УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрөгч оны тайлангаа танилцуулж, мэдээлэл хийлээ. 2023 оны 5-р сард Засгийн газраас Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 орчим хуулиас цахим шилжилтийг удаашруулах нөхцөл үүсгэж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан.
Инновац, цахим бодлогын байнгын хороо энэ ажлыг хариуцан авч өнгөрсөн хугацаанд төрийн болон төрийн бус, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулж ажилласан. Ингээд УИХ-ын шат шатны хэлэлцүүлгээр оруулсны эцэст энэ намрын чуулганаар 109 хуулийнх нь нэмэлт, өөрчлөлт эцэслэн батлагдаж хэрэгжиж эхэллээ.
109 хууль нь ерөнхийдөө маш олон салбарыг хамарч байгаа. Товчхон хэлбэл эдгээр хуульд зөвхөн төрийн үйлчилгээ бус нийгэм, эдийн засгийн ихэнх салбарын харилцаанд цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрөх зохицуулалтыг оруулсан.
Эдгээр хуулийн өөрчлөлтүүд Монгол Улсын цахим шилжилтэд дараагийн реформ болж, аж үйлдвэрийн 4-р хувьсгал, технологийн асар өндөр хөгжил, дэвшлийг ашиглаж, хүний оролцоо, хүнд суртлыг халах, зардал төсвийг хэмнэх, эдийн засгийн урсгалыг эрчимжүүлэх боломж нээгдэж байна гэж харж байгаа.
Ерөнхий агуулгаар нь зарим давуу талыг дурьдвал:
- Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгож байгаа.
Өнөөдөр тоон гарын үсгээ авсан 800 мянган хүн байгаа ч бодитоор хэрэглэх бараг боломжгүй байсан. Одоо салбарын хуулиудад цахим баримт бичгийг зөвшөөрснөөр гэрээ байгуулахаас эхлээд олон харилцаанд тоон гарын үсгээ хэрэглэж болохоор болж байна.
- Төр өөрт байгаа мэдээллийг цаасаар нэхэж, иргэдийг байгууллагууд хооронд олон дахин явуулдаг, хүндрэл учруулдаг байдлыг бүрмөсөн зогсоолоо.
Хэдийгээр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд энэ заалт байгаа боловч цахим баримт бичгийг бусад хуульд хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас иргэд төрийн үйлчилгээг авахдаа заавал биеэр очдог, цаасаар харилцдаг асуудал байсаар байсан. Одоо энэ бүхэн цэгцэрнэ. E-mongolia-д мэдээлэл нь байгаа бол цаас авч явах шаардлагагүй болно.
- E-mongolia, E-business платформуудын хэрэглээ өсч, эдийн засгийн хэмнэлт нэмэгдэнэ.
2023 оны жилийн эцсийн байдлаар:
E-mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системд:
- 1.7 сая хэрэглэгч бүртгэгдэж, Төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид 38 сая удаа үйлчилгээ үзүүлж 300 орчим тэрбум төгрөг хэмнэсэн.
E-business нэгдсэн системээр :
- хуулийн этгээдтэй холбоотой лавлагаа, тодорхойлолт, тусгай зөвшөөрөл зэрэг 685 үйлчилгээ үзүүлж байна. Өдөрт дунджаар 1300 үйлчилж байна. Компани байгуулах шат дамжлага 11 байдаг. Үүнийг 100 хувь “E-business”-ээр хийж чадахгүй байсан бол одоо холбогдох хуулиудад нь өөрчлөлт орсноор гэрээсээ гар утсаараа аж ахуй нэгж байгуулах боломжтой болсон гэсэн үг.
- Дэлхийн бусад улс орноос Монгол Улсын аль нэг банкинд данс нээх боломжгүй байсан. Одоо энэ боломж нээгдэж байна. Эдгээр хуулиудаас 30 орчим нь банк, санхүүгийн байгууллагад хамаарах бөгөөд данс нээх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа цахимжиж, салбарын старт-апууд болох финтекийн хөгжлийг бодитоор дэмжиж байна гэж харж байгаа.
109 хуулийн өөрчлөлтийн зарим хэсгийг дурьдахад ийм байгаа. Ер нь төр-иргэн, төр-хуулийн этгээд, хуулийн этгээд-иргэний хоорондын харилцаанд их олон өөрчлөлт гарч, хялбар болно гэж хэлж болно.