Өнөөдрийн байдлаар дээд боловсролын түвшинд 145 мянган оюутан суралцдаг. Үүний 414 нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагч. Эдгээр оюутнууд энгийн хүүхдүүдтэй хамт суралцаж, боловсрол эзэмшдэг хэдий ч бусад хүүхдүүдтэй адил үйлчилгээг авч чаддаггүй. Тухайлбал, тэд бусдын адил компьютер ашиглаж, бусадтай адил номын санг ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл , МУИС хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдадаа зориулсан тусгай өрөөг номын сан болгон тохижуулж, өнөөдөр үүд хаалгаа нээсэн байна. Тус сургууль нийт 26 мянга гаруй оюутантай. Тэдний 109 нь хөгжлийн бэрхшээлтэй. Тэдгээр хүүхдүүд өнөөдрөөс эхлэн бусадтайгаа адилхан компьютер ашиглаж, хүссэн номоо унших боломжтой болсон байна.
"МОНГОЛ ДУУ ХООЛОЙГООР ЯРЬДАГ ПРОГРАММУУДЫГ БҮХ КОМПЬЮТЕРҮҮД ДЭЭР СУУЛГАСАН"
Бид МУИС-ын оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэгээс номын сангийн талаар тодруулахад, "Энэ хичээлийн МУИС-д нийт 109 хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурч байна. Энэ нь нийт оюутны 0.5 хувийг эзэлж байгаа. Хэдийгээр бага хувийг эзэлж байгаа ч тэгш хүртээмжтэй боловсролыг хүргэх зорилтынхоо хүрээнд энэ ажлыг эхлүүлсэн. Ярьдаг, сонсдог номын сан гэхээр зөвхөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан гэж ойлгогдож магадгүй. Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан номын сангуудын түгээмэл хэрэглэгддэг нэршил учраас ингэж нэрлэсэн. Техник хэрэгсэл, программ хангамжийн асуудлыг бүгдийг нь шийдсэн. Тухайлбал, монгол дуу хоолойгоор ярьдаг программуудыг бүх компьютерүүд дээр суулгаж, оюутнуудын өдөр тутмын мэдээллээ авдаг веб хуудсыг сонсох боломжтой болгосон" гэлээ.
"ЦААШИД ОЮУТНУУД СУРАХ БИЧГҮҮД БОЛОН ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛАА СОНСДОГ БОЛОХОД ТҮЛХЭЦ ӨГӨХ МАШ ТОМ СУУРЬ БААЗ БОЛЛОО"
Харин МУИС-ын зөвлөх мэргэжилтэн Б.Оюунтөгс, "Хөгжлийн бэрхшээлийн нөхөн сэргээлтийн зөвлөхийн мэргэжлийн магистраа АНУ-д тэтгэлгээр төгсөж ирээд МУИС-тай хамтраад хөгжлийн бэрхшээлтэй оюутнууддаа боловсролыг яаж хүртээмжтэй хүргэх вэ гэдэг агуулгаар цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, зөвлөх үйлчилгээг үзүүлж эхэлсэн. 2019 оноос эхлүүлсэн том ажил өнөөдөр бодит болж, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэхэд том ахиц гарч байна. Цаашлаад оюутнууд сурах бичгүүд болон шалгалтын материалаа сонсдог болоход түлхэц өгөх маш том суурь бааз болж байна гэж ойлгож болно" гэв.
"ЭНГИЙН ОЮУТНУУДТАЙ ИЖИЛ ТҮВШИНД СУРЧ БОЛОВСРОХ БОЛОМЖ ОЛГОСОН"
Тус сургуулийн Хууль зүйн сургуульд жүжигчин Ж.Баясгалан суралцдаг. Тэрбээр, "Би эрхзүйн ангийн гуравдугаар курсийн оюутан. Гэмтсэнээсээ хойш долоон жилийн хугацаанд сургуульд суралцах сонирхолтой байсан. Харамсалтай нь тэргэнцэртэй иргэн сургууль руугаа яаж орох, анги танхимдаа хэрхэн хүрэх вэ гээд олон асуудал тулгардаг байсан. Харин МУИС энэ бүх асуудлыг шийдсэн учраас би суралцах шийдвэр гаргасан. Зөвхөн өнөөдрийн энэ номын сангаар хязгаарлахгүй. Тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох боломжтой тусгай ариун цэврийн өрөөг хүртэл тохижуулж өгсөн. Энэ нь энгийн оюутнуудтай ижил түвшинд сурч боловсрох боломжийг олгосон. Өнөөдөр нээлтээ хийж байгаа "Ярьдаг, сонсдог" номын сангийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад маш том боломжийг олгож байгаад баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Бусад оюутнууд ч мөн адил сэтгэл өндөр байгаа нь номын сандаа зочилж, бүх зүйлийг сониучирхан харж, мөн чин сэтгэлээсээ баярлаж байгаагаас нь тодхон харагдаж байв. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 145 мянган оюутан дээд боловсрол эзэмшихээр улсын болон хувийн их, дээд сургуулиудад суралцдаг. Эдгээрийн 109 нь МУИС-д суралцдаг. Бусад оюутнуудад бүгдэд ийм боломж нээлттэй байдаг бол дээд боловсрол эзэмшихээр суралцах хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын тоо нэмэгдэж, амьдралын чанар нь дээшлэх боломжтой юм.