"Завтай болохоороо, мөнгөтэй болохоороо аль эсвэл сэтгэл зүйгээрээ бэлэн болсон үедээ л аялалд гарна даа" гэж бодож суугаа юм биш биз. Эсвэл аль нэг үлгэрт гардаг нууцлаг шидтэн гарч ирээд ширээн дээр тань хөглөрсөн ажлын цааснуудыг хаашаа ч юм алга болгоод нүдээ аних зуурт өөр нэгэн улсад авааччих юм шигээр "мөрөөдөж" суугаа юм биш биз. Хэрэв энэ үнэн бол бодолтойгоо, төсөөлөлтэйгээ мөнхрөхөөсөө өмнө цүнхээ баглаад, зориг гаргаад хамтдаа "аялалд гарцгаая". Харин маршрутаа гаргаж амжаагүй бол энэхүү нийтлэлд маань багахан цаг гаргаарай. Учир нь нэг сумаар хоёр магадгүй түүнээс ч олон туулай "буудах" боломжийг би танд санал болгох гэж байна.
-ХААЧИХ ГЭЖ БАЙНА ВЭ-
БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй Сөүл-Канвон чиглэлийн таван өдрийн танилцах аялалынхаа "амт"-ыг мэдрэхээсээ урьтаад нэгэн нууцыг задалья. Магадгүй та спортод дуртай, хайртай нэгэн бол спортын уралдаан тэмцээнийг алгасдаггүй гэж найдья. Харин дэлгэцээр үзэх, биеэрээ очиж үзэхийн ялгаа хэр бол. Эх орныхоо баг тамирчдын тоглолтуудыг дэргэдээс нь үзэж, ялалт ялагдлын мөчид цугтаа байх мэдрэмжийг илэрхийлэх гэвэл сэтгүүлч миний үг дутах нь мэдээж. Тэгвэл нийтлэлийн эхэнд яагаад "Нэг сумаар хоёр туулай буудах боломж" гэж тодотгосноо энд тайлбарлая.
Ирэх оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд БНСУ-ын Канвон мужид болох "Канвон 2024" залуучуудын өвлийн олимпын талаар сонссон нь лавтай. Тус наадам зохион байгуулагдаж буй Канвон мужийг нэг үгээр илэрхийлье гэвэл далай хэмээн хэлж болно. Далай харахыг хүссэн хэн ч болов энд зорьж ирдэг. Түүгээр ч үл барам харахад л сүрдмээр байгалийн өвөрмөц тогтоц басхүү хажуунаас нь харахад л хүндлэм ажилч хичээнгүй иргэдийн дүр зургийг харж болох аж. Яг үүнийг нь л харахаар мянга мянган жуулчдаас гадна Солонгос хүмүүс өөрсдөө ч цаг зав гарган ирдэг. Тэгвэл Канвон 2024 наадмыг очиж үзвэл бид ямар аялалын маршрутыг гаргаж өөрсдийгөө хөгжөөх боломжтой вэ гэдгийг сонирхьё.
-КАНВОН ХҮРЭХ ЗАМД-
Сөүлд газардсан бол та Канвонд ирэхэд хамгийн ихдээ хоёр цагийн л хугацаа зарцуулна. Шинэхэн эхлүүлсэн аялалдаа яарсан нэгэнд энэ хугацаа хоёр цаг ч биш магадгүй 20 минут шиг л өнгөрөх нь лав. Яг одоо энэ мэдрэмжинд би гэлтгүй аяллын багийнхан маань дийлдэж, нүдэнд сонирхолтой үзэгдсэн бүхнээ зураг болгон үлдээж явна. Яг л аясаараа алхаж, ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хичээнгүй ард түмний аж байдлыг харсаар зорьсон газартаа дөхөх нь бүр ч таалагдаж байна.
Яагаад шууд гэгч нь аяллын газруудаа бичихгүй байна вэ гэж та гайхаж магадгүй юм. Түүнээс урьтаад Канвон хүрэх замдаа мэдэрсэн мэдрэмжээ хуваалцалгүй өнгөрүүлж болохгүй гэж бодсон минь энэ. Уртаас урт үргэлжлэх тариалангийн талбай, манан буусан битүү модод л харагдах уулс, аяллын замд ихэнхдээ таарах тунелууд гээд л. Канвон надад их л амар тайван газар мэт сэтгэгдлийг очихоосоо өмнө ч мэдрүүлж явна.
-ДӨРВӨН ӨӨР БАЙГАЛИЙН ЗУРАГЛАЛ НЭГ ДОР-СЕОРОКСАН УУЛЫН БЭЛД-
Газар нутгийн хэмжээгээрээ улсдаа хоёрдугаарт ордог Канвон аймагт ирлээ. Та нэг дор байгалийг дөрвөн "нүдээр" харахыг хүсвэл Сеороксан уулын дүүжин цахилгаан шатанд суугаад үзээрэй гэж зөвлөе. Далайн түвшнээс дээш 1708 метрт оршдог тус уулын бэлд очиж цахилгаан дүүжин шатанд суухын тулд багахан алхана. Гэхдээ хэт хол мэтээр бүү төсөөлөөрэй.
Сораг уулын цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж, амттай кофе ууж ууланд амьдардаг гэгддэг бяцхан баавгайн хөшөөг сонирхож байх зуурт л хүрчихэнэ. Харин дүүжин цахилгаан шатанд сууж орхивол хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн намуухан дуу үргэлжилнэ. Дотор бүгд л чимээгүй. Тэд байгалийн сайхныг нүдэндээ буулгаж, чимээгүй гэгч нь ажиглах аж. Гэхдээ ганцаараа биш олуулаа. Бас намуухан дуутай хамт.
Нэг дор 70 хүн суух боломжтой тус cable car нь 700 метр орчим зайд үргэлжилж уулын бэлд орших кофе шоп худалдааны хэсэгт биднийг аваачина. Харин бид цаашид нарийн модон шатаар цувж алхсаар зорьсон газартаа хүрнэ. Харин зорин очих газар маань тун сонирхолтой. Дөрвөн тийшээ харахад дөрвөн өөр байгалийн тогтоц. Манан буусан уулс, хад асгад, моддоор чиглүүлсэн мэт харагдах зам гээд л. Бүгд нэг дор. Та зүгээ өөрчлөн зогсоод л эргэн тойрноо ширтвэл өөр өөр байгалийн тогтцыг харж болно. Орой хэсэгт нь ийн гарахад зураг авхуулах гэж яарах аль эсвэл зүгээр л нам гүм орчинг харж юу ч юм бодох хүмүүс ч их байлаа.
Байгалиас ийн тайвшрал авсныхаа дараа өнөө бэлд байсан кофе шопт хэсэг саатаж өөрийгөө амттанаар дайлж болно. Хамгийн гол нь жилийн дөрвөн улиралд ажилладаг энэ газрыг аяллын маршрутдаа оруулбал таны урмыг хугалахгүй. Хөтөчийн хэлснээр сакура цэцэг дэлбээлдэг мод ихтэй учраас намар ирэхэд байгалийн үзэмжийг харахад тохиромжтой гэсэн шүү.
-ХАЛУУН РАШААНД АЛЖААЛАА ТАЙЛАХ НЬ-
Дараагийн маршрут бидний алжаалыг тайлна. Юу вэ гэж та гайхаж магадгүй. Бид яг одоо The N resort халуун рашааны усан сан, сувилалд ирээд байна. Хувийн кабин, нарны дэвсгэр, кемпийн кабин зэрэг олон төрлийн үйл ажиллагаа гаднаа явуулдаг. Мөн хүлээн авалтын танхим, хооллох газартай бөгөөд хоол идэж байхдаа амарч болох ресторан, кафе, амралтын өрөөтэй юм билээ.
823 метрийн гүнээс 37.1 хэмийн бага зэргийн шүлтлэг рашааны усыг татан гаргасан байгалийн эрдсээр баялаг халуун рашаанд алжаалаа тайлж болно. Энд гэр бүлээрээ ирэх нь түгээмэл болохыг үйлчлүүлэгчдээс нь харж болно. Ой дөнгөж хүрсэн болов уу гэмээр динозаврын усны хувцастай эрхэм өнөөдрийн хамгийн бяцхан үйлчлүүлэгч байв. Усан сангийн хэсэгт том гэгч нь дэлгэцээр дуу явж, үйлчлүүлэгчдийг хөгжөөнө. Өдрийн алжаалаа тайлаад авья гэвэл үүгээр ороод гарахад гэмгүй.
-АРМИ НАР: RM төрсөн өдрийн мэнд-
Аяллын сонирхолтой хэсгүүдэд нүд баясаж явсаар нэг л мэдэхэд нар жаргах дөхжээ. Буудаллах газар хүртлээ яаж зүгээр байх билээ. Далай эргээр алхангаа к поп урсгалыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэхэд хамгийн том ролийг гүйцэтгэж буй BTS хамтлагийн Butter дууны зураг авалт хийгдсэн автобусны буудалд ирэв. Биднийг очихын өмнөхөн хамтлагийн ахлагч RM-н төрсөн өдөр болсон тул сонсогч фенүүд нь иржээ. Түүний зургийг хэвлэсэн плакатыг өлгөн сэтгэгдлүүдээ илэрхийлж чин үнэнч фенийн хувиар төрсөн өдрийн мэнд хүргэсэн байх аж.
Арми /BTS хамтлагийн фенүүдийн нэршил/ нарын шүтээнүүддээ хэрхэн хандаж, нандигнадаг болохыг Солонгосын хаана ч явсан мэдэрч болох юм билээ. Хамгийн энгийн жишээ л гэхэд энэхүү автобусны буудал аж.
-Ийм үзэсгэлэнтэй гэж үү, далай-
Бас нэг завшаан. Хүмүүсийн далай харахыг хүсвэл очдог газарт нь Канвон 2024 зохион байгуулагдах учраас зорьж олимп үзэнгээ далай харах боломж үүсэж байна. Яагаад далай бичилгүй удчихав гэж үү. Дэргэд нь очиж суугаад нэг сайн харвал илүү мэдрэмж төрөх болов уу гэж бодсон болохоор тэр. Харин яг одоо бичиж чадахаар байна. Нар жаргаж тэнгэрийн хаяа улаан болж. Энэ зураглалтай цэнхэр далайн зураглал дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байна. Давлагаа нь миний, бидний бодсоноос ч хүчтэй. Чимээ нь сүрдмээр. Гэхдээ энэ бүгд хоорондоо зохицож байгаа нь гайхамшигтай. Урьд бодож байсан ч биеэр оччихоод ийн харж суухад аялалд гарсандаа талархах аж.
-ХООЛОНД ҮГ ИЛҮҮЦ-
Өдөржингөө аялалд яваад хоол унд иддэггүй юм уу гэж бүү гайхаарай. Үзсэн газрынхаа сонинг бичихээр яаравчилсан нь тэр. Угаас Солонгос улс хоолны соёлоороо гайхагддаг улс. Тийм байхад яаж түүнийг өнгөрөөх билээ. Далайн эрэг дагуу гэдэг утгаараа далайн гаралтай хоолноос гадна бидний сайн мэдэх самгёбсал, булгуги зэргийг ч идэж болно. Харин хоолны соёлыг зургаар харуулахыг илүүд үзлээ. Үгнээс илүү зураг танд илүү сэтгэгдэл төрүүлэх биз ээ.
Аялалд нууц байх нь чухал бололтой. Тэр нь аяллыг маань илүү сонирхолтой болгодог мэт санагдаж байна. Ямартай ч аялал маань дуусаагүй гэдгийг хэлье. Дараагийн маань танд санал болгохоор төлөвлөсөн газар таны анхаарлыг эрхгүй татна гэдэг баталгаа өгч чадах байна. Харин түүнийг дараагийн нийтлэл хүртэл нууц болгон үлдээе.
Аялалыг гэрэл зураггүйгээр яаж төсөөлж болох билээ. Уншигч танд нийтлэлд буугаагүй бүхэн дараах зургаар мэдрэгдэх болов уу.