Орь залуу насныхны “ОРХИГДОЛ” буюу нягтлах сэдлийг нь тэдэнд олго
Залуусын төлөөлөл, Монгол Улсын сонгуулийн насны иргэн, 24 настай С.БОЛОРМАА,
“Миний хувьд 2020 онд анх удаа сонгууль өгсөн. Тухайн үед нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг уншиж судлалгүй саналаа өгч байсан. Худлаа үнэн тэгнэ, ингэнэ гэсэн сурталчилгаа яваад байдаг. Залуу гэр бүл болон оюутан залууст зориулж гаргасан дэмжих хөтөлбөр, бодлого байдаггүй. Хэрэггүй олон хөшөө барьж байхаар эх орныхоо ирээдүй хойч үеийг дэмжиж өгмөөр байгаа юм.
Яг Болормаа шиг өөр өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой, Z гэгдэх шинэ үеийн залуус бол 17-26 насныхан. Тэдэнд зориулагдсан, тэдний таалалд нийцэхээр цоо шинэ ертөнц, нийгмийг бүтээхээр хэмжээний сэтгэхүй, харах өнцөг, шаардлага тэдэнд бий. Тэд бол дэлхий дахинд судлаачдын сонирхлыг татаж буй бүхэл бүтэн нэг шинэ үе. Гэтэл тэдний яг тэн хагас нь сонгуульд огт оролцож саналаа өгдөггүй!
ТООГООР ЧУХЛЫГ: 50-иас дээш насны иргэд үндсэндээ сонгуулийн үр дүнг тодорхойлж байна. Харин залуус оролцоо, үр дүнгийн “орхигдсон” хэсэг хэвээр л байна.
18-35 насны залуучуудын 2 хүн тутмын нэг нь саналаа өгөхгүй байгаа бол 50-иас дээш насны сонгогчид сонгууль бүрт 80-95 хувийн буюу тогтмол өндөр ирцтэйгээр оролцдог. Тэдний саналаар үндсэндээ бүх сонгуулийн үр дүн тодорхойлогдож ирлээ. Хэрэв залуучуудын ирц оролцоо 50, 60-аас дээш настнуудын ирцтэй ижил түвшинд өндөр байдаг бол сонгуулийн үр дүн байж болох хамгийн сайнаар өөрчлөгдөх боломжтой. Монгол Улсын хэмжээнд нийт сонгуулийн насны иргэдийн 44 хувийг 18-34 насны залуучууд эзэлдэг. Тэгвэл тухайн бүлгийн 80% нь саналаа өгөхөд л бусад насны бүлгийн саналыг давах боломжтой. Гэвч сонгуулиа өгөх эрх, үүрэгтэй жишээ нь 20-24 насныхныг авч үзэхэд 10 залуу тутмын 6-7 нь сонгуулиа огт өгөхгүй байна.
Мөн тэд мөрийн хөтөлбөр дээрх зорилтуудын биелэлтийг нь шахаж шаарддаг байсан бол нийгэм “эрүүлжиж”, өөрчлөгдөх боломжтой нь тодорхой. Эрүүл нийгэм гэдэг нь ердөө л нүүрсний хулгай, ЖДҮ-ийн хэрэг, ногоон автобусны булхайгүй, залуус амьдралд анхлан хөл тавихад таатай, орон сууцны үнэ цалингийн үнэтэй харьцуулахад боломжийн, машин болон байртай болох нь дээдийн мөрөөдөл мэт биш байхыг л хэлээд байгаа юм шүү дээ!
Конрад-Аденауэр сан, Нийгэм улс төрийн боловсрол НҮТББ-ын хамтран гаргасан судалгаанд Z үеийнхэн сонгуульд саналаа өгч байгаагүй шалтгаануудаас үзэхэд, “сонгуульд оролцох зав гараагүй”, “итгэл хүлээлгэх нам, улс төрч байгаагүй”, “улс төрчид, намууд шударга биш”, “миний саналаас үл хамааран сонгууль болдгоороо болно” гэх зэрэг хариултуудыг өгсөн байна. Цөөн үгээр хэлбэл залуусыг татах зүйлс сонгуульд алга.
Намуудын МӨРИЙН ХӨТӨЛБӨРт залуус руу тусгайлан чиглэгдсэн бодлого тусгагддаг уу? Эсвэл улс төрийн намууд “залуус бол бидний гол “бай” биш, тэд саналаа угаасаа л өгөхгүй” гээд орхигдуулаад, бэлэг сэлт, чихэр шиг бодлогоо тойруулаад орхиод байгаа юм биш биз? Үүнийг нягтлахад хялбархан. Тэдний мөрийн хөтөлбөрийг шүүхэд л харагдана.
Хамгийн сүүлийн буюу 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн НАМУУДЫН мөрийн хөтөлбөрт залуус руу чиглэгдсэн, тэдний анхаарлыг татахуйц, ээлтэй бодлого, зорилт байсан эсэх, биелэлт нь ямар байгааг харж таамаглал батлагдах эсэхийг харцгаая!
МАН: ОДООГИЙН ЭРХ БАРИГЧ НАМ БУЮУ МАН УИХ-ЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬД ҮНДСЭН 6 БҮЛЭГТЭЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ДЭВШҮҮЛСЭН БӨГӨӨД ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗОРИЛТЫН 5-РТ ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ДАРААХ ЗОРИЛТУУДЫГ ТУСГАЖЭЭ.
ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР:
- “1.5.14. Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.
- 1.5.15. Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулна.
- 1.5.16. Гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бий болгоход зориулсан төвүүд байгуулна.
- 1.5.17. Хүүхэд, оюутан, залуучууд, өсвөр үеийнхнийг гадны сөрөг нөлөө, бусдын дарамт, гэмт хэрэгт өртөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээс сэргийлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- 1.5.18. Асрамжийн газарт өсөж, 18 нас хүрсэн залуучуудыг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ.
- 1.5.19. Залуу гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, сэтгэл зүй, хөгжлийн хэрэгцээг дэмжсэн "Залуу гэр бүл" хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- 1.5.20. Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэх “Тогтвортой амар амгалан гэр бүл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- 1.5.21. “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно.
- 1.5.22. Уртын ээлжээр ажиллаж буй иргэдийн ажил амралт, амьдралын зохистой горим бий болгоно.” гэжээ.
Хамгийн эхэнд “Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ” гэсэн бөөрөнхий утгатай зорилтын хэрэгжилтийг захын хүн хэрэгжээгүйг нь мэдэж буй. Залуус гэр бүл зохиогоод зөвхөн өөрсдийн цалингаас хамааралтайгаар тохилог орон сууц худалдаад авчихдаг байсан бол өдөрт зуу зуугаараа Солонгос улсыг зорьж хар ажил хийх шаардлагагүй биз ээ. Бидний өмнө тулгамдаж буй олон асуудлын тэргүүнд үнийн өсөлт, инфляци бичигдсээр байна. Товчхондоо бол ЗАЛУУЧУУДАД ШУУД ЧИГЛЭГДСЭН үр өгөөжтэй, тэдний үнэ цэнд үйлчлэхээр зорилт ИЛТ ХАРАГДСАНГҮЙ. Мөн дээрх 9 дэд зорилтоос хамгийн сүүлийн буюу “уртын ээлжээр ажиллаж буй иргэдийн ажил, амьдралын зохистой горим бий болно” гэсэн нь л бодитоор хэрэгжжээ, одоогийн байдлаар.
АН: ХАРИН СӨРӨГ ХҮЧИН БУЮУ АРДЧИЛСАН НАМЫН 2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД ТАНИЛЦУУЛЖ БАЙСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР НЬ ЧИНЭЭЛЭГ ДУНДАЖ ДАВХАРГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, “ГЭР ХОРООЛЛЫГ ТАУН ХАУС ХОРООЛОЛ БОЛГОХ” ГЭХ ЗЭРЭГ ЕРӨНХИЙДӨӨ ХӨӨСӨРСӨН, ШУУД ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРӨХӨӨРГҮЙ АМЛАЛТУУД БАЙСНЫГ ТУХАЙН ҮЕД УЛС ТӨРЧИД ШҮҮМЖИЛЖ БАЙСАН ЮМ.
Тус нам залуучуудад хандсан залууст,
Дээрх амлалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгаж байв. Гэтэл Үндэсний аудитын газраас 2020 оны сонгуулиар найман нам, дөрвөн эвслийн мөрийн хөтөлбөрийг хуульд нийцээгүй, хэрэгжих боломжгүй гэж үзэж, мөрийн хөтөлбөрийг нь буцаасан. Тухайлбал, дээрх МАН, АН тэргүүтэй улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг хэрэгжих боломжгүй гэж дүгнэсэн байдаг.
Судалгаагаар, залуучуудад чиглэсэн уралдаан, тэмцээнээс илүүтэй тэдэнд тулгардаг асуудлыг шийдвэрлэх урт хугацааны, тогтвортой хөтөлбөрүүдийг санаачлан, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь харагджээ. Энэ талаар залуусын сэтгэгдлээс тодруулсан бөгөөд ЭНД дарж үзэх боломжтой.
МАНАЙ УЛСАД “УЛС ТӨРИЙН ЭРГЭХ ХОЛБОО” ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
УЛС ТӨР СУДЛААЧ Д.ОРГИЛ: “Сонгууль бол хэн нь хамгийн гоё чихэр долоолгож, чихэнд чимэгтэй амлалт өгөх уралдаан биш юм”
“Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд, хэрэгцээ шаардлага, хүсэл тэмүүлэлд нь нийцсэн буюу Залууст тусгайлан чиглэгдсэн томоохон бодлого боловсруулж, намууд мөрийн хөтөлбөртөө тусган, хэрэгжилтэд залуусын өөрсдийнх нь хяналтыг сайжруулах эргэх холбоог дэмжиж өгөх тогтолцоог сайжруулах шаардлагатай. Сонгууль бол хэн нь хамгийн гоё чихэр долоолгож, чихэнд чимэгтэй амлалт өгөх уралдаан биш. Намууд нийгмийн бүх бүлэг рүү чиглэсэн бодлоготой байх ёстой. Тэр тусмаа өнөөгийн нөхцөлд залууст зориулсан үнэ цэнтэй, амьдрал нийцсэн хөтөлбөрөө ул суурьтай боловсруулах хэрэгтэй. Залуус ч гэсэн үүнийг нь дэмжиж байж эргээд нэхэж шаардах буюу гол нь эргэх холбоо чухал шүү дээ!” гэдгийг улс төр судлаач Д.Оргил онцоллоо.
Судлаачийн хэлснээр дээрх шийдлийг хэрэгжүүлж чадваас улс төр, сонгуулийн оролцоонд орхигдоод буй залуусын оролцоо сэргэж, тэд нягтлах сэдлээ бага багаар олж авч, эрхээ эдлэх боломжтой болно.
Монголчууд бид “7 хэмжиж нэг огтол” гэх дөрөвхөн үгэнд асар гүн утгыг багтаасан хэлцтэй. Үүний адилаар “7 нягталж 1 сонгох” боломж, эрхийг нь залуустаа олгоё!
Сэтгүүлч: Э.Бодьгэрэл