120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж цахимжилтыг хурдасгах асуудлаар ЦХХХ-ны сайд Н.Учрал дараах байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрбээр, "Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулийг судалж үзэхэд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж хэлбэр заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байна. Тэдгээр нь цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэсэн, “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбар”, “бичгээр хүргүүлнэ” зэргээр цаасан суурьтай баримт бичгийг шаардсан байна. Монгол Улсын цахим шилжилтийг удаашруулах, үл ойлголцох нөхцөл байдалд хүргэж байгааг шийдвэрлэх зорилгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар энэ 7 хоногт хэлэлцэх гэж байна.
ҮҮСЭХ БОЛОМЖ, ДАВУУ ТАЛ:
- Цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, цаасан баримт бичигтэй ижил түвшинд үнэлэх боломжийг бүрдүүлнэ.
- Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй.
- Мэдээллийн сангуудын харилцан холболт интерацийг хангаж, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, мэдээллийн зөрүүг арилгах
- Тодорхой салбарын гэрээ, хэлцлийг заавал цаасаар хийх ёстой байсныг цахим хэлбэрээр цахим гарын үсэг хэрэглэн байгуулж болохоор хялбаршуулав.
- Ногоон хөгжлийг дэмжиж, цаасан хэрэглээг багасгана.
- Хуульд зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар заасан харилцаанд цахим гарын үсэг хэрэглэж болохоор зохицуулсан.
- Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах, ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэж, хариуг цахим хэлбэрээр хүргүүлж болохоор тусгасан.
Финтекийн хөгжлийг дэмжинэ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай Эрсдэл багатай этгээдэд цахим хэлбэрээр данс нээх боломжийг бүрдүүлнэ" гэжээ.