтоодог асуудал байна. Өрсөлдөөн байхгүй гэдэг чинь үнэ өсөхийн л нэр шүү дээ. Тухайлбал,

Дэлхийн зах зээлд 100 ам.доллар хүрэхгүй байгаа бүтээгдэхүүн Монголд 500 ам.доллар болсон байх жишээтэй. Энэ арай л хэтэрхий байгаа биз дээ. Нэг ёсны дээрэм шүү дээ. Үнийг доллараар аваад үз л дээ. Бүх л бүтэн 400 ам.долларын ашиг гаргаад сууж байгаа компаниуд хүртэл байна.

Мөн хамгийн том худалдан авагч нь улсын томоохон эмнэлгүүд байдаг. Гэтэл эмнэлгүүдэд ижил төрлийн барааг тендерээр өөр өөр дүнгээр нийлүүлээд байна шүү дээ. Үүний цаана авлигын тогтолцоо байна л гэсэн үг. Бид энэ чиглэлд нотлох баримтууд цуглуулж байна. Дээрээс нь худалдан авах үйл ажиллагаатай холбоотой. Үүнийг далимдуулж өртгөө нэмдэг аргууд нэлээн газар авсан байна. Жишээлбэл,

Олон компани хоорондоо эвсэн нэгдэж, тендерт оролцохгүй байж байгаад оролцогчгүй болсон хойно нь шууд худалдан авалт хийдэг. Ингэж авахдаа өргөн хэрэглээнд байгаа эмийнхээ үнийг 4-5 нугалж зарах гэх мэт асуудлууд байна. Эдгээр асуудлуудыг сонсголоор ярилцана.

-Ер нь өнгөрсөн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаар шалгагдсан хэрэг байдаг уу?

-Бид эмийн гаж нөлөө, эмийн буруу хэрэглээтэй холбоотой хохирсон тохиолдлуудыг гэмт хэрэг үүсгэсэн, ял шийтгэл авсан эсэхээр мэдээлэл өгөөч ээ гэсэн. Эхний удаа хариу ирэхдээ тодорхой мэдээлэл өгөөгүй. Би дахин, дахин шаардаж байж 40 гаруй тохиолдлыг татаж авлаа. Бидэнд мэдээлэл өгөх дургүй л байгаад байна. Ийм дүр зураг ажиглагдаж байгаа. Хөгжлийн банк, нүүрсний сонсголоор мэдээлэл дутуу өгөх, гэрчээр ирээгүйтэй холбоотой нэлээдгүй хэдэн албан тушаалтнуудад хэрэг үүсгэсэн асуудал яригдаж байгаа шүү дээ. Тийм учраас УИХ-д байгаа Хянан шалгахтай холбоотой хууль бол олон нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа, хохироож буй асуудлуудыг ил тод болгож ярих нь нийгэмд ямар эерэг зөв хөгжлийн түлхүүр болдог вэ гэдгийг хаврын чуулганы индэр дээрээс УИХ-ын дарга хэлснийг та бүхэн анзаарсан байх.

-Энд ярих ёстой бас нэг асуудал бол хувиараа эмийн сан ажиллуулж байгаа ААН, иргэд байна. Эдгээр ААН-үүдийг ч үнийн өсөлт, чанарын асуудал тойрохгүй. Хяналт шалгалт энэ чиглэлд хэрхэн явагддаг юм бэ?

-Жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа эмийн сан 4500 орчим байна. Бидний зүгээс эдгээр байгууллагуудыг илүү мэргэжлийн байгаасай гэж хүсэж байна. Бид аль болох жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих бодлогыг Засгийн газраас явуулж байна. УИХ-аас ч шийдвэр, тушаалууд гарч байна. Аль болох монополь байдлыг арилгаж, том том компаниуд нь жижиг бизнес эрхлэгчдийг дарамтлах, бизнесийг нь булаах эсвэл амжилтгүй болгох дампууруулах тэр тогтолцоог арилгахыг хүсэж байгаа юм. Тухайлбал,

2020 онд би УИХ-ын гишүүн болоод эмийн хуулийн төслийн ажлын хэсгийг ахалсан. Энэ хуулийн гол санаа нь жижиглэн худалдаа эрхлэх аптекийн эрхлэгч, хувьцаа эзэмшигч нь байлаа гэхэд 50-аас дээш хувь нь мэргэжлийн эмзүйч байх юм. Тэгэхгүй бол зүгээр л нэг мөнгөтэй бизнес эрхэлдэг хүн эм зүйчийн лицензийг урдаа барьчихаад эмийн сан хэдийг ч хамаагүй нээчихдэг. Тэр дотроо мэргэжлийн эм зүйч нар нь ажиллаж чадахгүй, хүн хүч нь хүрэхгүй байх зэрэг байдлаас үүдэж иргэнд эм өгөхдөө зөв зөвлөгөө өгч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Зөвлөгөөг зөв өгөх нь чухал шүү дээ. Жишээлбэл, ходоод хамгаалах эмийг хоол идсэний дараа уугаад нэмэргүй шүү дээ. Хоол идээгүй, өлөн байхад нь ходоодын салстыг цочроодоггүй байх үйлчилгээ нь байх ёстой.

-Коронавируст цар тахлын үеийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын мэдээллүүд ирэхгүй байна-

-Та өмнөх яриандаа зарим байгууллагууд мэдээллээ ирүүлэхгүй байх зэргээр Түр хорооны үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг дурдсан. Ер нь өмнөх хоёр ч Түр хорооны сонсголын үеэр энэ асуудал мөн л яригдсан. Тэдгээрээс дурдаж болох уу?

-Байлгүй яах вэ. Тухайлбал, хүлээгээд авч чадахгүй байгаа мэдээлэл бол коронавируст цар тахлын үеийн худалдан авалтын мэдээллүүд ирэхгүй байх жишээтэй. Тухайн үед ямар их эмийг устгалд оруулсан билээ. Нөөц бүрдүүлж байна гэх нэрийн дор замбараагүй их ачааллыг хувийн хэвшлийнхний нуруун дээр үүрүүлсэн. Гэтэл хувийн хэвшлийнхэн нь ковидын үед оруулж ирсэн эмнийхээ төлөө 1-3 тэрбум төгрөг алдчихсан, алдагдалд орсон гээд сууж байгаа. Нөгөө хугацаа нь дууссан эмнүүдээ устгалаа л гээд байгаа. Тэр хохирлоо хаанаас нөхөж байгаа бол. Энд асуулт байгаа биз. Тэгэхээр үнэ өсөх шалтгаан хаана байж таарах вэ. Дээрээс нь улсын мөнгөөр худалдаж авсан үнэтэй эмнүүдээ хугацааг нь дуусгаад л устгаад хаячихаж байгаа биз дээ. Улсын мөнгө уйлдаггүй гэдэг нь л энэ байхгүй юу.

-Эмийн үнийн өсөлттэй холбоотой гэдэг утгаараа энэ удаагийн сонсголд олон нийт чих тавьж байна. Ер нь хэзээ хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бид 2021 оны 12 дугаар сарын 29-нд УИХ-ын хянан шалгах тухай хуулийг баталсан. Үүнээс хойш Түр хороо байгуулагдаад ажиллаж байна. Хоёр ч түр хороо сонсголоо хийчихлээ. Үүний дараагаар хийгдэх ёстой сонсгол нь энэхүү эмийн сонсгол байгаа юм. Бид гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт хийхээр төлөвлөж байсан боловч мэдээлэл саатаж байгаатай холбоотойгоор арай амжихгүй юм шиг байна. Дөрөвдүгээр сарын эхний хагаст дуусгахаар хичээн ажиллаж байна. Нотлох баримт дээр тулгуурлаж ярина шүү дээ. Хамаарал бүхий этгээдүүдийг шалгаад явахад, долоо хоногийн өмнө би 150 хүнд холбогдох 7000 орчим хүний хамаарлыг харж байсан бол өнөөдөр 9000 болчихсон байх жишээтэй. Энэ мэтээр тэлээд л байна.

-Сонсголын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ. Одоогийн нөхцөлд харахад гол төлөв аль чиглэлд гэрч нарыг дуудахаар байна вэ?

-Ерөнхийдөө, нэгдүгээрт чанарын асуудал байна. Хоёрдугаарт, үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийн талаар хөндөгдөнө. Ингэхдээ үнэ бүрдэлт хаана байна, аль аль газарт бодитой өсөлт нь байгаа юм. Мөн татварын орчин ямар байна вэ гэх мэт. Алдагдалд орсон гэх хувийн хэвшлийнхний алдагдлаа хаана шингээж байна вэ гэдэг чинь хүртэл үнийн өсөлтийн асуудалтай холбогдоно шүү дээ. Нөгөө талдаа зайлшгүй шаардлагатай эм буюу хөнгөлөлттэй эмүүдэд гадны нөлөөлөл буюу эрхт дархтнууд эрх ашгаараа худалдан авалтад нэрээ оруулж, хөнгөлүүлдэг, мөнгө авдаг ямар алдаанууд байгааг гаргаж ирнэ. Мөн эмийн салбарын засаглал хаана нурсныг, яагаад өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд сул дорой "Уусан эм нь үйлчилдэггүй. Гадаадад уусан эм үйлчилдэг" гэдэг хоч зүүгээд явж байгааг хүртэл ярина. Тэгэхээр сонсголоор ярих сэдвүүд нэлээн тодорхой гэж харж байна.

Ярилцсанд баярлалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Сэлэнгэ, Булган аймгийн малчдын бүлэг, хоршоодод ажиллалаа
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Сэлэнгэ, Булган аймгийн малчдын бүлэг, хоршоодод ажиллалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.