Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Бат-Оргил: Маргааш учирч болох аюулт байдлаас нэг хүнийг ч гэсэн сэргийлэхийг хүсэж, УСХ-ийг сонгосон

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
7 минут 36 секунд

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Л.Бат-Оргилтой ярилцлаа. БНСУ-д цагдаагийн удирдлагын чиглэлээр суралцаад эх орондоо ирсэн Л.Бат-Оргил маргааш учирч болох аюулт байдлаас нэг хүнийг ч гэсэн сэргийлэхийг хүсэж, УСХ-ийг сонгожээ. Цаашдаа гаднын улс орнуудаас авч болох инновацын санаа, техник технологийн шийдлүүдийг эх орондоо нэвтрүүлэх том зорилтыг өмнөө тавьсан шинэхэн дэслэгчийн ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Л.Бат-Оргил гэдэг. БНСУ-ын Чаншин их сургуульд цагдаагийн удирлагын чиглэлээр 5 жил суралцаж, 2023 онд төгссөн. ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж эхлээд нэг сар болж байна.

-Цагдаа гэх мэргэжлийг яагаад сонгосон юм бол. Багын мөрөөдөл нь байв уу?

-Цагдаагаар суралцах шийдвэр гаргахад нөлөөлсөн хүн бол манай аав. Миний аав цагдаад ажиллаж байгаад ахмад цолтой тэтгэвэртээ гарсан. Бага байхдаа ааваараа их бахархаж, үлгэр жишээ авдаг байсан учраас аавынхаа замналаар явахыг хүссэн.

-Яг дүрэмт хувцас өмсөөд ажил дээр гарч, ажил үүргээ гүйцэтгээд явах анх ааваараа төсөөлж, гоё сайхнаар харж байсан тэр мэдрэмжээс өөр байна уу. Ямар санагдаж байна?

-Тэр бодол маань өөрчлөгдөөгүй. Анх ДХИС-д ороод цагдаагийн байгууллага хатуу чанга дүрэм журамтай. Иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм байна гэж бодож байсан. Өнөөдөр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэст томилогдоод нэг сарын хугацаанд ажиллахдаа иргэддээ ойр байж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчлаас сэргийлэх чиглэлд онцгой ач холбогдол өгч, үргэлж сэрэмжлүүлж, үнэнч зөвлөгч, туслан дэмжигч нь байх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Би урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, анхааруулах ажлаа сайн хийж чадвал гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, гэмт хэргийг бууруулах арга зам нээгдэж өгөх юм байна гэж бодсон. Энэ бүхэн надад маш их таалагдаж байгаа.

-ДХИС-д сурч байгаад БНСУ-руу явсан юм уу?

-Би 2018 онд ДХИС-д сурч байхдаа шалгалт өгөөд гэрээгээр Солонгос явж байсан.

-БНСУ-д суралцсан таван жил хэр байв. Гэртээ ирмээр санагдаж, шантрах үе байв уу?

-Гэрээсээ хол, эх орноосоо хол хүний нутагт хагас цэрэгжилтийн байдалтай байсан учраас анхандаа шантрах үе байсан. Тийм үеүдийг аавынхаа байнга хэлдэг үгний тусламжтайгаар давж гарч чадсан.

-Нууц биш бол ямар үг юм бол?

-"Чиний сэтгэл дотор чинь гал байсаар байтал бусдын чадахгүй, мэдэхгүй үгэнд хууртаж, өөрийнхөө галыг унтраана гэж" гэх үгэнд хурцлагдаж, өөрийгөө илүү их хөгжүүлэхийг хичээдэг байсан.

-Яг одоо юуг хийхийг зорьж, төлөвлөж ажиллаж байна?

-Иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд сэтгэл, оюунаа дайчилж, бас суралцаж байна. Мөн БНСУ-д суралцаж, төгсөөд ирсэн учраас тэндээс авч болох инновацын санаа, техник технологийн шийдлүүдийг эх орондоо нэвтрүүлэх нь нэн даруй, яаралтай хэрэгжүүлэх ажил юм байна гэдгийг сайн ойлгосон учраас үүн дээрээ төвлөрч байна.

-Инновацын санааг эх орондоо нэвтрүүлж, нутагшуулах боломж ер нь бий юу. Хэдий хэр хугацаа шаардана гэж бодож байна?

-Саяхан би нэг эвэнтэд очсон. Монголын залуучууд техникийн дэвшилтэд технологи ашиглаж ямар гоё инновацын санаанууд нэвтрүүлж чадаж байгааг харсан. Үүн дээр тулгуурлаад Монгол Улс техник, технологи IT талруугаа нилээн хөгжсөн юм байна гэж харж байгаа. Тэр ч утгаараа инновацын санаа, техник технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд манай улс БНСУ-аас нэг их дутаад байх зүйлгүй юм байна гэж бодсон учраас ихдээ 2-3 жилийн хугацаа шаардлагатай болов уу.

-Өөрийн тань хийсэн хиймэл оюун ухаан ашигласан гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа талаар REELS маш олон хүнд хүрсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-2024 онд Монголд төдийгүй дэлхий нийтэд хиймэл оюун ухаантай холбоотой гэмт хэрэг зөрчлүүд нэмэгдэх хандлагатай байна. Хиймэл оюун ухаан дээр суурилсан сөрөг функци гэж байдаг. Сөрөг талаас нь авч үзвэл хиймэл оюун ухаан дээр тулгуурласан хуурамч зураг, DEEP FAKE төрлийн видеонууд байгаа. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Пентоган хотод бөмбөг дэлбэрч буй зураг хуурамч зураг тарж, АНУ-ын хөрөнгийн зах зээл буурсан үзүүлэлт байдаг. Мөн саяхан Drake, Weekend нарын хамтарсан Heart on my sleeve дууг дуу хоолойг дуурайх үйлдлийн системийг ашиглаж, олон нийтэд цацсан. Одоо оюуны өмчийн маргаан үүсчихсэн явж байгаа юм байна лээ. Дэлхий нийтэд энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа. Манайд ч мөн адил.

-Хиймэл оюун ухааны талаар ярьсан REELS олон хүнд хүрч, өөрийг нь хиймэл оюун ухаанаар бүтээчихсэн юм биш үү гэх сэтгэгдэл ч олон харагдсан. Яаж хүлээж авсан бэ?

-Хүмүүс ЦЕГ-ын хиймэл оюун ухаан гэж дууддаг болсон. Би хувьдаа их эерэгээр хүлээж авч байгаа. Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн юм шиг ярьсандаа сэтгэл хангалуун байгаа

/ИНЭЭВ/.

-Манайд цахим орчинд хуурамч мэдээлэлд итгэж хувийн мэдээллээ алдан, хохирох тохиолдол их байдаг. Ийм байдлаар хохирохгүйн тулд иргэд юун дээр анхаарах ёстой юм бол?

-Цахим орчинд сонжоо, тоглоом гэх мэт “ХОРТОЙ” линкэн дээр дарж, хувийн мэдээллээ алдах тохиолдол их байна. Тиймээс аюулгүй байдалдаа анхаарч, эрсдэлтэй линкүүд дээр дарахгүй байхад анхаарах шаардлагатай байна.

-Л.Бат-Оргил дэслэгчийн хэтийн зорилго юу юм бол?

-Миний зорилго бол гаднын улс орнуудаас авч болох инновацын санаа, техник технологийн шийдлүүдийг эх орондоо нэвтрүүлэх.

-ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтнийхээ хувьд иргэд олон нийтдээ хандаж, юуг уриалмаар байна?

-Хиймэл оюун ухаан хөгжсөн XXI дүгээр зуунд цахим орчинд анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлын үүднээс баталгаатай эх сурвалжийн үнэн бодитой мэдээлэлд итгэж байхыг уриалмаар байна.

-Ярилцсанд баярлалаа.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Бүс нутгийн логистик төв“-ийг түшиглэн “Замын-Үүд хуурай боомт“ байгуулахаар шийдвэрлэжээ
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Бүс нутгийн логистик төв“-ийг түшиглэн “Замын-Үүд хуурай боомт“ байгуулахаар шийдвэрлэжээ
 
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.