Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Мөнгөндалай: Би сонсголын бэрхшээлтэй уулчин хэдий ч ЭВЕРЕСТ-д гарахыг чин сэтгэлээсээ хүсэж байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
5 минут 43 секунд

Хүн бүр өөр өөрийн гэсэн онцгой чадвартай. Зарим нь зураг дарах мэдрэмжтэй байхад зарим нь зураг зурах авьяастай байдаг. Энэ авьяас чадвар ямар ч хүнийг голдоггүй. Тийм ч учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгмийн идэвх зүтгэлтэй болж, бусдадаа үлгэр дуурайлал үзүүлэх нь их болжээ. Тэдний нэг бол аюултай спортоор хичээллэдэг ч түүнээсээ аз жаргал мэдэрдэг уулчин, аялагч, зурагчин Ч.Мөнгөндалай юм. Тиймээс Ubn.mn сайт түүнийг энэ удаагийн ярилцлагынхаа зочноор урьж, хэсэг хором ярилцлаа.

-Юуны түрүүнд та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ч.Мөнгөндалай гэдэг. Би аялагч, уулчин, зурагчин, дугуйчин хүн. Гэхдээ би сонсголын бэрхшээлтэй иргэн.

-Таны хувьд фэйсбүүкээр дамжуулан өөрийнхөө тухай ялангуяа гэрэл зурагчин гэдгээ илэрхийлсэн байсан шүү дээ. Ер нь хэзээнээс эхлэн гэрэл зураг сонирхох болов?

-2013 оноос эхэлж фото зурагчнаар ажилласан. Одоо 10 жил болж байна.

-Яагаад заавал гэрэл зургийг сонгосон юм бэ?

-Миний хувьд сонсголын бэрхшээлтэй Монголын хамгийн анхны гэрэл зурагчин гэж хэлж болно. Гэрэл зураг бол маш их сонирхолтой зүйл. Тийм ч учраас би ямар нэг хүнээр, багшаар гэрэл зураг авах хичээл заалгаж байгаагүй.

Харин өөрөө эрж хайж, фэйсбүүкээс харж суралцаж байсан. Ихэвчлэн хөрөг зураг болон уран сайхны зураг дардаг. Мөн мэргэжлийн ах, эгч нартайгаа зөвлөлдөж ярилцдаг. Гэрэл зураг бол яах аргагүй миний амьдрал.

-Зураг дарахын хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

-Эмэгтэй хүн, бүсгүй хүний зургийг дарах маш сайхан байдаг. Тэр ч утгаараа миний захиалганд ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Салбар салбарын эмэгтэйчүүд надад захиалга өгдөг. Маш их ачаалалтай ажилладаг.

-Та мөрөөдлөө бидэнтэй хуваалцаж болох уу?

-Миний мөрөөдөл бол Эверестэд авирах. Энэ бол магадгүй бүх уулчдын мөрөөдөл гэхэд буруудахгүй байх. Бас би Монголын анхдагч сонсголгүй уулчин. Гадаадад хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа олон сонсголгүй уулчид байдаг бол миний хувьд тэдний л адил уулчин хүн.

-Таны хувьд анхдагч сонсголын бэрхшээлтэй уулчин гэлээ. Магадгүй таныг даган дуурайдаг, хамт ууланд аврихыг хүсдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд цөөнгүй байдаг байх?

-Байлгүй яах вэ. Гэхдээ хамтдаа ууланд авиръя гэхээр санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулдаг. Энэ л жаахан хэцүү санагддаг юм.

Харин амралтын өдрүүдэд найзуудтайгаа хамт Богд ууланд гардаг. Учир нь ууланд алхах нь эрүүл мэндэд маш тустай. Тиймээс л би ууланд алхах, ууланд авирах дуртай.

-Одоогоор авирсан байгаа хамгийн том уул нь ямар уул байна вэ?

-Ер нь Монголдоо томоохонд тооцогддог бүхий л ууланд авирч үзсэн. Бас гадаад, дотоодоор аялаж, хэд хэдэн ууланд авирсан. Тухайлбал, ОХУ-д байдаг маш өндөр уул, Африкийн Килиманжаро зэрэг ууланд авиралт хийсэн.

-Ууланд авирах нь аюултай биш үү?

-Мэдээж аюултай байлгүй яах вэ. Тэр чинээгээрээ олон бэрхшээлийг даван туулдаг. Бас туулсаар ч байх болно.

-Таныг төр засгаас хэр их дэмжиж байна?

-Төр засгаас дэмждэггүй гэж хэлж болно. Энэ бол маш чухал асуудал. Учир нь төр засгаас энгийн иргэдээ дэмжих нь илүү байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжихгүй байна шүү дээ. Гавьяа шагналын хувьд ч тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ төдийлөн олгоод байдаггүй.

Гэхдээ ковидын өмнөхөн нэг удаа төрөөс санхүүжилт аваад явж байсан ч коронагийн улмаас аялал маань зогссон юм.

-Одоо таны хамгийн их хүсэж буй зүйл тань юу вэ?

-Эверестэд аялах 40 мянган ам.долларын санхүүжилт хамгийн их хэрэгтэй байгаа. Энэ бол маш өндөр зардал учраас олоход их хэцүү. Мэдээж энэ мөнгөөр хувцас болон техник хэрэгслүүдээ авна. Хэрэв санхүүжилтээ бүрэн олчихвол Эверестэд гарахыг маш их хүсэж байна.

-Таны амьдралдаа хамгийн их бодож, эргэцүүлж явдаг зүйл?

-Миний хувьд аав, ээжгүй өнчин. Энэ хорвоог ганцаараа туулж байгаа. Гэхдээ би бүх бэрхшээлийг даван туулж, өөрөө өөртөө итгэлтэй байхыг хүсэж байна.

-Таны хувьд зураг дарах нь хамгийн чухал уу эсхүл ууланд авирах, аялах нь чухал уу?

-Бүгд л миний амьдрал. Тиймээс зургаа ч авна, ууландаа ч авирна. Учир нь би ууланд авирч байж энэхүү аппаратаа авсан. Тийм ч учраас бүгдийг нь орхигдуулахгүй хослуулж амьдрахыг хичээх болно.

-Ярилцсанд баярлалаа.

Улаанбаатарт 14 хэмийн дулаан, бороотой
Улаанбаатарт 14 хэмийн дулаан, бороотой
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.