УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан тэргүүтэй төлөөллүүд “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зохион байгуулах болсонтой холбоотой Ардчилсан намын даргын тушаал гарсныг танилцууллаа.
Энэ үеэр АН-аас ээлжит бус чуулганыг яаралтай зарлаж хуралдуулахыг шаардав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Малчдын нөхцөл байдал хүнд байна. Тиймээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газарт мөнгө төгрөг шийдэх эрхийг нь өгөх хэрэгтэй. Үхсэн мал босохгүй. Тиймээс хүнээ аврах буюу малчдын зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авах тогтоолын төслийг санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар боллоо" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Зудын аюулд нэрвэгдсэн малчдын арилжааны банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс 1 удаа хариуцан төлөх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон" гэлээ.