Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр /2023.10.29/ Clubhouse дахь "Иргэний цахим танхим" өрөөнд өрнөсөн "Израйль-Хамаз дайн өргөжих үү" сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, олон улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, түүнд хандах улс орнуудын бодлого зэрэг өргөн хүрээнд байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр түүний илэрхийлсэн онцлох зарим байр суурийг та бүхэнд нэгтгэн хүргэж байна.
-Монголын арми, зэвсэгт хүчин иргэддээ цэрэг эх оронч хүмүүжлийг олгодог институц болох ёстой-
Хэзээ нэгэн цагт манайд дайн болж, хэн нэгэн биднийг өвтгөж, газар нутгаас тасдаж авсны дараа ухаарч мундаг болж ямар хүчтэйгээ харуулах гэж оролдох биш ер нь улс орон гэдэг бол байнгын бэлтгэлтэй байх, түүнд цэрэг арми нь томоохон хувь нэмрээ оруулах боломжтой. Тэртэй тэргүй цэрэг армийнханд цолыг нь олгоод, зардлыг төрөөс даагаад л явж байгаа. Харин тэр нь эргээд улсдаа цэрэг эх оронч хүмүүжлийг иргэддээ олгодог институц болоод хувирчих ёстой. Хэзээ нэгэн цагт ийм, тийм юм болно гэж ярих нь зохимжгүй. Зүгээр л хүмүүсээ бэлтгэж байгаа юм. Түүгээр дамжуулан чи эх орноо чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг хүн мөн үү гэдгийг харж болно. Израиль иргэдээ дуудахад 360 мянган хүн хүрээд ирж байна гэдэгтэй адил Монголд асуудал гарлаа гэхэд гараад зугтах хүмүүсийн тоо их байна уу аль эсвэл гадаадад яваа мөртлөө буцаад эх орондоо ирэх нь их байна уу харж, бодох л хэрэгтэй. Энэ хэмжээнд ойлголтыг бий болгоно гэдэг бол цэрэг зэвсэгт хүчнээ арай өөр түвшинд удирдаж байж хийдэг ажил юм даа. Ингэж байж Монголын арми зэвсэгт хүчин өөр болно.
-Хулгай хийх гэж орж ирсэн хүн бол хулгай л хийнэ. Өмнөх үеэ хулгайч гэж харсан хүн бол түүнээс илүү хулгайч болдог юм байна даа гэж харж байгаа-
Улс төрийн хувьд авч үзвэл, нэг буруу хандлага харагдаад байдаг. Өмнөх үе маань хулгайч, муу, адгийн шаарнууд байсан гэж хэлж гарч ирж байгаа хүмүүс нь өмнөх үеэсээ илүү хулгайч болж дордоод явчихаж байна. Ийм хандлага руу орж болохгүй. Өмнөх үе нь хулгайч байсан бол дараагийн үе нь хулгай хийдэггүй л байх ёстой гэж бодогддог. Гэтэл өмнөх үеэ худалч хулгайч байсан гэж шүүмжилж шүүмжилчихээд түүнээс илүү хулгайлах ёстой гээд дайраад байж болохгүй. Хаа газрын улс төрд үлгэрт итгэчихээд түүндээ улам автаад улс орноо баллаад байдаг өвчин байна. Тэр нь манайд илүү байна. Өмнөх чинь буруу байсан гэж байгаа бол чи түүнийг засах л ёстой. Засна гэж гарч ирчихээд улам муухай болгоод, хамаарлыг нэмэх гэж явж, бүх хүмүүсийн орон зай руу орвол дотроосоо ардчиллаа устгах хүч болоод хувирчихаж байгаа юм. Ийм улс төр өөрөө өвчин юм билээ. Хулгай хийх гэж орж ирсэн хүн бол хулгай л хийнэ. Өмнөхөө хулгайч гэж харсан хүн бол түүнээс илүү хулгайч болдог юм байна даа гэж харж байгаа. Түүндээ үлгэр зохиочихвол түүндээ итгээд явчихдаг юм билээ. Өөрийнхөө үлгэрийг амьдралдаа хэрэгжүүлэх гэж явж байгаа мэтээр улсаа хорлодог болохыг амьдрал дээрээ харж байна даа.
-Манайд үзэл санаа хуваагдах, түүнийг дагаад нийгмийн хэлэлцүүлэг зөв болж явахад маш их цаг хугацаа орохоор харагдаж байна-
Манайд үзэл санаа хуваагдах, түүнийг дагаад нийгмийн хэлэлцүүлэг зөв болж явахад маш их цаг хугацаа орохоор харагдаж байна. Үүнээс гадна бидний хүрээлэл. Хоёр том хөршийн дундаас гарахын тулд Хятадтай, Оростой хил залгадаг өөр нэг улс орныг авч үзвэл, тэр орноос хоёр дахин хүч зарцуулж байж улс орноо эрүүлжүүлэх байх. Жирийн нөхцөлд байгаа улс бол Монгол биш. Улс төр, гео газарзүйн утгаараа Монголчуудад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, ирж буй ачаа бол хэд дахин хүнд ачаа л даа. Үүнийг ойлгож мэдрэхийн тулд өөрсдөө л дотор нь явах хэрэгтэй. Тухайн өдрийн шалбааг дундуур өөрөө л гарахгүй бол шавар шалбаагны тухай ойлголтыг бүрэн биеэрээ мэдэрч чадахгүй.
-АИХ-д нэр дэвшүүлье гэхэд нулимс гараад "Би тэр ордон руу чинь ормооргүй байна. Энд хүмүүс дунд баймаар байна" гэдэг сэтгэхүйтэй улс төр рүү орж байсан-
Улс төрд эхэлж орж ирж байгаа зорилго хамгийн чухал юм билээ. 1989 оны сүүлээр Ардчилсан холбоог байгуулаад жагсаж цуглаан гэж гарч ирж байхад дарга цэрэг болно, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болно, тэр сайд болно гэж зүүдэнд ч орж байгаагүй. Чиний нэрийг АИХ-д нэр дэвшүүлье гэж байхад нулимс гараад "Би тэр ордон руу чинь ормооргүй байна. Би зүгээр л хүмүүс дунд баймаар байна" гэдэг сэтгэхүйтэй улс төр рүү орж байсан. Өөрчлөхийн тулд өөрсдөө орохоос өөр аргагүй тулгалтад орж байсан.
-Намайг хүмүүс засаг огцруулсан гэж яриад байдаг. Үнэн хэрэгтээ би Засгийн газар огцрохын эсрэг байдаг. Ерөнхий сайд огцроход би дургүй-
Би бүх үедээ нэг байр суурийг хатуу барьдаг байсан. Өөрөө Ерөнхий сайд хийж байгаад хоёр удаа огцорчихсон хүний хувьд миний хатуу авсан үнэмшил бол. Хэзээ ч Ерөнхий сайдыг огцруулах хэрэггүй юм байна. Монгол бол Засгийн газрыг огцруулах тийм үйл ажиллагаа хийх улс биш юм байна. Дөрвөн жил харин шахаж ажиллуулаад буруу зөвийг нь мөрдөж, мөшгиж, тогтоодох улсууд нь тогтоох нь зөв юм билээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцрох гэж байхад намайг огцруулчихсан гэж бодоод. Хүмүүс ч намайг огцруулчихсан гэж яриад байхаар үнэн юм шиг мэдээлэл иргэдэд оччихсон байдаг юм. Яг тэр огцрох гэж байхынх нь өмнө би УИХ дээр хүртэл орж Засгийн газраас огцруулж болохгүй шүү гэж үг хэлж байсан. Хэвлэлийнхэнтэй уулзаж байхдаа хүртэл засаг огцрох бол муу зүйл шүү гэж хэлж байсан. Би засаг огцроход дургүй. Харин нөгөө нам, янз бүрийн нөхдүүд алдаатай хүн байна гэж шүүмжилж байгаа бол тэрийг нь засч, залруулаад явъя гэдэг байсан. Засаг огцруулаад дахиад шинэ юм гаргаж ирнэ гэдэг бол буруу шүү гэдэг үгийг хэлж байсан. Хүмүүс чинь нэг сонсох гэсэн юм аа сонсоно гэдэг шиг нийгэм тренд болсон сонсохыг хүссэн юмандаа л итгээд явчихдаг юм билээ. Ерөнхий сайд хийгээд миний авсан сургамж бол засаг огцруулах дэмий л гэдэг сургамжийг авсан. Монголд сайн, муу янз бүрийн Ерөнхий сайд гарах байх. Гэхдээ дөрвөн жилийн дараа сонгуулиар дүнг нь ард түмэн тавьдаг байх хэрэгтэй. Тэр хүн нь хууль зөрчсөн байдаг бол шүүхээрээ явдаг байх зөв.