Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярсайхан: Нэг аймгийн төлөө 1-2 гишүүн дуугараад явахаас илүүтэй бүс нутгийн ижил тэгш хөгжлийн төлөө 10 гишүүн нэгдэнэ гэдэг ТОМ ХҮЧ

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
9 минут 27 секунд

Өнгөрөгч долоо хоногт УИХ-аар 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг баталсан. Ингэхдээ орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 тойрогтой байхаар байхаар тусгасан билээ. Тэгвэл бүсчилсэн тойргийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай ярилцлаа.

-Өнгөрөгч долоо хоногт олон нийтийн анхаарал нүүрсний сонсголд төвлөрсөн байлаа. Үүнтэй зэрэгцээд УИХ-аар бүсчилсэн тойргийн асуудал хэлэлцэгдэж эцэслэн батлагдсан. Таны хувьд бүсчилсэн тойргийн онцлогийг юу гэж харж байна вэ. Чуулганы хуралдааны үеэр Баян-Өлгий аймгийн бүсчлэлтэй холбоотой шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байсан?

-Бүсчилсэн тойрогтой болох нь бүс бүсээрээ хамтдаа хөгжих буюу эдийн засгийн бүсчилсэн тойрогтой больё гэх цаад санаа. Энэ өөрчлөлтийг олон жилийн өмнө олж харсан боловч Сонгуулийн тогтолцоогоо өөрчилж чадахгүй өнөөдрийг хүрсэн хэмээн ахмад гишүүд маань ярьж байгаа. Бүсийн хөгжил гэдэг агуулгаар нь би дэмжиж байгаа. Гэхдээ 21 аймаг дундаасаа нэг аймгийг тусад нь бүс болгож хуваах нь тийм ч зөв шийдэл гэж би харахгүй байна. Баян-Өлгий аймаг нэг аймаг болохоос нэг бүс биш. Баруун таван аймаг нэгдэж нэг бүс болно уу гэхээс Баян-Өлгий аймаг дангаараа нэг бүс болох боломжгүй гэдэг агуулгаар нь чуулганд байр сууриа илэрхийлсэн. Нэг ёсондоо, нэг аймаг тусдаа бүс болох нь өнөөх бүсчлэлийн загвараа эвдэнэ. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндэс угсаагаар нь үл ялгаварлах, тэгш бус байдал, хүний эрхийн зарчим алдагдах гэж байна гэдгийг хэлээд байгаа юм. Гуравдугаарт, Баян-Өлгий аймагт дандаа казах түмэн маань амьдардаггүй. Тува, халх, урианхай, дөрвөд зэрэг ястан амьдардаг шүү дээ. Цөөнх дотор байгаа цөөнхийн эрх ашиг гэж юм бий. Мөн Баян-Өлгий аймгийн иргэд маань бусад аймгийн түшээдээс ч төлөөллөө сонгох эрхтэй. Туршлагатай гишүүд, илүү олон хүн амтай аймаг бага хүн амтай аймагтай нэгдэхэд олонхийн сонголтод дийлдэж, төлөөлөлгүй үлдэх магадлалтай гэдгийг хэлж байгаа. Мэдээж хэрэг төгс сонгуулийн тогтолцоо гэж байхгүй. Бүгд давуу болон сул талтай. Гэхдээ энэ асуудалд бид Үндсэн хуулиа зөрчихгүйгээр аль болох хүний эрхээ тэгш хангаж, улс орныхоо хөгжлийн төлөө шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тиймээс бид тухайн нэг нэр дэвшигчийг бодохоос илүүтэй улс орныхоо хөгжлийг бодсон шийдвэр гэж харж байгаа. Гэхдээ энд тодорхой эрсдэл бий. УИХ-ын гишүүн, төрийн түшээ гэдэг бол хүн амын төлөөллөөс гадна газар нутгийн төлөөлөл байдаг. Тэгэхээр зарим жижиг аймаг төлөөлөлгүй үлдэх магадлалтай.

-Тэгэхээр та Баян-Өлгий аймгийг баруун аймгуудтай нэг тойрогт багтах ёстой байсан гэж байгаа юм байна. Тийм үү?

-Тийм ээ. Баруун бүс гэж байгаа бол түүнд багтах таван аймаг багтах нь зүйн хэрэг. Бусад бүсчлэлтэй харьцуулахад таван аймаг гэдэг утгаараа хэтэрхий том харагдаж магадгүй. Гэхдээ баруун бүс гэвэл тухайн бүсчдээ л хөгжлөө урагшлуулаад явах нь зөв болов уу гэж харж байна.

-Бүсчилсэн байдлаар тойргийг томруулахын нэг давуу тал нь төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалт гэж харж байгаа. Ер нь өнгөрснөн хугацаанд 21 аймаг руугаа төсвөө хуваагаад "чирээд явчихдаг" гэх шүүмжлэл байсаар ирсэн л дээ?

-Өнгөрсөн 30 жилийг харахад энэ байдал үнэн. Би ч ялгаагүй УИХ-ын гишүүн болчхоод аль болох Завхан аймаг руугаа зам тавиулья, дэд бүтцээс авхуулаад бүх талаас нь хөгжүүлэх шаардлагатай гэж тойргийн хөгжлийг яриад л явж байгаа. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр гэдэг шиг баруун таван аймаг дундаа нэг арьс шир боловсруулах үйлдвэртэй гэдэг ч юм уу. Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол баруун таван аймгаа эрчим хүчээр хангачихана. Энэ мэтээр давуу талыг нь харвал олон бий.

-Бүсчилсэн тойргийн шийдэлд ярилцах ёстой олон асуудлууд байна-

-Залуу, олон нийтэд танигдаж амжаагүй нэр дэвшигч нарт "халтай" гэдэг шүүмжлэл ч байгаа?

-Тэгэлгүй яах вэ. Энэ бол сөрөг тал нь. Залуу нэр дэвшигчдийн хувьд төдийлөн богино хугацаанд танигдаж, сонгогдох боломж нь учир дутагдалтай. Мөн сонгуулийн зардлын асуудал бий. Сонгуулийн тухай хуулиараа зардлыг багасгая, жендерийн эрх тэгш байдлыг хангахын тулд эмэгтэй гишүүдээ нэр дэвшихэд сонгуулийг илүү зардал багатай байлгая нөгөө талдаа хууль тогтоох байгууллагад ажиллах чин хүсэлтэй боловч санхүүгийн боломжгүй байгаа хүмүүсээ дэмжиж оруулж ирэх энэ бодлого дээр саад учрах юм болов уу гэж харж байгаа. Хэлэхэд эрт байна л даа. Гэхдээ энэ дөрвөн аймаг нэг бүс болоод нэр дэвшигч нь ухуулга сурталчилгаагаа хийе гэхэд ухуулагчдын цалин хөлснөөс авхуулаад асуудал их. Шийдэгдээгүй, ярилцах ёстой олон асуудлууд байна.

-Таны хэлсэнчлэн энэ чиглэлд ярилцах ёстой агуулгууд байна. Танай намын бүлэг дээр энэ талаар залуу гишүүдийн байр суурийг хэр сонссон бэ?

-Гишүүд чөлөөтэй байр сууриа илэрхийлсэн. Мөн парламентад төлөөлөлтэй байгаа улс төрийн намуудын зөвшилцөж байж гаргасан шийдвэр. Өмнө хэлсэнчлэн төгс шийдэл гэж байхгүй. Сонгуулийн бүхий л тогтолцоонд давуу болон сул тал байгаа. Үүнийг туршлагатай улстөрчид маань ч хэлдэг. Энэ зарчмаар ч өнгөрсөн жилүүдэд явж байсан. Алдсан, оносон зүйл ихтэй. Гэхдээ яг одоо 30 жилийнхээ хөгжлийг дүгнэж байна шүү дээ. Хотын төвлөрлөө харахад, сургууль цэцэрлэг бараадаад ирчихсэн хүмүүсийн буруу биш. Гэтэл энэ түгжрэл утаа агаарын бохирдол зэрэг асуудлууд төвлөрлийг багасгаж байж шийдэгдэх гээд байна. Тиймээс иргэдийг хөдөө орон нутагтаа хүний хэрэгцээ цөм бүрдсэн сайн эмнэлэг, цэцэрлэг, сургуультай болгож, ЖДҮ-ийг нь хөгжүүлж чадвал заавал хот руу шилжин ирж суурьших шаардлагагүй болно. Ийм байдлаар хөгжүүлэх гэж үзсэн аймгууд бий. Хөгжилтэй аймгууд байгаа. Гэтэл бүсчилсэн хөгжил гэдэг бол хөдөө орон нутагт үүнээс илүү их хөгжлийг авч ирж чадах юм байна гэж харсан алсын харааг зөв гэж харж байна.

-Зарим улс төр судлаачдын зүгээс бүсчилсэн тойргоороо цаашид явах нь урт хугацаандаа залуу нэр дэвшигчдэд давуу талыг бий болгоно, улс төрийн соёлыг суулгаж өгнө гэж харж байгаа. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Дараа дараагийн удаагийн сонгуульд ашиглах нь зөв гэж харж байгаа. Сонгууль бүрийн өмнө солиод байвал улс хөгжлийн гацаанд орсон хэвээрээ л байна. Тэгэхээр нэгэнт бүсчилсэн гэж байгаа бол түүгээрээ цаашид явах нь зөв. Ингэж чадвал баруун, төвийн аймгуудаас сонгогдсон гишүүдээрээ нутгархах, манай нутгийн хүн нутгаа л бодно гэхгүйгээр бүсээ боддог гишүүд гарч ирнэ. Жагсаалтаар орж ирэх 48 хүн бол улс орны томоохон мега төслүүдэд анхаарах, улсаа хөгжүүлэх бодлого дээр бат зогсоно. Бүсчилсэн байна гэдэг нь нөгөө талдаа нэг аль эсвэл хоёр хүн нэг аймгийн төлөө дуугараад явах биш бүс нутгаа ижил тэгш хөгжүүлэхийн төлөө арван гишүүн нэгдэнэ гэдэг нэлээн том хүч л дээ.

Ярилцсанд баярлалаа.

“Ган үзэг-2023” наадмын шилдгүүд тодорлоо
“Ган үзэг-2023” наадмын шилдгүүд тодорлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.