Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Золбооттой ирэх сарын 7-нд бүх кино театруудад нээлтээ хийх “ЗУРА-III” буюу “Цэвэрлэгээ” УСК-ны талаар ярилцлаа. Тэрбээр "ЗУРА-III" кинонд гол дүрийн жүжигчнээр оролцон тоглосон юм.
-Тун удахгүй нээлтээ хийх гэж буй шинэ уран бүтээлээ хүлээгээд хувь, хувьдаа нэлээн хүлээлт, догдлолтой байгаа байх. Шинэ уран бүтээлээс нь ярилцлагаа эхлүүлье?
-Тэгэлгүй яах вээ. Сайхан байна. “Фантастик” продакшны дүү нарын ээлжит уран бүтээл “ЗУРА-III” буюу “Цэвэрлэгээ” бүрэн хэмжээний УСК гуравдугаар сарын 7-нд бүх кино театрт нээлтээ хийхэд бэлэн болоод, өдрөө зарлаад байж байна. Уран бүтээлч хүний ганц баярлах өдөр тэр өдрийг гэж хэлж болох байх.
-Ахмад уран бүтээлчийн хувьд хэр догдолж байна. Хамтарч ажиллаж буй залуу уран бүтээлчдээ харахад догдлол хэр ажиглагдаж байна?
-“Зовсоны эцэст жаргана” гэдэг шиг зураг авалтын үед маш хэцүү, хийж буй дүр дээрээ ажиллахаас эхлээд нэлээн их даваануудыг давна шүү дээ. Өлсөж цангана, ядарна, даарна гээд л. Энэ бүхний дараа нээлт гэдэг бол уран бүтээлч бидний хувьд баяртай сайхан торгон мөч байдаг. Нээлтийн өдөр үзэгч түмэн маань бидний хийсэн уран бүтээлийг үзэж, нижигнэсэн халуун алга ташилтаар хүлээж авах нь бидэнд хамгийн сайхан байдаг. Мэдээж, үзэгчид үзэж, тухайн уран бүтээлийг үнэлж дүгнэнэ шүү дээ.
-Таны хувьд “ЗУРА-III” дээр ямар дүрд тоглов. Трейлер, постеруудыг харахад багагүй анхаарал татаж байсан?
-Бид өмнө нь хоорондоо ярьж байсан. “ЗУРА-III”-ын бүх зүйл SURPRISE байдалтай байгаа. Эхлээд трейлер, постер цацагдсан. “Фантастик” продакшны уран бүтээлч дүү нар үнэхээр хүлээлт үүсгэсэн уран бүтээл гаргаж чаддаг. Тэрэндээ ч хүмүүс “Фантастик”-ынхан ямар бүтээл хийх гэж байна, хэзээ гарах гэж байна гээд шуугидаг болчихжээ. “Цэвэрлэгээ” киноны нээлт нэлээн нижгэр болж, олон хүн ирж үзэх байх гэж хувьдаа бодож байна. Миний хувьд ч бас догдлоод л гуравдугаар сарын 7-нд нээлтдээ очно доо гээд байж байна даа.
-Та “Зура” киноны 1, 2-р ангид оролцоогүй шүү дээ. Гуравдугаар ангид оролцох санал ирэхэд хэрхэн хүлээж авав?
-Өө, сайхан. “Баярлалаа. Ах нь чадах байгаа?” л гэдэг шүү дээ. Залуус маань ч “Болно оо, ахаа” гээд л ордог. Ер нь олон уран бүтээлд дүү нартайгаа хамтарч ажилласан байдаг. “Фантастик” продакшны залуус уран бүтээлийн санал тавихад би дуртай хүлээж авдаг.
Анхны уран бүтээлээсээ л ирлэгдэж, хурцлагдаж, монгол киног өндөр түвшинд авч ирсэн гэж боддог
-Анх та “Фантастик”-тай хэрхэн холбоо тогтоож, хамтарч уран бүтээл хийх болов?
-Хамгийн анх “Аз жаргалын шок” УСК-нд МУГЖ Ж.Оюундарь бид хоёр Баярын аав ээж хоёр болж, анхны уран бүтээлд оролцож байсан. “Аз жаргалын шок”-ыг маш их аз жаргалтай хийсэн кино гэж боддог. Би ч гэсэн Б.Тамирт хэлдэг юм. “Аз жаргалын шок”-ыг аз жаргалтай хийсэн шүү, дүү минь” гэдэг. Хариуд нь Б.Тамир “Харин тийм ээ, ах аа” гэдэг юм. Анхны уран бүтээлээсээ л ирлэгдэж, хурцлагдаж, монгол киног өндөр түвшинд авч ирсэн гэж боддог. Ер нь анх миний үеийнхэн тоглож байх үе, одоо үе тэс өөр шүү дээ. Техник технологи стандартын дагуу хөгжчихсөн.
Бидний үед чинь 35 мм-ийн камераар үсрээд л гурван дубль бичдэг байлаа. Үүнээс дээш дубль авахуулбал алуулна шүү дээ. “Ийм жүжигчин гэж юу байсан юм, үхсэнээ хийж жүжигчин болсон юм” гээд л загнуулна. “Аль нутгийнх вэ” гэхээр нь “Дундговийнх” гэнгүүт “Тэндээ очиж малаа малла” гэнэ. Камер нь хальсных болохоор аргагүй л дээ.
-Багагүй хугацаанд “Фантастик”-ын залуустай хамтарч ажиллалаа. Ахмад уран бүтээлчийн хувьд тэднийг харж дүгнэж л байгаа байх. Ямар үнэлэлт, дүгнэлттэй явдаг вэ?
-Би 6-7 уран бүтээл дээр дүү нартайгаа хамтарч ажилласан. Бүх юманд сэтгэлээсээ хандаж, атгасан гар шиг байж чаддаг. Нэг ёсондоо, уран бүтээлийнхээ төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг мундаг залуус гэж боддог шүү дээ. Нэгдүгээрт, зохиолыг маш сайн эрхэмлэдэг. Ялангуяа, Б.Тамир, А.Баттүшиг нарын хувьд олон зохиол бичсэн. Зохиолыг үнэхээр шүүсийг нь шахдаг. Бүх уран бүтээлчдээ суулгаж, санаа оноог нь сонсоод, дахиад л шүүсийг нь шахна. Ингэсний эцэст “За одоо болно, хөдлөшгүй” гээд л дараагийн зураг авалт, төлөвлөгөөг гаргадаг.
Анзаарч байхад, би дэвшилтэд технологийг яриад байгаа шүү дээ. Сайн мэдэхгүй ч гэсэн харахад дэлхийн хэмжээнд стандарт тогтоосон технологиор кино зурагт авалтыг хийдэг. Өнгө, дуу шуум, дүрс нь өөр болдог юм билээ. Гуравдугаарт, ингэж хийсэн уран бүтээл яах аргагүй “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг үзэгчдийн үзэх дуртай, очиж үзэхийг хүсдэг уран бүтээл болдог. Үзсэн үзэгчид ч нэгэндээ үзэхийг уриалдаг.
Сая ч трэйлер цацагдахад харж л байлаа. Би чинь өөрийнхөө хэмжээнд л эрхий хуруу /лайк/-гаа дараад л хэдэн найздаа шэйр хийсэн шигээ сууж байдаг. Өөрийн хийж чадах PR юм чинь. Тэгэхээр гуравдугаар сарын 7-нд кино театрууд миний бодлоор ёстой “ДЭЛБЭ” авах байх аа л гэж бодож байна шүү дээ /инээв/.
Аливаа кинонд ялангуяа, “Фантастик”-ын кинонд эх оронч, эх орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэл байдаг. Ямар сайндаа л “Байтаг богд”-ыг үзэж байгаад яг дуусах мөчид Монгол Улсын Төрийн дуулал явахад залуучууд бүгд босоод, огшмоор шүү дээ. Бүх кинонд л дайчин, залуучуудыг уриалсан мессеж өгдөг.
1985 оноос хойш хэзээ ч, хаашаа ч хөдлөшгүйгээр яг л энэ урлагийн тогоонд чанагдаад, 40-өөд жил болчихсон
-Одоо хувь уран бүтээлчийн талаар ярилцъя. Таны хувьд урлагийн салбарт хэрхэн хөл тавьж байв. Яаж яваад урлагийн салбартай холбогдчихов оо?
-Ах нь хар багын л кинонд дуртай хүүхэд байсан. Хичээл гэхээсээ илүү кино шүү дээ. Сумын клубд кино гарах гээд клубын орой дээр “улаан гэрэл” асчихдаг. Тэр нь кино гарч байна гэсэн үг. Механикч н.Дамдинсүрэн гуай гээд мундаг хүн байлаа. Тэдний хүү Д.Доржбат гээд миний найз бид хоёр 5, 6-р ангиасаа л “15” гээд нүүдлийн аппарат, суурилуулсан “19” аппаратуудыг цэнэглэдэг, тасарсан пилонкоо наадаг гээд л сүүлдээ бид хоёр чинь механикч болсон шүү дээ. Тэгээд л доор нь н.Дамдинсүрэн гуай билетээ таслаад, дээр нь хоёр жаахан хүүхэд кино гаргаад, нүхээр нь киногоо үздэг байсан /инээв/.
Би багадаа бас үлээвэр хөгжим их тоглодог байлаа. Мөн л 5-10-р анги хүртэл үлээвэр хөгжмөөр хичээллээд, цэрэгт явна даа. Цэрэгт очиж, цэргийн хөгжимд орно. Үлээвэр хөгжмөө хөгжимдөнө. Тэндээсээ улирна. Улирахаараа үлгэр жишээд очиж, үлээвэр хөгжимчин болно гэж боддог байв. Бусдаар Анагаахын дээд энэ тэр гээд олон юм бодож явсангүй.
“Мөрөөдөл биелдэг” гэдэг шиг яг 10-р анги төгссөн чинь УБДС-ийн Кино, драмын ангийн элсэлтийн шалгалт аймгийн төвд ирсэн. Сумаас манай н.Баатар багш маань “Чи, чи явна” гээд урлагийн үзлэг, багт наадамд оролцдог гурван хүүхдийг яваад ир гээд явуулсан. Тэгээд явсан гурваас надтай хамт нэг эмэгтэй тэнцээд, 1985 онд УБДС-ийн Кино, драмын ангид орсон юм даа.
Тэр цаг буюу 1985 оноос хойш хэзээ ч, хаашаа ч хөдлөшгүйгээр ямар ч бизнес хийгээгүй яг л энэ урлагийн тогоонд чанагдаад, 40-өөд жил болчихсон юм уу даа.
-1985 онд элссэн гэхээр 1989 онд төгссөн гэсэн үг үү?
-Тийм. 1989 онд төгсөөд Армийн драмын театрт н.Тунгаа эгч маань урьж, оруулж байсан юм. Тэгээд өнөөдрийг хүртэл яг энэ тогоондоо, энэ мэргэжлээрээ явж байна. Өөр юм хийж чадахгүй, бизнес хийж чадахгүй, хүн хулхидаж чадахгүй... /инээв/. Ингээд л явж байна даа.
-Урлагийн салбараасаа гаръя гэж бодож үзсэн үү?
-Вагон дүүрэн гахай зөөдөг үе байсан шүү дээ. Хүмүүс аймаар их бараа авч ирж зарж, баяжаад л. Гавьяат жүжигчин Уухааны Батбаатар бид хоёр “Хоёулаа ер наймаанд явъя” гээд эгчээсээ 500, 500 доллар аваад явж байсан санагдаж байна. Тэгээд Бээжинд очиж наймаа авч, гахай боогоод л хүмүүсийн адил ирсэн. Иртэл бараа маань ч сайн зарагдсангүй. Дүү нараа орж ирэхээр нь “Ав аа, ав” гэсээр байтал ихэнх нь өнгөрлөө. “Наймаа ерөөсөө бүтэхгүй юм байна, хоёулаа ажилдаа оръё оо” гээд л ажилдаа буцаж орсон юм даа.
-1989 он гэхээр нийгэм солигдох амаргүй үе шүү дээ?
-Тэгэлгүй яахав.
-Ер нь 1990-1999 оны урлагийн салбарын уналтын үе гэдэг?
-1990-1993 он хүртэл киноны салбар хэцүүхэн байсан. Хошин урлаг бол жинхэнэ үүрээр билетэнд нь дугаарлаж байсан үе л дээ. Монгол кино театруудын хувьд үзэгч багатай байлаа. Зритл их, бага гээд бүх үеийг би мэдэж байгаа учраас эргээд харахад кино урлаг асар их хөгжсөн.
-Яг тэр хүнд үед урлагийг нуруун дээрээ үүрч явсан хүмүүсийн нэгээр таныг нэрлэдэг юм билээ?
-Байсөөн, байсан. Өөрийн эзэмшсэн мэргэжил болохоор мэдээж сонирхолтой. Хүн байсан ч байгаагүй ч бид үндсэн уран бүтээлээ хийгээд л явж байсан.
С.Өлзийхүү “Миний найз гоё хошин урлагийн салбарт орж тоглохгүй юм уу” гэхээр нь би дуртай нь аргагүй “Тэгье” гэсэн
-Таны хувьд “Өнгөт инээд”-тэй салшгүй холбоотой. “Өнгөт инээд”-ийнхээ талаар яриач. Уран бүтээлийн хамтрагчдын нэг нь яах аргагүй МУГЖ С.Өлзийхүү шүү дээ. Бас хамтрагчийнхаа талаар хуваалцахгүй юу?
-Би “Өнгөт инээд” хамтлагт 2000 онд орж байсан юм. Найруулагч агсан Г.Машбат, “Суварган цэнхэр уулс”-ын н.Солонгын дүрд тоглосон Н.Батцэцэг эгчийн гэр бүл “Зүүдэнд ирсэн хонгор ижий” гэж кино хийгээд, би найруулагчийн дүрд тоглоод, МУГЖ, С.Өлзийхүү бас тоглож байсан юм.
Тэр үед манай С.Өлзийхүү “Миний найз гоё хошин урлагийн салбарт орж тоглохгүй юм уу” гэхээр нь би дуртай нь аргагүй “Тэгье” гэсэн. Тэгээд 2000 оны хавар, цагаан сарын өмнө “Азын бууз” шоу тоглолтод тоглосноос хойш “Өнгөт инээд”-тэй холбоотой яваа. Эргээд харахад би 50-60 тоглолтод оролцсон байдаг юм билээ. Хамгийн ахмад нь МУГЖ С.Өлзийхүү, О.Бат-Өлзий ах бид гурав байна. н.Мөнхбаатар гээд ах маань саяхан Төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртсэн. Тэр хүн бол манай шуумын техникч бид хэд өнөөдрийг хүртэл явлаа.
“Өнгөт инээд” хамтлагаас Монголын хошин урлагийн хамтлагуудын захирал, удирдах зөвлөлийн жүжигчид урган гарсан байдаг юм. Тэгэхээр үндэс, мөчир, их сайтай хамтлаг гэж бодож явдаг. Өмнөх зургуудыг ч гэсэн харж байхад ороогүй, гараагүй хүн бараг байдаггүй юм билээ.
Манай “Өнгөт инээд” бол олон хүнийг амьдралд нь холбож, олон уран бүтээлчийг цол хэргэмд хүргэсэн, олон хамтлаг, продакшныг бий болгоход тулгуур, багана нь болсон хамтлаг гэж би хувьдаа боддог. Би өнөөдрийг хүртэл “Өнгөт инээд” хамтлагтаа данстай явдаг.
Бид хэдийгээр тоглохгүй байгаа ч гэсэн манай Ц.Хүсэлбаатар найруулагч киноны салбарт киногоо хийгээд хамтраад явж байдаг, ийм анд найзууд байна даа.
-Түрүүн та 60 гаруй бүтээлд дүрээ мөнхөлсөн байна гэлээ. Эдгээрээс сэтгэлд тань хамгийн тод үлдсэн, дурсамжтай нь гэвэл ямар дүр вэ?
-Тэр, энэ гэх нь хаашаа юм. Шинэ уран бүтээл гарахын хооронд янз янзын зүйл их болно л доо. Ер нь бүх л тоглолт дээр инээдтэй, баяр хөөртэй, хөгжилтэй дүрүүд байлаа шүү дээ.
-Таны дэлгэцийн анхны уран бүтээл “Бүлээн нурам” МУСК санагдаж байна. Энэ уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?
-Тэгэлгүй яах вэ, яах аргагүй миний оролцсон анхны уран бүтээл. 1989 онд УБДС-ийн Кино, драмын ангийг төгсөх зун Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн ах маань “Дутуу хээтэй тооно” гээд жүжиг бичсэн юм. Энэ жүжгийн залуу Гэндэнгийн дүрд Д.Сэдэд гуай бид хоёр тоглож байлаа. Их билэгшээдэг юм. Б.Лхагвасүрэн гуайтай жүжгээр нь эхэлчхээд, хаваржин, намаржин сайхан тоглосон. Мөн хоёр хөгшний дүрд Н.Цэгмэд гуай болон “Хүний мөр” киноны Чимэд багш буюу Д.Лхамхүү ах гээд их олон сайхан ахмадуудтай “Дутуу хээтэй тооно” жүжигт тоглож байсан.
Тэгээд долдугаар сарын 10-н хавьцаа “Бүлээн нурам” киног Г.Жигжидсүрэн найруулагч хийх гэж байна гэхээр нь очтол тэнцчихсэн. Анх удаа Г.Жигжидсүрэн найруулагчийг дагаад, дурангийн өмнө хөл гар нь салгалаад, яаж тоглохоо мэдэхгүй хүүхэд л сууж байлаа шүү дээ.
-Ер нь тэр үед Г.Золбоотгүй уран бүтээл байдаггүй байсан юм билээ?
-1990-ээд оны үед маш олон кино гардаг байсан. Олон кинонд тоглосон шүү. Г.Золбоотгүй кино бас байсаан, байсан /инээв/.
“Үсэнд хайч хүргэхгүй”, “Будаг хүргэхгүй”, “Сахал авахгүй” гэдэг даалгаврууд өгсөн
-Ярилцлагын өмнө хоёулаа ярьж байсан. Үс, сахалныхаа талаар манай үзэгч, уншигчдад ярьж өгөөч?
-“Фантастик” продакшны дараагийн том төсөл болох Хүннү гүрний тухай олон ангит кино хийгдэх төлөвлөгөөтэй байгаа. Уг уран бүтээлийн зохиол гарчихсан, дүр хуваарилалтууд шийдэгдсэн. Хааяа дүр хувирах тохиолдлууд бий. Тэгээд эрхэм дүү нар “Үсэнд хайч хүргэхгүй”, “Будаг хүргэхгүй”, “Сахал авахгүй” гэдэг даалгаврууд өгсөн.
Даалгаврын дагуу өнөөдрийг хүртэл буурал үс, сахландаа хүрээгүй явж байгаа. Бид бүгдээрээ л сүүлийн 2-3 жил үс, сахландаа хүрээгүй. Гэхдээ тэд нарынх арай их ургаад байгаа. Залуу хүмүүсийнх хурдан ургадаг юм шиг байна лээ. Минийх ерөөсөө явахгүй юм /инээв/.
Ямар сайндаа шингэрээд, унаж дуусахаас нь өмнө энэ киногоо дуусгах юмсан гэж боддог шүү дээ. Мэдээж, сайхан уран бүтээлийн төлөө уран бүтээлч хүн дурладаг. Тийм учраас дүрдээ зориулаад, “Эр хүн хэлсэндээ, Эмээлт морь харайсандаа” гэдэг шиг үс, сахлаа ургуулаад явж байна.
Харин сая “ЗУРА-III” киноны зураг авалтад урт үс, сахалтайгаа очсон. Би “Авна уу, тайрна уу, одоо та нарын л мэдэл” гэсэн чинь харин сайхан багасгачихсан. Одоо дахиад ургах ажиллагаандаа яваа. Мэдээж, их том төсөл учраас бүгдээрээ л болох юм болдгоороо болно гээд үс, сахалтайгаа явцгааж байна даа. Хэзээ нэг өдөр сэвлэг, даахиа үргээх байх даа л гэж бодож байна шүү дээ. Ноосоо тушаана, дээс томно гэдэг шиг л... /инээв/.
“Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэдэг шиг 10 жилийн дараа ханьтайгаа таарсан
-Мэдээж, уран бүтээлч хүн хилийн чанадад, орон нутагт гээд цаг наргүй ажиллана. Үүний ард эхнэр тань байгаа шүү дээ. Эхнэрийнхээ талаар ярихгүй юу. Хэрхэн танилцаж байв?
-Намайг ард түмэн мэддэг байх өө. Би чинь гэр бүлтэй байсан хүн. Гэр бүлгүй болох үе байдаг. Гэр бүлгүй болоод 10 гаруй жил аж төрсөн байдаг юм билээ. “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэдэг шиг 10 жилийн дараа ханьтайгаа таарсан. Хань минь Төрийн албан хаагч эмэгтэй бий. Уран бүтээлч хүний ар талд яг л гэр бүл байдаг. Амар амгалан, сэтгэл тайван уран бүтээлдээ тоглох нөхцлийг эхнэр минь бүрдүүлж өгдөг.
Би “За, 30-40 хоног зурганд явлаа. Хүүгээ уйлуулсан байвал, өлсгөсөн байвал, ядраасан байвал...” гээд тоглоод хэлнэ. “За, юу гэж тэгж байдаг юм. Сайхан яваад, бүх ажлаа сэтгэл хангалуун хийгээд ир. Ар гэрт асуудал байхгүй, бүгдийг хань нь зохицуулна” гээд л үлддэг.
Ер нь бүх л уран бүтээлчдийн ард гэргий нар л байдаг шүү дээ. Ээ дээ, бид гэрийн бараа харахгүй. 90-ээд онд чинь гэрийн бараа огт хардаггүй байлаа. Гэргий нар л ар гэрээ батлан даалтад авч явж байж, сэтгэл амар уран бүтээлдээ явж, сайхан уран бүтээлийг үзэгчиддээ хүргэдэг шүү дээ.
-Танай хүү З.Хангалыг жүжигчин гэж сонссон юм байна?
-Тийм, жүжигчин. Уг нь би Хөгжим бүжгийн коллежийн Морин хуурын ангид оруулсан юм. Бүр Пионерийн ордны дааган хуураас эхэлж тоглуулаад, сүүлд нь морин хуур тоглож эхэлсэн. Миний хувьд морин хуур, уртын дуунд нугасгүй. Утасны дуудлаганаас илт байгаа биз дээ /инээв/. Сонсдог хөгжим гэвэл энэ хоёр л байна. Машин дотор сайхан уртын дуу, морин хуурын ая эсвэл сан, мэгзэм тавиад л алсыг хараад явж байдаг.
Тэгээд хүүгээ Хөгжмийн бүжгийн коллежийг төгсөөд, Монголын домог болсон хамтлаг байгуулаад, дэлхий тойрсон том хамтлагийн хөгжимчин болох нь гээд бодтол нэг өдөр “Аав аа, ярих юм байна” гэнэ. Юу вэ? гэсэн чинь “Бид 4, 5-уулаа СУИС дээр очлоо. Кино, драмын ангийн элсэлтэд ороод, тэнцчихлээ” гэнэ шүү. Их л хэцүү мэргэжил сонгож байгаа юм байна даа гэж бодсон. Ер нь бид хүүхдүүдээ жүжигчин болгохыг хүсдэггүй байсан юм. Гэтэл бидний хүүхдүүд буюу Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү хоёрын охин Х.Баярмаа, Заанаа эд нар гээд л бүгд жүжигчин болсон. Би багыгаа жүжигчин болгохгүй санаатай үзээд л байна. Бага охин “Жүжигчин болдог юм уу” гэж дуугардаг. Би “Тийм юм байхгүй ээ” л гэдэг юм.
-Та 2017 онд МУГЖ цол хүртсэн шүү дээ. Цол хүртээд гарч ирэхэд яг юу бодогдож байв. Дэвээд л гараад ирсэн шүү дээ?
-Өө, ёстой гоё. Дэвэхгүй байхын аргагүй юм байна лээ шүү. Тэр олон хүн уухайлахаар Төрийн дээд одон медаль энгэртээ зүүсэн монгол эр хүн чинь дэвэхээс өөр яах вэ дээ. Нэг мэдсэн чинь л дэвээд, шавсан байна лээ. “Шавсан байвал яах уу” гэдэг шиг л... /инээв/ Одоо харж байхад, бардам шагнал гоё шүү дээ.
Дэвж байгаа бичлэгийг зарим бөх дүү нар үзүүлээд “Ах ёстой гоё дэвсэн шүү” гэдэг.
-Урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд баярлалаа. Үзэгч та бүхнийг гуравдугаар сарын 7-нд бүх кино театруудад нээлтээ хийх “ЗУРА-III” буюу “Цэвэрлэгээ” УСК-г үзэхийг урьж байна. Би урьсан уриагүй угаасаа “ДЭЛБЭ” авна өө. /инээв/