Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шинжлэх ухааны академитай хамтран “Монгол Улс дахь эрүүгийн бодлого: эдүгээгийн байдал, шийдвэрлэвэл зохих асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өнөөдөр /2023.06.20/ зохион байгууллаа. Монгол Улсын эрүүгийн бодлого нь эрүүгийн эрх зүйн, ял эдлүүлэх эрх зүйн, эрүүгийн процессын болон криминологийн, криминалистикийн ба хуулийн байгууллага ба шүүхийн бодлогоос бүрддэг. Эдгээр бодлогыг үр нөлөөтэй, тогтвортой хэрэгжүүлэх суурь нь эрүүгийн эрх зүйн бодлого юм. Манай улсын 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөс хойш зургаан жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хуулийн үр нөлөөг шинжлэн судлах, шинэчлэлтийн зорилтыг тодорхойлох шаардлага гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, сайдын зөвлөх, академич С.Нарангэрэл нар хэлэлцүүлэгт илтгэл тавив.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын орчин цагийн Эрүүгийн хууль 1926 оны “Шүүх цаазын бичиг” нэртэйгээр батлагдаж, хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүнээс хойш арав, зарим үед 20-30 жилийн давтамжтай шинэчилж байсан. Тухайн үеийнхээ нийгмийн хөгжлийн хурдацтай уялдуулж Эрүүгийн хуулийг шинэчилж, нийгмийн харилцаанд оролцогчдын хамгаалалтыг тогтоодог учиртай. Өөрөөр хэлбэл, хүн бүр нийгэмд тэгш, шударга амьдрах үндсэн хамгаалалт нь Эрүүгийн хууль юм. Нийгмийн хамгаалалтын хамгийн том механизм ч гэж болно. Сүүлд Эрүүгийн хуулийг 2015 онд шинэчлэн баталж, 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, тус оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэ хугацаанд хуулийн хэрэгжилтийн үр нөлөөд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэд хэдэн судалгаа хийсэн, ялын бодлогын хувьд эерэг үр дүнгүүд гарсан. Үүний зэрэгцээ шинэ объектуудыг Эрүүгийн хуулиар хамгаалах шаардлага гарч ирсэн. Тухайлбал, виртуал хөрөнгийн үйлчилгээний улмаас олон хүн хохирсон тохиолдол бий. Үүнийг Эрүүгийн хуульд суулгаж, хамгаалах шаардлага бий. Энэ мэтээр Эрүүгийн хуульд тодорхой системтэй өөрчлөлт хийх шаардлага бий тул өнөөдрийн хурлаар өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар эрдэмтэн судлаачидтай ярилцаж байна. Мөн бид олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон үүргээ Эрүүгийн хуулиар хангаж явах асуудал бий. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсож, ярилцаж байна” гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, академич С.Нарангэрэл “Та бид өнөөдөр 600 орчим бие даасан хуулийг дагаж, мөрдөж байна. Тэдэнд дотроос Эрүүгийн хууль хамгийн хатуу, хүний эрхийг хөнддөг, нөгөө талаараа нийгэмд хамгийн их хор уршиг учруулж байгаа гэмт явдлуудыг тогтоон барих, нийгмийн амар амгалан болон үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн чухал хууль юм. Өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд эрүүгийн хэргийн 200 орчим шүүгч, 170 гаруй прокурор, 200 гаруй мөрдөгч болон өмгөөлөгчөөс судалгаа авсан. Одоогийн дагаж мөрдөж байгаа хуулийг 80 гаруй хувь нь шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс ХЗДХЯ-наас эрдэмтэн судлаачид, олон нийтээр хэлэлцүүлж, шинэчлэхээр зорьж байна. Энэ хүрээнд ХБНГУ-ын дэлхийд нэртэй профессорыг урьж, шинжээчээр ажиллуулаар ажиллаж байна” гэв.
Манай улсын эрх зүйн тогтолцоо нь эх газрын эрх зүйн бүлийн чиг баримжаатай учраас Хууль зүй, дотоод хэргийн сайдын урилгаар ХБНГУ-ын профессор Эрик Хилгендорф хүрэлцэн ирж, “Постсоциалист орнуудын эрүүгийн эрх зүйн хөгжлийн үндсэн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр “Монгол Улсын эрх зүйн уламжлал, тогтолцоог судлахад Чингис хааны үеэс эхлэлтэй “Их засаг хууль”-тай байсан. Энэхүү урт хугацааны түүхтэй хууль нь орчин үеийн олон улсад нөлөө, ул мөрөө үлдээсэн гэж болно. БНХАУ-ын хууль мөн Монгол Улсын хуулиас нөлөө авсан гэдэг судалгаа бий. Эрх зүйн түүхэн уламжлалыг судалдаг эрдэмтэд Эрүүгийн хуулийг нийгмийн амин сүнс гэж тодорхойлдог. Тэр дундаа эрүүгийн эрх зүй нь тухайн улсынхаа хэв шинжийг агуулсан онцлогтой байдаг. Монгол Улсын хувьд эрүүгийн эрх зүйн тогтолцоогоо сайжруулж, шинэчлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд том ахиц гаргасан. Монгол Улсын шинэ Эрүүгийн хуулийг судлахад үндсэн агуулга нь сайн. Харин задалж үзвэл засаж, сайжруулах шаардлагатай заалтууд байсан. Тиймээс олон улсын хуультай өөрсдийн хуулийг харьцуулж харах нь зүйтэй болов уу гэж миний зүгээс харж байгаа. Тухайлбал, эрүүгийн хариуцлага болон ял шийтгэлийн бодлогыг нарийвчлан тодорхойлж оруулах шаардага байгаа нь анзаарагдсан” гэв.