Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГ ДОРООС: ​​Өмнөговь гэх “УЛС“...

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
19 минут 7 секунд

Ойрын өдрүүдэд Төрийн ордон нэлээн "шуургатай" байх болтой. Учир нь олон нийтийг жил гаруй хугацаанд хүлээлгэсэн нүүрсний сонсгол үргэлжилж байна. Хөгжлийн банкны сонсголоос хойш хоёр дахь сонсголоо зохион байгуулж буй Б.Энхбаяр сайд ч туршлага зааж, нэлээн хашир үзэж байгаа харагдана лээ. Товчхондоо, сонсгол эхлээд хоёр л хонож байгаа боловч энэ хугацаанд нүүрсний хулгайн схем үндэс сууриасаа сөхөгдөж байгаа нь олон нийтийн дунд багагүй хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Тэгвэл өчигдөр буюу сонсголын хоёр дахь өдөр ямар асуудлууд сөхөгдсөн талаарх мэдээлийг тоймлон хүргэж байна.

-Өмнөговь гэх "УЛС"...-

Сонсголын эхний өдрөөс л ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Түр хорооны гишүүд болоод гэрчүүдэд Үндсэн хуулийн нэгэн үзэл санааг байнга шахуу "сануулав". Энэ бол газар, түүний хэвлий, байгалийн баялаг монголын ард түмний өмч гэх санаа. Гэвч сонсголд гэрчээр оролцохоор ирсэн "Ажнай" Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир нар хоёр өдрийн туршид амнаасаа "Өмнөговьчууд" гэдэг үгийг салгасангүй. ИТХ-ын дарга Х.Сугир өчигдрийн сонсголоор л гэхэд "Өмнөговийн ихэнх иргэд нь банкны зээлтэй, бусад аймгаас илүү хөгжсөн зүйл байхгүй. Өмнөговь аймгийн нийт иргэд ашгаас хүртэх ёстой болохоос дарга дагасан цөөхөн хүмүүс хөлжөөд, манлай уяач, алдарт уяач болоод явдаг байж болохгүй" гэх байр суурийг илэрхийлсэн. Мэдээж орон нутагт нь байрлаж буй орд гэдэг утгаараа иргэд нь ашиг хүртэх нь зүй. Гэхдээ сонсголын индэр дээрээс "нэхэж" суугаа нь хэр зохимжтой вэ.

Нөгөө талдаа сонсголоос өмнө ч Түр хорооны дарга чуулганы хуралдаан дээрээс Өмнөговь аймагт хяналт шалгалтгүй, хууль дүрэмгүй "улс" байгуулагдсаныг илчинэ хэмээн мэдэгдэж байсан удаатай. Хоёр ч өдрийн сонсголоор энэ үг эхнээсээ батлагдаад эхлэв. Ерөөсөө л тэнд "улс" байгуулагдчихаж.

-Ханбогд суманд олгосон 457.3 газрын эзэмшигчдийн дийлэнх нь БНХАУ-ын өмчлөгчтэй компаниуд байна-

Хоёр дахь өдрийн сонсголын "галтай" хэсэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, түүний өмнөх удирдлагуудын газар олголттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалсан хэсэг байв. Учир нь сумын удирдлагууд нь 457.3 га газар эзэмших эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад олгосон байх юм. Шинжээчийн зүгээс эл асуудлыг Монгол Улсыг Газрын тухай хуулийн 33.1.2-д ...тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тэдгээрийн ихэнх нь БНХАУ-ын өмчлөгчтэй компаниуд байх аж.

-Газар олгосон гэх Х.Нэхийт намынхандаа "байцаагдав"-

Эл газар олголтын дийлэнхийг Ханбогд сумын өмнөх Засаг дарга Ш.Эрдэнэжаргал болон одоогийн Засаг дарга Х.Нэхийт нар хийсэн байгаа юм. Үүнтэй холбогдуулан сонсголд Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт гэрчээр ирж оролцсон юм.

Түр хорооны дарга болон бусад гишүүдийн зүгээс газар олголттой холбоотой мэдээлэл болон газар олгосынхоо хариуд ямар нэгэн байдлаар мөнгө авдаг байсан эсэх талаар тодруулахад тэрбээр "Би нэг ч гадаад компанид газар олгоогүй. Үе үеийн Засаг дарга нар ч олгоогүй байх. Гадаадын иргэнд газрыг 5 жилээр ашиглуулдаг. Компаниудыг сайн мэдэхгүй байна. Нөлөөлөл байхгүйг дахин хэлье" гэх байр суурийг удаа дараа илэрхийлсээр байсан юм. Мөн тэрбээр улс төрийн томилгоогоор эл албан тушаалд томилогдсон талаараа хэлсэн бөгөөд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж томилсон гэнэ.

-Ханбогд сумын 457.3 га газарт хууль зөрчсөн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэх 38 ААН-

Сумын Засаг дарга нь газар нутгийнхаа 450 гаруй га талбайг гадаадын компанид эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон гэх асуудал сонсголд хүчтэй шүүмжлэлийг дагуулсан юм. Тэгвэл тухайн 38 хуулийн этгээд, газрын хэмжээ болон тухайн газар олголтыг хэний гарын үсгээр баталгаажуулсан талаарх мэдээллийг та бүхэнд багцлан хүргэж байна.

  1. Лилия гарден ХХК /БНХАУ-ын компани/ -10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  2. Фүжибит ХХК /Хувьцаа эзэмшигч нь Сингапурын компани/ - 13.6 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  3. Ийзи Транспорт ХХК /ГХО 100 хувь/ - 14.5 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  4. Силвер Титан интернейшнл /ГХО 100 хувь/ - 13 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  5. Качнис ложистик ХХК /ГХО 100 хувь/ - 13 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  6. Соронзонговь ХХК /ГХО 100 хувь/ - 20 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  7. Энгүүнболор хуяг ХХК /эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  8. Ногоолин хэрлэн ХХК /ГХО, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  9. Ногоолин хэрлэн ХХК /ГХО, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  10. Гүнхармагтай ХХК /ГХО, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн/ - 8.3 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  11. Эс Эм Эс Ти ХХК /ГХО, үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн/ - 10 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  12. Тэнгэр анд тэнгис ХХК /ГХО, эцсийн өмчлөгч Өвөрмонголын компани / - 1.5 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  13. Талын цэнхэг трейд ХХК /ГХО 100 хувь / - 3.5 га
  14. Талын цэнхэг трейд ХХК /ГХО 100 хувь / - 40 га - Ш.Эрдэнэжаргал Засаг даргын үед олгосон
  15. Их Даваа уул ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 7 га
  16. Синотрак хово транс ХХК /ГХО 100 хувь / - 10 га
  17. Эрхэт түнш ХХК - 5 га
  18. Рояал Ассет ХХК /Гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн/ - 2 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  19. Рояал Ассет ХХК /Гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн/ - 13 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  20. Өртөөчинтайж ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 3 га
  21. Эркэ Монголиа ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 10 га
  22. Сарт ухаа ХХК /ГХО/ - 2 га
  23. Их хүлгийн жолоо ХХК /ГХО, эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 2 га
  24. Их Даваа уул ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 9 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  25. Камелнис ложистик ХХК /ГХО/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  26. Төмөр туурай ХХК /үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын компани/ - 20 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  27. Коалюшн ложистик энд минералс ХХК /ГХО 100 хувь/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  28. Трейд инвестмэнт групп ХХК - 15 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  29. Цагаан овоо баялаг ХХК /ГХО/ - 20 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  30. Грандговь суплай ХХК /ГХО/ - 30 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  31. Жи Пи Жи Ди ХХК /ГХО/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  32. Талын ургах наран /ГХО 100 хувь / - 20 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  33. Кайтл Ринч ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  34. Галба Ус ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 3 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  35. Цагааналт эх жин ХХК /ГХО 100 хувь / - 9.1 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  36. Жэй Эс Би ХХК /ГХО 100 хувь / - 10 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  37. Тив Транс ХХК /эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн/ - 3.8 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  38. Угтахбаян говь ХХК - 30 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон

Харин эрчим хүчний зориулалтаар газар эзэмшиж буй хоёр компанийн тухайд:

  1. Солар илч ХХК /эцсийн өмчлөгч нь Автрали улсын иргэн/ -100 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон
  2. Клинтек ХХК /Гүйцэтгэх захирал нь ХБНГУ-ын иргэн/ -4000 га - Х.Нэхийт Засаг дарга олгосон

-Эхлээд эзэмшээд дараа нь худалдаад...-

Асуудал газар олголтоор зогссонгүй. Тухайн газар эзэмших гэрчилгээ авсан компаниуд нь газраа Тавантолгой ХК-ийн газар худалдан авах тендерт оролцуулж, худалдахаар санал болгосон байх юм. Шинжээчийн дүгнэлтээр гарсан нэг л жишээг сонирхуулахад, "Энгүүнболор хуяг" ХХК-д 10 га газрыг Ханбогд сумын Засаг дарга Эрдэнэжаргалын үед олгосон байна. Тухайн үед Жижиг "Тавантолгой" ХК 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 20 га газрын тендер зарлахад "Энгүүнболор хуяг" ХХК 11 тэрбумаар эзэмшиж байгаа газраа худалдахаар санал болгосон аж.

12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гэдэг нь нэг га газрын үнэлгээ ойролцоогоор 600 сая төгрөг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, "Энгүүнболор хуяг" ХХК Ханбогдоос эзэмшсэн 10 га газраа 11 тэрбумаар худалдахаар Жижиг "Тавантолгой" ХК-ийн тендерт санал болгож байсан гэсэн үг юм.

-Нэг га газрыг НЭГ ТЭРБУМААР-

Уг асуудалтай холбогдуулан Түр хорооны дарга нэг га газрыг нэг тэрбумаар зараад байна гэх "агуулгыг" хөндсөн юм.

-Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нартай нэгдмэл сонирхол бүхий Женералтек ХХК-тай 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ-

Хоёр дахь өдрийн сонсголын дараагийн гол дүр бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар байлаа. Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав биечлэн ирж гэрчээр оролцсон бол Ц.Элбэгдорж гадаадад байгаа тул сонсголд оролцсонгүй. Харин тэднийг гэрчээр дуудсан цагаас эхлэн нүүрсний хэрэгт ямар холбоотой болохыг сонирхсон хүмүүс их байлаа. Харин шинжээчийн дүгнэлтээр тэдэнтэй нэгдмэл сонирхол бүхий Женералтек ХХК-тай Тавантолгой ХК 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан гэлээ.

Д.Дорлигжавын зүгээс "н.Болдбаатар гэдэг хүн өөрийн компаниа байгуулаад "Тавантолгой" ХК-аас нүүрс авсан байна. Манай дүү өөр нэг компанийг н.Болдбаатар гэх хүнтэй хамтарч байгуулсан. Би завсарлагааны үед дүүгээсээ асуухад дөрвөн хүн нийлээд оёдлын компани байгуулахад н.Болдбаатар байсан гэнэ. Тэр хүн цаанаа хэдэн бизнес, компанитайг мэдэхгүй, надад хамааралгүй гэж байна" гэх тайлбарыг өгсөн.

Түүнчлэн Түр хорооны даргыг "загинаад" амжсан.

-279 мянган тонн нүүрсний хэрэг прокурорын шатанд яагаад хэрэгсэхгүй болсон бэ-

Сонсголын үеэр 2013 онд прокуророос хэрэгсэхгүй болгосон хэргийн талаарх асуудлыг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир хөндсөн юм. Тэрбээр "2013 онд 379 мянган тонн нүүрс хулгайгаар гаргасан байж болзошгүй гэх хэргийг нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгосон. Яагаад хэрэгсэхгүй болгосон юм бэ" гэхэд Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав "Ерөнхий прокурор хүртэл танилцуулагдаагүй хэрэг байна. Би санахгүй байна. Гэхдээ та улс төржүүлэх гэж байгаа бол улс төржүүл. Хэрэг шийдүүлэх гэж байгаа бол шийдүүл" хэмээн хариулсан.

Харин хамгийн сонирхолтой нь Түр хорооны даргын зүгээс "Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч та хоёртой нэгдмэл сонирхолтой гэж танилцуулагдсан Женералтех ХХК-тай гэрээ байгуулсан цаг үе хэрэг хэрэгсэхгүй болгосон хугацаатай таарч байгаа" гэх мэдээллийг "хачирласан" юм.

-"Акмиконсалтинг" ХХК-ийн "ГЭР БҮЛ"-

Нүүрсний сонсголоор нэр цохогдсон "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулсан улстөрчид болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийг зарласан билээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг

"Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын охин Р.Азбаяр

АН-ын дарга Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул

УИХ-ын гишүүн асан Д.Зоригт

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хамтран "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Улмаар захирал нь 50 мянган тонн нүүрсний гэрээ байгуулсан гэдгийг Б.Энхбаяр сайд танилцуулсан юм.

-“Ажнай“ Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж нарын нэгдмэл сонирхолтой “Тавантолгой транс“ ХХК-аар 9.7 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийжээ-

Шинжээч "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй холбоотой гэх "Тавантолгой транс" ХХК-ийн шалгалтын дүнг танилцуулсан юм. Тус компанитай 2013-2019 онд 9.7 сая тонн нүүрс нийлүүлэхээр гэрээ байгуулж, үүнээс 550.7 мянган тонн нүүрс нийлүүлсэн гэх тайлан гарсан талаар танилцуулсан юм. "Тавантолгой транс" ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар байна.

Түүнчлэн өчигдрийн сонсголоос ноцтой хяналт шалгалтын мэдээллүүд ч ил болсон юм. Тэдгээрээс багцлан хүргэвэл:

-2016 оноос хойш Тавантолгой ХК-д татварын хяналт шалгалт хийгдээгүй-

2016 оноос хойш Тавантолгой ХК-д хяналт шалгалт хийгээгүй гэлээ. Мөн 2007 оны Татварын байцаагчийн актад ААН, байгууллагын орлогын албан татварын тайланд борлуулалтын орлого, зарлагыг дутуу тусгаж, татвар ногдох орлогыг бууруулсан 3.5 тэрбум төгрөг, НӨАТ-ын ногдуулалтын тайланд тусгаагүй татвар ногдох орлогын тооцоогүй татвар 1.1 тэрбум төгрөг нийт 4.5 тэрбум төгрөгийн зөрчилд 2.1 тэрбум төгрөгийн нөхөн татвар, 500 сая төгрөгийн хүү ногдуулахаар акт тогтоож байсан талаар шинжээч танилцуулсан юм.

-2012 онд Тавантолгой ХК-д аудитын хязгаарлалттай дүгнэлт өгсөн боловч Өмнөговь аймгийн Ерөнхий аудитор хянаж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй-

Мэдээллээс харахад, олон жил дараалан тус компанийн аудитын тайланд зөрчилгүй гэх дүгнэлтийг өгч иржээ. Гэхдээ зарим онуудад ноцтой зөрчлүүд илэрч байсан ч аймгийн аудитын удирдлагууд баталгаажуулдаггүй байсан гэх шинжээчийн дүгнэлтэд Түр хорооны гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байсан юм. Тухайлбал, Тавантолгой ХК-ийн 2009-2016 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг Өмнөговь аймгийн төрийн аудитын газар хийжээ. Тус аудитаар 344.5 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ. Мөн 142.4 сая төгрөгийн 4 төлбөрийн акт тогтоож, 9 зөвлөмжийг өгч байжээ.

-Тавантолгой ХК-ийн 2009-2016 оны үйл ажиллагаанд аудитаас 344.5 ТЭРБУМ төгрөгийн зөрчил илрүүлж байжээ-

Тавантолгой ХК-ийн 2009-2016 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг Өмнөговь аймгийн төрийн аудитын газар хийжээ. Тус аудитаар 344.5 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ. Мөн 142.4 сая төгрөгийн 4 төлбөрийн акт тогтоож, 9 зөвлөмжийг өгч байжээ.

-Таван жилийн хугацаанд нүүрс тээврийн 3964 машин олон удаагийн давтамжтайгаар хилээр хоосон гарсан байсан-

ГЕГ-ын дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга н.Очгэрэл "Таван жилийн хугацаанд нүүрс тээврийн 3964 машин олон удаагийн давтамжтайгаар хилээр хоосон гарсан байсан" гэх мэдээллийг өгсөн юм.

-Шинжээч: Урьдчилсан байдлаар НҮҮРСНИЙ ХУЛГАЙ болсон гэж үзэж байгаа-

Сонсголын үеэр "Тавантолгой" ХК-аас нүүрс зээлээр авсан төлбөрөө барагдуулах зорилгоор "Тавантолгой транс" ХХК-аас санал болгосон хөрөнгүүдийн талаар Шинжээч танилцуулсан байдаг. Тодруулбал, урьдчилсан байдлаар НҮҮРСНИЙ ХУЛГАЙ болсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 8.8 болон 9.6 тэрбумаар нүүрс худалдаж авсан өрөндөө ажилчдын байшин зэргийг өгсөн байна" гэсэн юм.

Түүнчлэн "Тавантолгой" ХК-д үүссэн өр, авлагын талаар сонсголын шинжээч танилцуулав. Энэ үеэр "2023 оны байдлаар 6.8 тэрбум төгрөгийн авлага, өглөг үүссэн. Нүүрс авчхаад мөнгөө өгөхгүй, бараа материалаар "бартер" хийдэг" хэмээн онцолсон юм.

“Том татвар төлөгчдийг зөвхөн Ерөнхий газар шалгана гээд эрх мэдэл төвлөрүүлчихсэн нь ямар учиртай юм бэ“
“Том татвар төлөгчдийг зөвхөн Ерөнхий газар шалгана гээд эрх мэдэл төвлөрүүлчихсэн нь ямар учиртай юм бэ“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.