Даван туулагчийн түүхээс...
Ер нь би хаана алдсан билээ гээд эргээд бодоход тэр бүжиглэдэг охидтой гадуур хамт гарсан орой, тэдний тансаг хэрэглээг “ямар гоё юм бэ” гэж бодсон сэтгэл хөдлөл л байж. Яасан ч ахархан бодлоор өчүүхэн зүйлд сэтгэл татагдсан юм бэ дээ, зайлуул. Хар бараан, ахин дурсахыг огтхон ч хүсдэггүй ч үргэлж бодогдож, айдас, түгшүүр дунд амьдруулсаар буй тэр үйл явдал болж, өнгөрснөөс хойш таван жил өнгөрчээ. Би хуучны өөрийгөө олох гэж, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах гэж хичээсээр л байна. Сэтгэлийн шарх эдгэртлээ их уддаг юм байна даа.
Би хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч. Магадгүй зарим хүний кинон дээр л гардаг зүйл гэж холын асуудал мэтээр хүлээж авдаг тэр гэмт хэргийг бие махбод, сэтгэл оюун гээд эд эс бүхнээрээ мэдэрсэн нэгэн. Юу болсон, энэ бүхэн хаанаас эхэлснийг бичье. Бусдыг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, “Өө ийм зүйл байдаг хэрэг үү” гэж анхаарал хандуулаасай гэж хүсэж явдаг тул би бичих ч ёстой байх.
Яах вэ, амьдрал болж байна л гэж боддог байлаа. Авсан цалиндаа идэх, уухаа тааруулаад л өнөөдрөө болгож байна, болж л байна гээд гомдолгүй, шуналгүй л амьдарч байсан. Өглөө, орой автобусанд суугаад л ажилдаа ирж, очно. Манай арван жилийн сургуульд нэг хэл, ам нь гүйцэгдэхгүй, ёстой нөгөө нүд нь гялалзсан сэргэлэн охин байсан юм. Нэг өглөө автобусанд тэр охинтой санамсаргүй таараад Баянхошуунаас, Багшийн Дээд хүртэл ярилцсан.
Тэр эхлээд надаас ажлыг маань асуусан. Олны хөлийн жижигхэн цайны газарт зөөгч хийдэг тухайгаа хэлснээс хойш түүний ярианы өнгө өөрчлөгдөж намайг сонжих, хөөрхийлөх аястай болж ирсэн. Харин өөрийнхөө ажлын тухай яг тодорхой хэлээгүй ч сардаа 3-4 сая төгрөгийн цалин авдаг гэж яриад, бид утасны дугаар, цахим хаягаа солилцоод салсан. Энэ өдрөөс хойш тэр над руу утсаар ярьж, мэнд мэдэж, туслалцаа хэрэгтэй бол хэлээрэй гэдэг болсон. Бас уулзаж, ярилцаж суух санал тавина. Нэг орой ажил эрт тараад түүнтэй уулзахаар боллоо. Ганц, нэг шар айраг уусан, нэлээд юм ярьж, яриа ч их дотноссон.
Тэр хийдэг ажлаа надад ний нуугүй ярьсан. Намайг ч энэ ажлыг хийвэл амьдрал чинь шал өөр болно, өөдөлнө, өөрчлөгдөнө гэж ятгасан. “Миний хийж байгаа ажлыг биеэ үнэлэлт юм шиг хүмүүс ойлгодог, үгүй шүү дээ. Энэ бол огт өөр соёлтой үйлчилгээ. Чиний биед хэн ч хүрэх эрхгүй, хэрэв хүрвэл чи гомдол гаргаж болно. Чи зүгээр л бүжиглэхэд л хангалттай” гэсэн.
Эхэндээ эрс татгалзсан ч тэр намайг ажил дээрээ ганцхан удаа очоод үзэхийг ятгасан. Тэгээд очсон, тэнд үнэхээр л охид зүгээр бүжиглэж, үйлчлүүлэгчид нь харж байлаа. Манай нөгөө “галзуу” ч тэнд бүжиглээд л, ажлаа дуусгаад “Тэр харсан биз дээ, энэ чинь зүгээр л энгийн ажил, гэхдээ цалин чинийхийг хэд нугалах илүү” гэж хэлсэн. Тэндээс гараад тэдний ажлын найзууд гэх хоёр эмэгтэйтэй, дөрвүүлээ нэг газар орж ярьж суусан.
Тэдний захиалж байгаа ууж, идэх зүйлс, нэг газраас нөгөө газар руу такси барьж, өмсөж зүүсэн нь гээд бүх зүйл нь минийхээс огт өөр түвшинийх байсан. Нэг ёсондоо тэд мөнгөнд ер санаа зовохгүй, менюн дээрх уух, идэх зүйлсийн үнийг харахгүй, дуртайгаа захиалж байв. Тэднээс салж, харихаар явахдаа би бодсон л доо. Нээрэн, яагаад өнөөдрөө л бодож, өнөөдөртөө л цадаж амьдрах ёстой гэж. Бусдын өмсөж зүүж байгааг хэрэглэж, хэд гурвыг далд хийн хураан хуримтлуулж, энүүхэн эндхийг биш гадаад, дотоодыг мөрөөдөж болохгүй гэж гээд л. Ингээд удаан бодсоны эцэст, найзтайгаа цуг ажиллахаар болсон. Тавигдах шаардлага энэ тэр ч гэлгүй, шууд л орчихсон. Найз маань ч нөлөөлөх шиг болсон.
Ингээд өөр орчин, өөр хүмүүс, өөр хэрэглээ гээд бүх зүйл цоо шинэ санагдаж, би ч их өөрчлөгдөж байлаа. Өмнө нь өнөөдөр юу идэх, маргааш юу өмсөх тухай л боддог байсан бол одоо аливаа шийдвэрт их зоригтой ханддаг болжээ. Найз маань “Одоо хоёулаа ингээд сэтгэл ханах биш, гадаад явж ажиллая. Найзад нь гадаадуудаас ажлын санал ирсэн. Хоёулаа тэр саналыг хүлээн аваад, хамтдаа явах уу” гэсэн.
Эхлээд автобусанд таарахад бид танил төдий байсан бол одоо бид ажил, амьдралын дотно найзууд болсон байлаа. Ингээд бид явахаар болсон. Найз маань эхлээд би очоод байж байя, чи араас хүрээд ирээрэй гэсэн. Гэхдээ би түүнийг онгоцны буудлаас гаргаж өгч нисгээгүй. Тэр “Би өөрөө явчихна, одоо л уулзахаас хойш сүржигнээд яах вэ” гэсэн. Сарын дараа тэр над руу холбоо барьж, үнэхээр сайхан байгааг, цалин бүр хэд дахин өндөр авч буйгаа, байрлах байр, хоол унд бүх юм бэлэн санаа зовох зүйлгүй сайхан байгаа тухай ярьсан.
Ингээд миний явах ээлж болсон. Анх удаа гадаад явж байгаа, онгоцонд сууж үзэж байгаа, үүлийг дээрээс нь харна, тэнд очоод хэдэн жил ажиллаад өчнөөн мөнгө хураагаад ирнэ гээд их л сэтгэл хөөрөлтэй хүн явсан даа.
Онгоцны буудал дээр буухад намайг тосох найз маань байхгүй байлаа. Харин огт танихгүй нэг эмэгтэй “Цаад чинь ажилтай болохоор орондоо намайг явууллаа” гэсэн. Тэр эмэгтэй бүртгэл хийлгээд ирье гэж хэлээд миний паспортыг авч яваад хэсэг хугацааны дараа эргэж ирсэн. Ирэхдээ түрүүчийн найрсаг байдал алга болсон байлаа. “Алив явъя, ийшээ суу” гэх мэтээр хар яр харилцаж эхэлсэн. Тэгсэн ч би нөгөө л сайхан зүйлсээ бодсоор л явлаа, гадаад орон гоё юм аа, хөөх ямар өндөр барилга вэ гэх мэтчилэн.
Гэвч би найзыгаа дахиж хараагүй, бас паспортоо ч гэсэн. Нэг жижигхэн умгар өрөөнд очсон. Тэндээсээ би бараг л гараагүй дээ. Харин өөр, өөр олон хүмүүс орж ирдэг байлаа. Тэр цаг хугацааг би ярих битгий хэл дурсахыг хүсдэггүй. Энд амьдрал хэцүү байна даа гэдэг бодол тэр үйл явдлын дараа жинхэнэ аз жаргал байж дээ гэж бодогддог байсан. Умгар өрөөнөөс гарах эрхгүй, ар араасаа орж ирэх үйлчлүүлэгчид.
Ингэж л би хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон. Нөгөө найз уу, найз тийшээ яваагүй юм билээ, намайг л зарчихсан байсан. Нэг биш хоёр биш гурван жилийн дараа би тэр хар дарсан зүүднээс сэрж, эх орондоо ирсэн. Намайг зарсан найз нэртэй тэр эмэгтэйг олох гэж хайсан ч олоогүй, хохирлоо ч барагдуулж чадаагүй. Нэг сурсан зүйл маань аливаа зүйлд няхуур хандах, амархан ажил байдаггүй гэдгийг ойлгосон явдал. Тиймээс энхрий нандин охид минь бүрэн таньж мэдээгүй хүндээ бүү итгээрэй, нөхөрлөх хүнээ зөв сонгоорой гэж захимаар байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Найман тэрбум хүнтэй дэлхийтэй хөл нийлүүлж, өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшиж, чадварлаг мэргэжилтэн болох гэгээн хүсэл мөрөөдөл танд байдаг уу? Дэврүүн сайхан энэ хүсэл мөрөөдлийг тань далимдуулан худал хэлж, хууран мэхэлж, заналхийлэн хүний наймаа, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгох гэж байгаа гэмт этгээдүүд яг одоо ч байсаар байна.
Та хилээр гарч хөдөлмөрлөх гэж буй бол ажлын гэрээ заавал байгуулах, өөрийн паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй өөртөө хадгалах, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөдөө очсоноо мэдэгдэж, холбоотой байх нь учирч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм.
Эх сурвалж: https://gogo.mn/r/310825...