Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 2023 оны НӨЛӨӨ бүхий 23 хүнийг UBN.MN сайт нэрлэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
22 минут 16 секунд
UBN.MN

Ubn.mn мэдээллийн сайт жил бүр тухайн оныхоо нөлөө бүхий эрхмүүдийн нэрлэдэг уламжлалтай. Тэгвэл яг одоо бид 2023 оны нөлөө бүхий 23 эрхмийг нэрлэж байна. Нөлөө бүхий гэдэг нь шилдэг, сайн гэсэн утга огт биш. Сайнаар ч бай муугаар ч бай нийгмийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлж буй хүмүүсийг энэхүү номинацид шалгаруулсан ба олон нийтийн санал асуулга, экспертүүдийн үнэлгээг хослуулж оны нөлөө бүхий 23 хүнийг танд танилцуулж байгаа нь энэ билээ.

Эдгээр хүмүүсийн хэлсэн үг, хийсэн үйлдэл, шийдвэр нь улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын хүрээнд хүчтэй нөлөөлдөг гэсэн үг юм. 2023 оны нөлөө бүхийн хүмүүсийн жагсаалтыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлсэн бол дараах хүмүүс удаалж байна.

UBN.MN

1. Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ / Монгол Улсын Ерөнхий сайд/

Улиран одож буй 2023 он Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд эрх мэдлээ улам л хурааж хуримтлуулсан он жил байлаа. Түүний гарт төвлөрсөн улс төрийн болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг өнөөдөртөө давж гарах нөлөөтэй хүн Монголд алга. Сайд нараа “бээлий” шиг сольсон түүний танхимд мөнгөтэй бол мөнгөтэй, зангаргатай бол зангаргатай олон улстөрчид нэгдэж оров. Ингэснээр тэрбээр, нам дотроо ч засаг дотроо ч, саарал ордондоо ч хамгийн хүчтэй хүн боллоо. Ерөнхий сайдын хувьд хамгийн онцлох ажлуудын нэг нь авлигатай тэмцэх тэмцэл байв.

“5Ш” гэх ажиллагааны хүрээнд томоохон “шувуухайнуудыг” эргүүлж авч ирэхээс гадна, төрийн албанд шүүр ажиллагааг хэрэгжүүлэн нийтийн болон хувийн ашиг сонирхлын тухай хуулийг өөрчилж төр, бизнес, уул уурхай гурвыг тусгаарлах ажлыг эхлүүлэв. Мөн эрх баригчдын зүгээс ҮХНӨ-ийг зүтгүүлж батлуулахад намын даргын үүрэг оролцоо их байсныг дурдах нь зүйтэй. Төсвийн реформын ажлыг эхлүүлж, “Хөдөөгийн сэргэлтийн таван цагариг” төслийг эхлүүлж, 21 аймагтаа ажиллав.

UBN.MN

2. Ухнаагийн ХҮРЭЛСҮХ /Монгол Улсын Ерөнхийлөгч/

Гадаад бодлогын хүрээнд түүхэнд байгаагүй хамгийн олон айлчлал хийсэн. Францын талтай ураны том төслийг эхлүүлэх ерөнхий чиг шугамыг гаргасан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг оны нөлөө бүхий хүний жагсаалтын хоёрт эрэмбэлж байна. Улс төрийн хувьд бага зэрэг хүчээ алдсан юм шиг атлаа “багачууд” нь тэмцэлдэх хэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шийдэл гаргах хамгийн сүүлийн гарц боломж нэмэгдсээр байна. Ерөнхийлөгчийн институт гэдэг үеийн үед хоржоонтой атлаа, хагалсан тоглолтынхоо ачаар үнэ цэнээ өнгөлж, зүлгэж ирсэн түүхтэй. Ирэх жил нам болон засаг, төр дахь эрх мэдлийн нөлөөгөө тэлэх зорилго Ерөнхийлөгчид хамгийн их байх нь дамжиггүй.

UBN.MN

3. Гомбожавын ЗАНДАНШАТАР /УИХ-ын дарга/

Улс төрийн хүрээнийхэн түүний хэтэрхий зөөлөн, тэмцэлд ордоггүй гэж дүгнэсээр ирсэн. УИХ-ын даргын хувьд энэ жил эсрэгээрээ жил байв. Хамгийн сүүлд УИХ-ын дарга НӨАТ-ын хувь хэмжээг нэмэх асуудлыг төсвийн үеэр хөндөж намаа байтугай, иргэдээ гайхшируулав. Тогтмол татварт гар хүрэхгүй гэж Сангийн сайд жадлан эсэргүүцсээр байгаад НӨАТ-ыг хөндүүлээгүй. Гэвч үүний ард Г.Занданшатар ямар хэмжээний аюултай хэрнээ, цар хүрээтэй улс төрийн тоглолт хийж чадах вэ гэдгийг харуулаад амжив. Түүнийг хүмүүс ирээдүйн улс төрийн “тоглолтоос” ч гаргаж үзэх хандлага мэр сэр байв.

Гэвч тэр анги, хамт олноо тэргүүлж Монголын улс төрийн түүхэнд сүүлийн арав гаруй жил өөрчилж, шинэчилж чадаагүй Улс төрийн намын хууль, холимог тогтолцоог агуулсан ҮХНӨ-ийг хийхэд парламентыг оройлон ажиллав. Зөвлөлдөх санал асуулгаас эхлээд ҮХНӨ-ийг парламент дээр хамгийн идэвхтэй дэмжигч хүч нь УИХ-ын дарга байв. Эцэст нь дүгнэж хэлэхэд Г.Занданшатар гэх улстөрчийг өөрөөр харуулсан, шинэ улс төр үнэртүүлсэн жил болж өнгөрлөө.

UBN.MN

4. Х Богд

Монголчуудын талаас илүү хувь нь бурхны шашин шүтдэг. Энэ бол Х Богдын ямар их нэр нөлөөтэй болохыг харуулж буй үзүүлэлт. Ирээдүйд Монголын бурхны шашны тэргүүнээр өргөмжлөгдөх энэ бяцхан хүү бол онцлохгүй байхын аргагүй, нэр нөлөө нь өдөр өдрөөр нэмэгдэх нөлөө бүхий эрхэм билээ. Түүнээс гадна ихэр ахан дүүсийн төрж, өссөн гэр бүлийн талаар бид бүхэн улиран одож буй 2023 онд хамгийн их сонирхож өнгөрүүллээ. Угтан ирэх он жилүүдэд геополитикийн олон, олон даваа нугачааг бид туулах учраас Х Богдоо илүү ихээр хайрлах буй за.

UBN.MN

5. Дашзэвгийн АМАРБАЯСГАЛАН /ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/

Д.Амарбаясгалан даргын нэр нөлөө нам дотроо хүчтэй хэвээрээ л байна. 2023 онд саарал ордны улс төр түүнд харин амаргүй болж өнгөрөв. Олон, олон зөрчлүүдийг туулж гарах, түүнийг давж гарах шаардлага ирэх он цагт түүнийг хүлээж байна. Ирэх жил түүнийг болон намыг нь сонгууль хүлээж байгаа учраас гол анхаарлаа сонгуульд төвлөрүүлэх болов уу. Мөн ҮХНӨ-ийг парламентын гаднаас хамгийн ихээр зүтгүүлж, тооцоо судалгааг түлхсэн хүн бол тэр.

UBN.MN

6.Дуламрагчаагийн ЖАВЗАНДОРЖ /Тэргүүн хамба/

Гандантэгчэнлин хийдийг 31 жилийн турш толгойлсон хамба лам Д.Чойжамц өөрийн хүсэлтээрээ ажлаа өгсөн нь энэ оны онцлох үйл явдлуудын нэг байлаа. Түүний оронд сүсэгтэн олны дунд “Монгол багш” гэж алдаршсан Лхаарамба Д.Жавзандорж энэ оны 11 дүгээр сард Гандантэгчэнлин хийдийн шинэ тэргүүн хамбаар залрав. Ирээдүйд Х Богдтой үйл хэргийн нарийн чанд холбоотой ажиллах түүнийг Мохгол дахь буддын шашинд зохих өөрчлөлтийг авч ирнэ гэж сүсэгтэн олон хүлээж буй юм. Ямартаа ч тэргүүний суудалд заларсан даруйдаа тэрбээр бурхан шашны номыг төрөлх Монгол хэлээрээ уншдаг болох асуудлыг хөндсөн юм.

UBN.MN

7. Хишгээгийн НЯМБААТАР /Хотын дарга/

Хуулийн сайд Х.Нямбаатарт ороогүй ажлын хэсэг, оролцоогүй хууль гэж өнгөрсөн нэг жилд байсангүй. Сонирхолтой нь алдарт автобусны дуулианы ар дээр дарга нарынхаа шахалтаар хотын даргаар томилогдов. Эхлүүлсэн, ажил “хураасан” эрх мэдлээ орхиод аж ахуйн асуудал нь улсын Ерөнхий сайдыг ч огцруулж мэдэх хүнд хэцүү ажилд очсон түүний шийдвэр улс төрийн хүрээнд нэн сонирхолтой байлаа. Ерөнхий сайдын баруун гар, аливаа асуудалтай гардан тулаан хийдэг түүнийг хот руу илгээсэн явдал нь олон талын улс төрийг бодож хийсэн онцгой нэгэн нүүдэл юм. Хотыг дахиж унагаж болох, хотыг өрсөлдөгчдийнхөө гарт өгч бүр болохгүй. Цаашлаад хот гэдэг бол намын даргын хувьд хамгийн чухал орон зай билээ. Тун удахгүй хотын намын хороог тэр “халааслах” байх. УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ ч аль эрт онцлоод зарлачихаж байна билээ.

UBN.MN

8. Баттөмөрийн ЭНХБАЯР /Хууль зүй, дотоод хэргийн сайд/

Хөгжлийн банкны сонсгол, Нүүрсний сонсголыг зохион байгуулсан явдал энэ парламентын түүхэнд сонирхолтой нэгэн шинэ хуудсыг бичиж үлдээв. Энэ хоёр түр хороог одоогийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж, дуусгав. Ерөнхий сайдын “илд” болсон тэрбээр энэ онд хамгийн хурдацтай өсөлт үзүүлсэн карьерын эзэн. Байнгын хорооны даргаар томилогдоод жил орчим л ажилласан түүнийг Х.Нямбаатарын оронд ХЗДХ-ийн сайдаар томилсон. Ингэснээр энэ намрын чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн бараг ихэнх хувийг нь түүний оруулж ирсэн хууль эзлэв. Хөгжлийн банк болон нүүрсчидтэй хийх тэмцэл Ардын нам дотроос эхлэх учиртай. Энэ хүнд үүргийг өмнөх түр хороо гүйцэтгэж чадаагүй учраас сая дахин түр хороог дахин байгуулж Б.Энхбаярт хариуцуулсан юм. Нүүрсний сонсгол явж өнгөрсний дараа Ардын нам бүхэлдээ эвгүй байдалд орж, дарга нарын түвшинд тун ч хүйтэн уур амьсгал бүрэлдэн тогтов.

UBN.MN

9. Тогмидын ДОРЖХАНД / УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга/

Ганц дайчин ганцаардахгүй гэдгийг дахин харуулсан жил боллоо. ҮХНӨ-ийг хамгийн ихээр зүтгүүлж, олон нийтэд ойлгуулж тайлбарлаж байсан хүн бол Т.Доржханд. ХҮН намынхан улс төрийн тоглолтыг гаргууд сайн хийлээ. Тэд ҮХНӨ-өөс гадна нүүрсний сонсгол дээр хамгийн чангаар дуугарч олны анхааралд оруулсан. Өнгөрсөн намар болсон “Цавчаа ногоон” гэх нэрийг зүүсэн автобусны асуудлыг ч гэсэн тэд л эхэлж хөндсөн. Эцэст нь тойрог томруулах лоббид ахиухан оролцоод энэ жилийг дуусгалаа. Тойргийг бүсчилж томруулах нь намын даргын нэр хүнд дээр явж буй, кандидатууд нь шинээрээ байгаа ХҮН тэргүүтэй намд хамгийн ашигтай хувилбар байсан нь ирэх жил харагдах болно. Товчхондоо, ХҮН хийдгээ хийлээ,

UBN.MN

10. Лувсаннямын ГАНТӨМӨР /Ардчилсан намын дарга/

Эв нэгдэл гэдэг үгийг мартаад гурван хаврыг үзсэн АН-ыг Лу.Гантөмөр нэгтгэх гэж хичээж байна. Талаар нэг тарсан АН-ыг нэгтгэх ажил амаргүй. Өнгөрсөн нэгдүгээр сард намын даргаар сонгогдсон тэр өнгөрч буй 2023 онд улс төрийн онцлох дүрүүдийн нэг байлаа. Сонгуульд амжилттай оролцохоос илүү эрх ашиг бүрийг нэгтгэх ажилдаа төвлөрч яваа түүнийг ирэх сонгуульд намаа хэрхэн удирдаж орохыг олон нийт анхааралтай ажиглаж байна. Бүтэн найман жил МАН-ын тоосонд даруулсан Ардчилсан нам энэ жил л сэргэхгүй бол ирээдүй нь улам л бүрхэг болно. Дайны хажуугаар дажин гэгчээр АН-д хуучин Ерөнхийлөгчийн нэр нөлөө оны сүүлээр эрчимтэй нэмэгдэж эхлэв. Энэ нөхцөл байдал л ирээдүйн их хагарлыг цэг болох вий дээ. Ямартаа ч нэгдсэн тамга, тэмдэгтэй нэгдсэн АН-ыг Лу.Гантөмөр чадлаараа зангидаж чадлаа.

UBN.MN

11. Зх3 сагсны эрэгтэй баг / Дэлхийн аварга/

Монгол улсын 3х3 эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг нь Сингапурт өнгөрөгч гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд явагдсан "2023 FIBA 3x3 Asia cup" тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж, Азийн аварга болсон юм. Тэдний бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, А.Ананд, О.Энхбаатар нар багтдаг.

UBN.MN

12. Нарангийн ӨНӨРЦЭЦЭГ /Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч/

Яг одоо түүний эрх торны цаана байна. Сэтгүүл зүйнд түүн шиг олон дагагчтай, олон дэмжигчтэй сэтгүүлч үгүй. 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш түүнийг цагдан хорьсон. Хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ч цагдан хорих ажиллагаа нь процессын алдаатай байсныг өмгөөлөгчид нь удаа дараа илэрхийлсээр буй. Өөрөөр хэлбэл, шалгах процессыг гадуур өрнүүлэх боломж хуулийнханд байсан. Гэвч хуулийнхан хүссэнгүй. Мэдээж үүний цаана “Яагаад” гэдэг асуулт үргэлж хаалга тогших болно. Хэн ч байсан шалгагдаж, буруутай буруугүй эсгээ тогтоолгох ёстой. Ингэхдээ мэдээллийн сайтыг нь хааж, эрхийг нь хязгаарлахдаа процессын алдаа гаргаж болохгүй. Ямар ч байсан сэтгүүлч Н.Өнөрцэцэг бол нийгэмд маш өргөнөөр нөлөөлөгч мөн үү гэвэл мөн. Хамгийн сүүлд гэхэд л цэргийн асуудлыг хөндөн тавьж, гурван хүүгийн төлөө хандив босгосон зэрэг үйлдлүүд нь түүнийг ямар хэмжээний нөлөөлөгч вэ гэдгийг тодхон харуулж байна.

UBN.MN

13. Халтмаагийн БАТТУЛГА /Ерөнхийлөгч асан/

Ерөнхийлөгчөөс бууснаас хойш Х.Баттулгын нэр хүнд өмнөх шиг ээ өндөр байхаа больсон байв. Хөгжлийн банк, Нүүрсний хулгайд хүртэл түүний нэр хавчуулагдав. Гэвч энэ жил Х.Баттулга улс төрийн зангараг, “бяр”-аа дахин нэг улс төрийн тайзнаа дэлгэн харууллаа. Намрын налгар өдрүүдэд нам бус монголчууд гэх агуулга дор орон нутгаар тойрч АН, МАН, ХҮН намынханд өөрийнхөө зангаргыг зантайхан үзүүлж орхилоо. Хэчнээн хулгайд орооцолдсон ч, түүнийг гараад ирэхэд хуйларсан олон дагаж буй нь ажиглагдав. Үүнээс гадна хамгийн том “бяр”, нөлөөгөө Ардчилсан нам дотроо гайхууллаа. Намаа нэгтгэж, сонгуульдаа бэлдэж буй Лу.Гантөмөрийн АН-ыг Женко Х.Баттулга бараг бүрэн эзэлж авсан гэхэд хол зөрөхгүй. Шинээр томилсон 15 дэд даргын тал нь Х.Баттулгынх. Мөн нийслэлийн намын дарга, АЗХ-ны тэргүүн, аймаг болон дүүргийн дарга нарын талаас илүү хувийг мань эр өөрийн талаас томилуулж, сонгуулж тоглов. Жаахан хэтрүүлээд хэлэхэд ирэх жил хэн нэр дэвшихийг бараг Женко зурах хэмжээнд оччихлоо. Иймээс тэр энэ жилийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг гарцаагүй билээ.

UBN.MN

14. Батболдын БАРСЛХАГВА /Жүжигчин, СТА/

Фантастик продакшний жүжигчин Б.Барслхагва Японы телевизийн олон ангит “VIVANT” кинонд дүр бүтээж, элэг нэгтнүүд төдийгүй Япончуудыг байлдан дагуулан өөрийн чадал чансаагаа батлан харуулж чадлаа. Мөн тэрбээр 2023 оны нэгдүгээр сард Их Британи, Австрали, Монгол, Унгар улсын уран бүтээлчид хамтран Чингис хааны ач хүү Бат хааны тухай "Gateway to the West" нэртэй кинонд тоглож дэлхийд гарах уран бүтээлчдийн цувааг тэргүүлэв.

Мөн өөрийн нэрээр нэрлэсэн "BARS" брэндээ нээж, хувцас загварын ертөнцийн хаалгыг "цөм" өшиглөн орж ирэв. Тэр яалтчгүй 2023 оны соёл, урлагийн тод нөлөөлөгч нь байлаа.

UBN.MN

15. Банзрагчийн ЖАРГАЛСАЙХАН /Монгол Улсын Ерөнхий прокурор/

Монголчуудын ихэнх нь түүнийг танихгүй. Харин асуудалтай болон улс төр, бизнесийн хүрээнийхэн бүгд түүнийг мэднэ. Хуулийн байгууллагуудын хэргийг унагах, босгох эрх зөвхөн түүний гарт л бий. Тиймээс олон таван үггүй энэ улсын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг бол гарцаагүй Улсын Ерөнхий прокурор.

UBN.MN

16. Зандраагийн ДАШДАВАА /АТГ-ын дарга/

Авлигатай тэмцэх газар энэ жил өмнөхөөсөө хэдэн арав дахин ачаалалтай ажиллав. Хэрэг шийдвэрлэлт, мөрдөн шалгасан ажлуудын статистик нь ч өмнөхөөсөө суга өсөв. Энэ хэрээр АТГ гэдэг бол асуудалтай улстөрчдийн хувьд сонсохоос ч эмээдэг нэрсийг жагсаалтын дээгүүрт бичигдэх болов. Товчхондоо АТГ-ын даргын нөлөө Ерөнхий прокуророос илүү гардаггүй юм аа гэхэд дутаж шалихгүй.

UBN.MN

17. "Херо" Бат-Өлзийн БААТАР /"Тамгагүй төр" жүжгийн найруулагч/

“Херо” Б.Баатар эхлээд кино урлагийг, дараа нь улс төрийг найруулсан. Одоо тэр тайзны урлагийг найруулан тавьж олны магтаал, зэмлэлийг зэрэг хүртэж байна. Юу ч хийгээгүй хүн л юунд ч шүүмжлүүлдэггүй гэдэг. Тэгвэл түүний жүжиг Монголын театрын урлагт шинэ нэгэн хуудсыг нээж өгөлөө.

Б.Баатар найруулагчийн тайзнаа толилуулсан “Тамгагүй төр” жүжиг Лондон хотын алдарт “Колизей” театрт “Монгол хаан” нэрээр 17 удаа тоглогдов. Өдөрт хоёр удаагийн давтамжтайгаар танхим дүүрэн үзэгчтэй байсан “Монгол хаан” жүжгийг нийтдээ 40 гаруй мянган үзэгч үзсэн гэдэг тоо статистик гарчээ. Дэлхийн тайзнаа том жүжгээ найруулсан тэрбээр ирэх сонгуулиар Монголын улс төрийг найруулах нь дамжиггүй.

UBN.MN

18. Эрдэнээгийн УЛААНХҮҮ / Аймгийн алдарт уяач/

Улсын наадамд нөлөөлсөн нөлөөлсөн эрхэм. Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Эрдэнээгийн Улаанхүүг онцолж байна. Тэрбээр өнөө жилийн Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадамд хар шүдлэнгээ түрүүлгэж олны хайр хүндэтгэлийг хүртсэн нэгэн юм. Олон ардын уухайн түрлэгт цоллуулсан, түүний хар үрээг “Түмний хар” хэмээн нэрийдэж буй.

Түүгээр ч барахгүй түүний морь, уяа хоёрын үнэлгээ тэрбумаар тоологдох хэмжээнд хүрсэн нь гайхамшигтай.

UBN.MN

19. Самандын ЖАВХЛАН /МУГЖ/

Зохиолын дуу нэг тусдаа, С.Жавхлан гавьяатын дуу нэг тусдаа гэдэг хүоээн зөвшөөрөл өнгөрсөн намар бий болов. Мөн чанартаа бол нэг л зүйлийг хоёр салгаж ярилцах монголчуудын энэ үнэлэмж түүний хэр нэр нөлөөтэй вэ гэдгийг бэлхэн харуулж байна. “Дулаахан намар” гэдэг тоглолтоо хийсэн түүнийг намрын налгар цагаар төв цэнгэлдэхийг дүүргэх үү гэж олон хүн амыг нь асууж байв. Гэвч ард түмний хайртай хүн төв цэнгэлдэхийг налайтал дүүргэж, үнэхээр л ДУЛААХАН НАМРЫГ үнэнч фэнүүддээ бэлэглэж чадсан. Ер нь бол С.Жавхлангаас өөр ямар ч зохион дуучин цэнгэлдэхийг дүүргэж чадахгүй биз. Ялангуяа намар оройн цагаар шүү дээ.

UBN.MN

20. Дашрэнцэнгийн ЭНХТҮВШИН /МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч, "ШАРК"/

Олонд “Шарк”, охидын краш түүнийг олон жил хийсэн MCS-ийнхээ ажлыг өгчихөөд юу хийхийг бизнесийнхэн сонжин харж байсан. Гэтэл Д.Энхтүвшин МҮХАҮТ гэх бизнесийн салбарын ихээхэн ач холбогдолтой ажилд сонгогдож, шинэ ажлаа эхлүүлэв. МҮХАҮТ гэх улс төр, бизнесийн салбарын холбогч гүүр болсон том байгууллагыг тэр удирдаж эхэлсэн нь ирээдүйд улс төрийн замналд орох эхлэл ч байж мэднэ. Ямартаа удахгүй хууль нь парламентын босгыг давахаар амьсгаа даран хүлээж буй МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн өрсөлдөөн энэ жил онц сонирхолтой өрнөж, эцсийн дүндээ “Шарк” зангараг харуулсан билээ. Тиймээс нөлөө бүхий эрхмүүдийн дунд тэр бизнесээрээ ч, албан тушаалаараа ч, инфлүүнсерээрээ ч багтах нь гарцаагүй.

UBN.MN

21. Пүрэвийн БАТСАЙХАН / "Шунхлай" группийн ТУЗ-ийн дарга/

7500 ажилтан, албан хаагчдадаа “Шунхлай” группийнхээ хувьцааг өгсөн нь түүний шийдвэр өнгөрсөн өдрүүдийн хамгийн их талархал хүлээсэн мэдээлэл байлаа. “Шунхлай” групп, АПУ гэх түүний удирддаг аж ахуйн нэгжүүд өнөөдөр татвар төлөлтөөрөө ч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээрээ Монголдоо тэргүүлж байна.

UBN.MN

22. Жамцын ОДЖАРГАЛ /"MCS" группийн захирлуудын зөвлөлийн дарга/

Монголын хамгийн том ажил олгогчдын нэг. Түүний үүсгэн байгуулсан MCS гэх их айл ажлын байр олголтоороо ч, татвар төлөлтөөрөө ч тэргүүн фронтод алхаж байна. Ж.Оджаргал бол Монголын бизнес, улс төрд хамгийн нэр нөлөөтэй хүмүүсийн нэг. Ирэх сонгууль ч түүний хувьд чухал буй за. Улс төр өизнес хоёр бол нэг зоосны хоёр тал билээ.

UBN.MN

23. Цагаачийн БААТАРСАЙХАН / "Таванбогд" группийн ерөнхийлөгч/

“Таван богд” групп өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. ТОП аж ахуйн нэгж гэдэг нэр сүрээ тэд ирэх жилүүдэд ТОПУУДЫН эхэнд бичүүлэх том амбиц тээж яваа нь гарцаагүй. Ц.Баатарсайханы нэр нөлөөг энд ярих шаардлагагүй биз ээ.

БЭЛТГЭСЭН: UBN.MN сайт

Б.Баярсайхан: Нэг аймгийн төлөө 1-2 гишүүн дуугараад явахаас илүүтэй бүс нутгийн ижил тэгш хөгжлийн төлөө 10 гишүүн нэгдэнэ гэдэг ТОМ ХҮЧ
Б.Баярсайхан: Нэг аймгийн төлөө 1-2 гишүүн дуугараад явахаас илүүтэй бүс нутгийн ижил тэгш хөгжлийн төлөө 10 гишүүн нэгдэнэ гэдэг ТОМ ХҮЧ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.