Жил бүрийн тавдугаар сарын 9-нд ОХУ Дэлхийн II дайнд ялалт байгуулсны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой тохиож байна.
Энэ өдөр дэлхий дахинд энх тайвныг тогтоож, хүн төрөлхтний сайн сайхны төлөө амь насаа дэнчин тавьж тэмцсэн дайчин цэргүүдийн дурсгалыг хүндэтгэдэг билээ.
Өдгөөгөөс 80 жилийн өмнө болсон Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан. Энэ дайнд 61 улс орон буюу дэлхийн хүн амын 80 орчим хувь нь оролцож, 110 сая гаруй иргэн цэргийн албанд татагдаж байсан нь түүхэнд тэмдэглэгджээ.
Тvvхэн тэмдэглэлт энэхүү өдрийг манай хойд хөрш Орос орон даяар төдийгvй дэлхий дахинаа сvр жавхлантай тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая хүн цэрэгт татагдан оролцсон бөгөөд дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан байдаг. Дэлхийн II дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11.8 сая болсон.
Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын станцыг дээрэмдсэний улмаас учирсан хохирлын нийт өртөг 128 тэрбум ам.доллар /зарим баримтад 450 тэрбум ам.доллар/ болсон гэж үздэг билээ.
Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг үүсгэн зохион байгуулж “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч эхэлсэн бөгөөд Ардын сайд нарын зөвлөлийн хурлын тогтоолоор “Бэлэглэлийн Төв Комисс” байгуулагдаж, даргаар нь жанжин Д.Сүхбаатар агсны гэргий С.Янжмаа томилогдов. Тус комисс нь ард түмнээс цугларсан бэлгийг зургаан хэсэг цуваа болгон Зөвлөлтийн Улаан армид хүргүүлж байжээ.
Зургаан цуваанд явуулсан бэлгийг доор дурдвал
- Нэхий дээл – 37635 ширхэг
- Эсгий гутал – 92450 хос
- Үстэй бээлий – 53747 хос
- Нэхий болон үстэй хантааз – 51390 ширхэг
- Цэрэг бүс – 58800 ширхэг
- Ноосон цамц – 8290 ширхэг
- Нэхий хөнжил – 3321 ширхэг
- Мах – 680тн 100кг
- Зээр – 43503
- Зээрийн мах – 44тн
- Зэрлэг гахай – 730.6 тн
- Ятуу – 18985
- Хиам – 188.7 тн
- Цөцгийн тос – 15.6тн
- Нарийн боов – 13.1 тн
- Чанамал жимс – 80тн 12954кг
- Шувууны мах – 2364 тн
- Сүлжмэлийн зүйл – 4920 хос
- Чихэр – 36900кг
- Боов, боорцог – 10 тн 70400кг
- Эдийн саван – 113 тн 5060 кг
- Махор тамих – 83 гаруй тн
- Улаан архи – 33 торх
- Савхин дээл – 150ширхэг
- Шаахай -1000 хос
- Шинель – 13200
- Хөвөнтэй өмд, цамц – 3066
- Морин цэргийн эмээл – 1000
- Торгон савхин гутал -150
- Ажлын савхин гутал – 15100
- Ботинк – 3000
- Нисэгч нарын гутал – 500
- Цаначны малгай – 900
- Цагаан архи – 480 хайрцаг
- Бичгийн дугтуй – 56050
- Өврийн дэвтэр – 27875
- Нийтийн бэлэглэл – 127 авдар
- Хувийн бэлэглэл – 55609
- Тос – 96.5 тн
- Архи -8000 литр
- Папирос – 5.5 сая ширхэг
- Дах – 6766
- Гэрийн эсгий – 12336
- Суран бүс – 24000
- Эсгий гэр – 194
- Унадаг дугуй – 628
- Цагаан ултай үстэй сөөхий-2575 хос
- Эмнэлгийн шаахай – 10158
- Хүзүүний ороолт – 2000
- Ноосон бээлий – 2486
- Казах эмээл – 600 зэрэг савхин гутал, хүзүүний ороолт, хөвөнтэй хувцас, чихэр, лаазтай сүү, цаг, хутга, зүйл бүрийн хувцас, хөнжил, сахлын машин хутга, тамхи оролцуулсан 132 ширхэг бэлэг, нийт 205 тн хүнсний зүйлийг Зөвлөлтийн Улаан армид зургаан удаагийн цуваагаар илгээж байв.
Сүүлийн хоёр цуваанд “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” эскадрильд зориулсан бэлэг багтсан аж.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!