Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ оны гуравдугаар улиралд өрхийн дундаж орлого нэмэгдэж, 2.2 саяд хүрсэн. Өрхийн орлого нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлт өгөөжөө өгч эхэлж байгааг харуулж байна гэж зарим эдийн засагчид дүгнэж буй. Тэгвэл эл дүн мэдээллийг хэрхэн тооцож гаргасан болон түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар ҮСХ-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн статистикч Л.Ундралаас тодрууллаа.
-Өрхийн дундаж орлого нэмэгдэж, 2,2 саяд хүрсэн гэх мэдээллийг танайхаас танилцуулсан. Энэ дүн мэдээлэл нь хэр бодитой тооцоолол вэ?
-ҮСХ-ноос сар тутам өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг зохион байгуулж байна. Сард ойролцоогоор 720 өрх уг судалгаанд хамрагддаг. Манай байгууллагын зүгээс өрхийн орлого, зарлагыг улирлаар тооцож тархаадаг. 2023 оны гуравдугаар улирал буюу 7-9 дүгээр саруудыг багтаасан тус судалгаанд суурилан өрхийн дундаж орлогыг тооцож тархаасан. 2220 өрхийн мэдээлэлд үндэслэж улс, бүсийн төлөөллийн мэдээллийг тархаасан гэсэн үг.
Энэ улирлын мэдээллээр, өрхийн нийт орлого 2 сая 246 мянган төгрөг болсон. Үүнээс мөнгөн орлого нь 2 сая 133 мянган төгрөг. Мөнгөн орлогоос гадна бусдаас үнэгүй авсан хүнс болон хүнсний бус орлого нь 52 мянга, өрхийн хувийн аж ахуйд хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний зарлага 59 мянган төгрөг болсон. Нийт орлогын хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.8 хувиар, 2023 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 11.8 хувиар өссөн байгаа юм. 2023 оны гуравдугаар улирлын байдлаар өрхийн сарын дундаж орлого 2.2 сая төгрөг болсон. Энэ нь мөнгөн дүнгээр илэрхийлвэл өмнөх оны мөн үеэс 431 мянга 500 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.
Тэгвэл үнийн нөлөөллийг арилгаж, 2015 оны үнэд шилжүүлж бодит орлогыг тооцвол 2.2 сая төгрөг маань 1.3 сая төгрөгтэй дүйж тооцогдож байна гэсэн үг. Энэ нь нэрлэсэн дүнгээр 23.8 хувийн өсөлт үзүүлж байсан бол бодит өсөлтийг нь харвал 11.3 хувийн өсөлт буюу 131 мянга 200 төгрөгөөр өссөн байна.
Ер нь мөнгөн орлогын бүтцийг харахад, цалин хөлснөөс олж буй орлого 58.1 хувь, тэтгэвэр тэтгэмжээс олж буй орлого 23.4 хувь, ХАА, мал аж ахуйгаас олж буй орлого маань 4.7 хувийг бүрдүүлж байна. Мөн өрхийн бизнесээс олж буй орлого нь 6.6 хувь үлдсэн бусад орлого нь 7.2 хувийг эзэлж байна.
-Өрхийн орлого нэмэгдэхэд голлон нөлөөлсөн хүчин зүйлийг нь юу гэж харж байгаа вэ?
-Орлогын бүтцээр нь харвал, цалин хөлсний орлого 41.9 хувиар, тэтгэвэр тэтгэмжийн орлого 18.3 хувиар, өрхийн бизнесийн орлого 27.1 хувиар өссөн байгаа. Үүнээс харахад, өрхийн орлогын үзүүлэлт нэмэгдэхэд гол нөлөөлсөн зүйл нь цалин хөлсний орлого байна.
2023 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн Засгийн газрын шийдвэрээр цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн. Энэхүү бодлогын үр нөлөө цалин хөлс болоод тэтгэвэр тэтгэмжийн орлогын өсөлтөд шингэж орж ирж байна.
-Суурьшлын бүс ахих тусам зардал нь нэмэгдэх хандлагатай байдаг-
-Ер нь өрхийн дундаж орлогыг тооцох аргачлал нь өөрөө ямар байдаг юм бэ. Өрхийн гишүүдийн нийт орлогыг дундажлан тооцдог уу. Мөн зарлагын тооцооллын тухайд?
-Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг өрхүүдэд хийдэг. Энэхүү судалгааг улс орон даяар зохион байгуулдаг бөгөөд 15 асуулгын хүрээнд мэдээллийг цуглуулдаг.
Тухайлбал, орлогын бүлэг л гэхэд цалин хөлсний орлогыг хувь хүн бүрээр нь тооцдог. Ингэхдээ 15 ба түүнээс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг цуглуулдаг. Үүгээр цалингийн орлогыг тооцдог гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал, гэр бүлийн бүх гишүүдийн сүүлийн сарын цалингийн дунджийг тооцож байна гэсэн үг шүү дээ.
Зардлыг тооцохдоо, эрчим хүч, хүнс болон хүнсний бус зардал зэргээр тус тусад нь цуглуулдаг. Мөн бид хүнсний бус гэдэгт хувцас, автомашин зэрэгт зарцуулсан мөнгөн дүнг тооцож цуглуулдаг. Өрх бүрээр энэ мэт мэдээллийг цуглуулж, зардлын тооцоог хийж тархаадаг. Хүнсний зардлын тухайд, сүүлийн долоо хоногийн зардлын мэдээллийг цуглуулдаг. Орон нутаг сумын төвүүдэд сүүлийн долоо хоногт хэрэглэсэн хүнсний зардлын мэдээллийг 129 нэр төрөл бүрээр салгаж авдаг. Тухайлбал, сүүлийн долоо хоногт та талханд хэдэн төгрөг зарцуулсан бэ гэх мэтчилэн.
-Хөдөө орон нутаг болон нийслэлийн тухайд өрхийн орлогын нөхцөл байдал хэр ялгаатай гарч байна вэ?
-Улирлын мэдээллийг гаргахдаа дөрвөн суурьшлын түвшинд зардлын мэдээллийг тооцож тархаадаг. Хөдөөгөөс сумын төв, аймгийн төв, нийслэл гээд харахад суурьшлын бүс ахих тусмаа зардал болон орлого нь ахидаг. Харин өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн зардал гэдэг дээр эсрэгээрээ байдал харагддаг. Тухайлбал, хөдөөгийн малчин айл өрхүүд махаа өөрсдөөсөө гаргаад хэрэглэдэг. Үүнийг нь бид зах зээлийн үнэлгээгээр үнэлж тооцдог. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт энэ төрлийн бүтээгдэхүүний зардал нь өндөр байдаг гэсэн үг. Ерөнхий дүнгээр харвал суурьшлын бүс ахих тусам зардал нь нэмэгдэх хандлагатай байдаг гэсэн үг.