Нарлаг зун дуусаж намар хаяанд иржээ. Хүүхдийн инээд цалгисан их өргөөнд эзэд нь ирж хичээлийн шинэ жилийн нээлтдээ оролцоно. Шинэхэн авсан цүнхээ үүрээд цэвэрхэн сайхан формоо өмсөөд үеийн найзуудтайгаа уулзана гэхээс сэтгэл догдолдогсон.
2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлджээ. Зах зээлийн хуулийн дагуу хичээлийн шинэ жил эхлэх цагаар хичээлийн хэрэгслийн үнэ өсдөг нь нууц биш. Тиймдээ ч эцэг эхчүүд наймдугаар сар гармагц хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгэлийг бэлтгэж эхэлдэг. Тэгвэл UBN.MN сайтын сурвалжлах баг хичээлийн хэрэгслийн үнэ ханшыг сурвалжлахаар Улсын Их Дэлгүүрийн өмнөх талбайд байрлах хичээлийн хэрэгсэлийн өргөтгөсөн худалдааг зорилоо.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа ар араасаа зохион байгуулагдаж байна. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг аль хэдийн бэлдээд эхэлжээ.
Биднийг үзэсгэлэн худалдаан дээр очиход худалдан авагч цөөн байгаа нь харагдлаа. Ганц нэг эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан хичээлийн хэрэгслийн үнэ асууж, худалдан авалт хийсээр завгүй явцгаах аж. “Юу сонирхож байна асуугаарай, манайх үйлдвэрийн үнээр зарж байгаа шүү” гэж худалдаачид найрсгаар хэлнэ. Хаа нэгтээ “Энэ цүнх хэд вэ, доошоо ярих уу” гэх сэргэлэн үйлчлүүлэгчийн яриа ч үе үе сонстоно.
Хичээлийн хэрэгслийн үнэ дундажаар 200-300 төгрөгөөр нэмэгдсэн
Бид нэгэн худалдаачнаас хичээлийн хэрэгслийн үнэ болоод худалдан авалтын талаар тодруулахад,
“Манайх Япон болон Хятадын №1 брэнд дэлгүүрүүдээс хичээлийн хэрэгслээ худалдан авдаг. Тиймээс бусадтайгаа харьцуулахад чанартай, дээр нь 300-500 төгрөгөөр илүү үнэтэй байгаа юм. Өнгөрсөн жилийг бодвол одоогоор худалдан авалт муу, иргэдийн худалдан авах чадвар эрс багассан нь анзаарагдаж байна. Жил бүрийн наймдугаар сарын 25-наас хойш худалдан авалт ихэсдэг.
Мөн дээр нь өдөр ирэх тусам доллар, юанийн ханш нэмэгдэж байгаа учраас тээврийн зардал ч мөн хоёроос гурав дахин нэмэгдсэн. Тиймээс хичээлийн хэрэгслийн үнэ ч мөн адил үүнийгээ дагаад нэмэгдэж байгаа” гэв.
Харин өөр нэгэн худалдаачин,
“Энэ жил эцэг эхчүүд харьцангуй эрт хичээлийн хэрэгслээ бэлдэж байна. Тиймдээ ч худалдан авалт сайн байна гэж харж байна. Мэдээж хичээлийн хэрэгслийн үнэ өссөн. Тухайлбал, “Улаанбаатар принт”-ийн 12 хуудастай дэвтэрний үйлдвэрийн үнэ 320 төгрөг, 24 хуудастай дэвтэр нь 590 төгрөг байсан бол энэ жил тодорхой хэмжээгээр нэмэгдсэ байна лээ. Тиймээс яах аргагүй хичээлийн хэрэгслийн үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Тиймээс нэг, хоёрдугаар ангийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл 100-150 мянган төгрөгөнд багтаж байна” гэлээ.
Манайхан хэзээнээс л цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдарч байна гэж ярьдагсан. Яг үүнтэй адил үнэхээр бид өрнөөс өрний хооронд амьдарч байгаа нь нуух аргагүй үнэн. Тиймдээ ч олон хүүхэдтэй эцэг эхчүүд гэлтгүй ганц хүүхэдтэй ээж, аавуудад ч хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэх нь томоохон хүндрэл болдог.
Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэлд 200-350 мянган төгрөг зарцуулсан
Бид үзэсгэлэнд худалдаанаас худалдан авалт хийж буй эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцахад,
Иргэн, “Энэ жил хоёр хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэж байгаа. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгэхэд 300-500 мянган төгрөг зарцуулсан. Өмнөх жилийнхтэй харьцуулахад бага зэрэг үнэ өссөн байсан” хэмээв.
Харин өөр нэгэн иргэн,
“Хичээлийн хэрэгслүүдийн үнэ нэмэгдсэн ч өөрсдийнхөө хүүхдийн төлөө болохоор хүндрэлтэй байдаггүй. Эцэг эхийн хувьд хийх ёстой зүйлээ хийгээд явж байна даа. Наймдугаар сарын 20-оос хойш хичээлийн хэрэгслийн үнэ илүү нэмдэг болохоор үүнээс урьтаж бэлдсэн. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэлд 200-350 мянган төгрөг зарцуулсан” гэсэн юм.
Тэгвэл, Улсын Их Дэлгүүрийн чанх урд байрлах хичээлийн хэрэгсэлийн өргөтгөсөн худалдаан дээр худалдаалагдаж буй хичээлийн хэрэгслийн үнийн мэдээллийг хүргэж байна.
Хичээлийн хэрэгслийн дундаж үнэ:
- Бал- 600-6500 төгрөг
- Харандаа- 600-3500 төгрөг
- Үзүүрлэгч- 800-3500 төгрөг
- Баллуур- 1000- 4000 төгрөг
- Хайч- 2500- 4500 төгрөг
- Цавуу- 800-2500 төгрөг
- Өнгийн будаг- 6000-20000 төгрөг
- Өнгийн цаас- 2000-4000 төгрөг
- Зургийн дэвтэр- 1200-4000 төгрөг
- Тодруулагч- 2000-10000 төгрөг
- Шугам- 800-6500 төгрөг
- Гортиг- 6500-13000 төгрөг
- Фломастер- 8500-15000 төгрөг
- Цүнх- 45000-240000 төгрөг
Дэвтэр: Улаанбаатар принт
- 12 хуудастай- 420 төгрөг
- 24 хуудастай- 770 төгрөг
- 36 хуудастай- 980 төгрөг
- 48 хуудастай- 1280 төгрөг
- 60 хуудастай- 1620 төгрөг
- 96 хуудастай- 2580 төгрөг
- Дасгал ажил /1,2,3,4/- 1600 төгрөг
- Монгол бичиг /24 хуудастай/- 1000 төгрөг
- Ханзны дэвтэр /24, 36 хуудастай/- 1500, 3000 төгрөг
- Нотны дэвтэр /12 хуудастай/- 600 төгрөг
- Оюутан дэвтэр- 3000, 3500
Бид энэхүү сурвалжилгаараа хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаанд худалдаалагдаж буй бараа, бүтээгдэхүүний үнэ болон худалдан авалт хэр байгаа мөн нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд хичнээн төгрөг зарцуулагдаж байгаа талаар сурвалжиллаа. Өөрөөр хэлбэл, Цүнхний үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад эрс нэмэгдсэн бол дэвтэрний үнэ 200-300 төгрөг нэмэгдсэн байна. Харин эцэг эхчүүд 200-500 мянган төгрөгөөр нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэх төлөвтэй байлаа.
Х.Түмэнжаргал
Г.Маргад-Эрдэнэ